Оюутны автобусны карт ба луйварчид

Энд улс орон, эдийн засаг, сонгууль гэх мэт макро юм ярих гэсэнгүй, жижкээн микро юмны талаар ярих гэсэн юм.

Оюутнуудын нийтийн тээврээр хөнглөлттэй зорчдог шар visa/maestro карт байдаг. Энэ картыг анх сар сард нь мөнгө төлөөд тэр сардаа нийтийн тээврийн “том” автобусуудаар төлбөргүй зорчих боломжтой болдогоор гарч ирж байсан ба сүүлийн үед жилд багахан мөнгө төлөөд тэр жилдээ ийнхүү төлбөргүй зорчих боломжтой болсон юм. Энэ бол далыг талаар нэг тарааж байсанаас хавьгүй нүдээ оносон дэмжлэг гэж би хувьдаа боддог, дэмий сэлгүүцээд байхыг эс тооцвол :D

Гэвч дээрх картны талаарх худлаа дүрмийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гуйвуулж, монголчуудын гүндүүгүй, цэвэр ичимтгий байдлыг нь ашиглан оюутнуудыг байдалд оруулан, тэдний карманаас хэдэн халтар төгрөг унагахдаа тун гарамгай кондукторууд мэр сэр таарах юм. Жишээ нь 21:00 цаг өнгөрчихсөн, сургуулиууд амарчихсан гэх мэт. Тэгээд худлаа ярь, би зохих газраас нь асуусан гэхээр худлаа үнэн хэвлээд наачихсан нэг цаас харуулаад “Энийг хардаа, энэн дээр юу гэж байна?” гэхээр нь оюутнууд хөөрхий нэгжгүй болохоор дээрх утасаар нь холбогдох боломжгүй, эсвэл ичдэг юм уу бүү мэд, мөнгөө гаргаад өгчихдөг. Энэ явдал өөхшөөд газар авчихсан. Сүүлдээ аль нь зөв, аль нь буруу нь мэдэгдэхээ байж ээ. Яг үнэндээ бол зохих газарлуу нь залгаад асуухаар сургууль амрахаас үл шалтгаалан 6/30-н хүртэл, мөн 22:00 цаг хүртэл үйлчилдэг байх жишээтэй.

Өчигдөр буюу 2013-06-12-ны үдэш, Улбаанбаатарын цагаар 21:20 цагийн үед “51 Сэлх бэлх, Дарь-эх, мишээл экспо IV-p дэлгүүр” шугамын 0369 УБЧ дугаарын том оврын, цэнхэр канттай нийтийн тээврийн автобусаар зорчиж байхдаа оюутны билетээ үзүүлэхэд кондуктор нь:
- 21:00 цаг өнөгрчихсөн, мөнгөө төл! гэж байна, би 22:00 цаг гэдгийг өмнө нь МОХ-ын утасаар асууж мэдсэн байсан тул:
- 22:00 цаг шүү дээ! Би зохих газараас нь асуусан
- Тэр хамаагүй ээ, тэр үүдэн дээр байгаа бичгийг унш! Тэрэн дээр бүх юм бий гэхээр нь очоод уншиж үзлээ, зургийг нь авсанаа хавсаргав, үнэхээр 21:00 цаг гэж байна. Мөн доод талд нь лавлах утасны дугаарууд байсан ч орой болсон тул ихэнх нь авдаггүй, аз болж нэг нь авлаа, ингээд асуутал 22:00 гэж байна, энэ бичгийн тухай хэлтэл огт хамаагүй гэж байна, тэгээд эргээд кондукторлуу:
- 22:00 цаг л гэж байна шүү дээ!
- Өө яана тийм үү? Би сайн мэдэхгүйлдээ, энэ бичиг дээр л тэгээд биччихэж гэж авч байна.

Зурган дээр дарж, томруулан харна уу

Дээрх зургийг автобусны явж байхад авсан тул жоохон бүрсгэр, чанаргүй гарсан байна. Гэхдээ 22:00 цаг гэдэг нь, мөн бас нэг хөгийн юм нь маш тод харагдаж байна. Дээр үеийнх нь наалт 21:00 байсан бололтой, тэгээд шинийг нь давхарлаж наахдаа яг тэр хэсгийг нь огтолж авч байгаад, тааруулаад наачихсан мэт харагдаж байгаа биз. ЭНЭ ЛУЙВАР БИШ ГЭЖ ҮҮ? Зарим хүмүүс намайг юун сүртэй юм гэж бодож байгаа байх. Тэгвэл хэдүүлээ доор жижигхээн тоо бодож үзъе.

Кондуктор хэрвээ нэг хүн л мөнгө өгөхгүй бол маш их уурлаж, хөөдөг, учир нь яг энэ хүн шиг хүн тэр өдөр 10 удаа орж ирвэл орж ирэх байсан 4’000 төгрөг байхгүй болчихож байгаа юм. Тиймээс кондуктор 400 төгрөний төлөө боож үхчих гээд байгаа юм биш, 4’000 төгрөг л харагдаад байдаг юм байнашд. Тэгвэл эсэргээр нь, оюутнуудын халааснаас ганц удаа 400 төгрөг гарчихвал яав л гэж хүмүүс бодно. Дээрхтэй яг адил, халааснаас нь гарах ёсгүй байсан 400 төгрөг 10 оюутны халааснаас гарвал 4’000 төгрөгийн луйврыг тэр кондуктор хийж байна гэсэн үг. Энэ мэдээж 10 оюутнаар тогтохгүй шүү дээ.

Эх сурвалж: http://khaschuluu.blogspot.com/2013/06/blog-post.html?spref=fb


URL:

Сэтгэгдэл бичих