Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн өмнөх өдөр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт “цочир бэлэг” барина

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг энэ сарын 25-нд суллах гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж экс Н.Энхбаярт уучлал үзүүлэхээр шийдсэн бөгөөд энэ мэдээлэл улс төрийн хүрээнийхэний дунд “түймэр” мэт газар аваад байгаа аж. “Мөнхийн эрх ашиг гэж байхаас биш мөнхийн дайсан гэж байхгүй” гэх алтан дүрмээр улстөрчид тоглодог. Тэд зорьсондоо хүрэхийн тулд хэнтэй ч юу ч наймалцахаас буцахгүй. Энэ хаврын улс төрийн гол тоглолтын хүрээнд ч олон наймаа явагдсан. Үүний нэг нь үе үеийн Төрийн тэргүүн нарын нууц гэрээ. Н.Удвалыг урдаа барьж, МАН-ын эсрэг хана болгож зогсоосон нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын талд үйлчилнэ гэх утга төгөлдөр өгүүлбэр байлаа. Энэ үеэс л хоёр Э-гийн далд тохироо ил болох эхлэл тавигдсан юм. Үнэндээ ч Н.Энхбаярын амь нас ардчилсан Ерөнхийлөгчийн гарт буй. Утсан чинээ улаан амийг нь атгаж байгаа тэр эрх мэдэлтний эцсийн зорилго нь өрсөлдөгчөө ямар ч хамаагүй үнээр ялах. Хэрэв Н.Удвал нэрээ татсан бол тохироо будаа болсныг гэрчлэх байв. Гэвч улаан туузтайгаа урдуур алхсан нь наймаа амжилттай хийгдсэнийг бататгах нь тэр. Гэрээний заалт мэдээж тун энгийн. Их сунгаагаар МАН, МАХН-ын санал хуваагдаж, буруу суган доогуур нь ардчилсан Ерөнхийлөгч аваргыг далаар нь тавина. Энэ ялалтад хүрэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн экс Ерөнхийлөгчид уучлал үзүүлж, өршөөн хэтрүүлнэ. Өнөөдрийг хүртэл хэлэлцээр тун амжилттай хэрэгжиж буй.

Ганц Н.Энхбаяртай ч тохиролцоод байгаа ч юм биш. Тэр парламентад суудалтай намуудтай наймаалцаж чадсан юм. Сөрөг хүчнийг эс тооцвол түүнд өрсөлдөгч гэж байхгүй. Албан тушаалаар амаа үдүүлж, өвөр түрийнд нь шигдсэн хувалзнууд нь ч харцаа буруулахгүй гэж ам тангараг өгчихсөн. Аль ч төрийн буянаар бялууны хэлтэрхий амталж байдаг ИЗНН энэ жагсаалтыг тэргүүлж буй. Түүний араас МҮАН, БНН нам гэхчлэн дурьдаж болно. Хэзээ мөдгүй нурж мэдэх кабинатын бүрэлдэхүүнд энэ насаар нь байлгана гээд амлачихсан бололтой юм билээ, хөөрхий. Өнөөдүүл нь ч үмэх мах зууснаа мэдэхгүй том ам гарч “АН-ыг дэмжинэ. Сонголт минь өнөөдрийг хүртэл сохор байгаагүй” гэж шоудах аж. Үнэндээ тэд өөр юу ч гэх билээ. М.Энхсайхан хүртэл хэлээ тас хазаад энэ амьдралаа зориулна гэж байхад. Уг нь мань эр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэх мессежийг эртнээс шидсэн. Гэхдээ энэ нь угшил нэгт нөхдөө айлгаж, албан тушаал авах шантааж төдий байсныг нь учир мэдэх хүмүүс хуучилдаг. Н.Энхбаяртай зүү орох зайгүй нөхөрлөж явсан тэрбээр өдгөө зангаа хувиргаж, төрөл арилжсаныг МАХН-ынхан шүүмжилдэг. Эксийн буянаар парламентын босго алхаж чадсан нөхөд нь намынхаа даргад баярын бялуунаас амсуулж чадаагүй юм. Н.Алтанхуягийг тойглож байж олж авсан ганц суудал нь асуудал үүсгэж, эцэст нь гудамжинд гарсан нэгэн. Түүндээ шаралхаж, нэр дэвшинэ гэх мэдээллийг чулуудсан аж. Хэрэв М.Энхсайхан хэлсэндээ хүрч, өрсөлдсөн бол өнөөгийн эрхмийн хувь заяа улам бүдгэрэх байлаа. Тиймээс л яаран сандран ханцуйн дотроо хуруу годолзуулав. Тэд тохиролцож чадсан. Хэдэн тэрбум төгрөгийн өртөгтэй тавдугаар цахилгаан станц барих төслийг удирдагчийн эрхийг түүний халаасанд шургуулав. Мөнгө бол эрх мэдэл. Мөнгө болоод эрх мэдлийн өмнө хүмүүн биетэн өчүүхэн нэгэн гэдэг энэ. Ингэж тэр санал хумслагчдыг худалдаж авч дөнгөсөн юм.
Харин эксийн тухайд хэлснээ хэрэгжүүлсэн тул ардчилсан нэр дэвшигч амласнаа биелүүлэх л үлдээд байна. Уг нь МАХН-ын дарга захидлаа хаяг андуурч явуулаагүй бол аль эрт суллагдчих ч байж мэдэх байсан аж. Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа тул гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Эрүүл мэндийн яаманд хандаж хүсэлтээ хүргүүлсэн билээ. Хүсэлтэд “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комиссын зүгээс ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг харгалзан үзэхийг хүсч байна” гэсэн байв. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар түүнд нааштай хариу ирүүлээгүй. Харин ардчилсан Ерөнхийлөгчид шууд хаягласан бол өдийд хилийн дээс алхчихсан байх байж. Энэ тухайгаа “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Түүний хүсэлтийг хүлээн авч, өршөөл үзүүлэх байсан” гэдгээ илэрхийлсэн юм. Улмаар энэ ярианы дараахан ардчилсан Төрийн тэргүүн сайд нарын II эмнэлэгт биеэ үзүүлэх нэрийдлээр эксийн өрөөгөөр айлчлаад гарсан гэлцдэг. Мөн наймаагаа ч хийгээд гарсан юм байх.
Юутай ч, наймаа ёсоор Н.Энхбаяр цагаадах нь. Гэхдээ ардчилсан Ерөнхийлөгч амлалтаа хүрвэл шүү дээ. Санал хураалтын маргааш гээд гэдийчихгүй л бол… Гол нь аварга нь байна уу, авгай нь байна уу, ардчилсан нь байна уу хамаагүй. Хоёр Э-гийн тохироо энэ сонгуулийн эцсийн хувь заяаг шийдэх бололтой.
www.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.