Н.Алтанхуяг: Авлигачдыг намаар нь ангилахгүй

altanhuyagЕрөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн энэ өдөр “Ерөнхий сайд 30 минут” уулзалтаа хийдэг билээ. Уламжлал ёсоор тэрээр өнөөдөр Төрийн ордонд энэхүү сэтгүүлчидтэй уулзаж сонирхсон асуултад нь ийн хариуллаа.

-УИХ дахь сөрөг хүчин болох МАН-ын зүгээс таныг Дорнод аймгийн Засаг даргыг хууль бусаар томилсон гээд байгаа. Ер нь Засаг дарга нарын асуудал юу болж байна вэ?
-Хөвсгөл аймагт өмнө нь Засаг дарга байсан Л.Цэрэнжав нь ажлаа хийж байгаа. Дорнод аймагт ч бас Ц.Жанлав дарга ажлаа хийгээд явж байгаа. Хуулиараа яах ёстой гэвэл тэд ИТХ-аараа шинээр хүн нэр дэвшүүлэх ёстой юм.

-Найман хувийн орон сууцны зээл батлагдаад байгаа. Гэтэл арилжааны банкууд зээлийн талаар тодорхой чиглэлгүй байгаа нь даваа гаригт эхлэх энэхүү зээл нь олгогдох болов уу?
-Боломжтой. Монголбанктай тайлбарлаж буйгаар бол даваа гаригаас зээл олгож болно. Нэг зүйлийг хэлэхэд ингэж зээл олгоно гэдэг амар ажил биш. Хийдэг байсан бол бүгд л хийх ёстой байсан. Найм, есөн сарын хөдөлмөрийн үр дүнд инфляци буюу үнийн өсөлтийг багасгаж байж нэг оронтой тоонд оруулсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашдаа ч гэсэн инфляциа барьж, ажиллавал зээлийн ирээдүй сайн байна. Тийм учраас Монголбанк арилжааны банкуудтай гэрээ байгуулна. Мэдээж бүх банкаар зээл олгохгүй. Шаардлага хангасан хэдэн банк  байх болно.

-Оюутолгойн анхны зэсийн баяжмалыг маргааш гаргана гэсэн ямар шалтгаанаар хойшилчихов?
-Энэ сарын 21-нд анхны баяжмалаа гаргах санал тавьсан. Хойшлуулсан шалтгаан нь ноцтой зүйл гэж бодохгүй байна. Бидний зүгээс ч Оюутолгой компанийн удирдлагуудтай уулзах, зарим зүйлийг ярилцах хэрэг байгаа.

-МАН-ынхан Засгийн газрынхэрэгжүүлж буй үйл ажиллагаа сонгуультай холбож тайлбарлаад байгаа.  Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Бид богино хугацаанд ч гэсэн багагүй ажил хийлээ. Үр дүн нь эхнээсээ харагдаж байгаа гэж ойлгож байна. Ажлаа танилцуулах нь Засгийн газрын үүрэг. Тиймээс бид хийж байгаа зүйлээ олон нийтэд хүргэх ёстой. Тууз хайчилдаг газар нь хайчилна. Ухдаг газар нь ухна. Эцэслэгдсэн ажлаа хүлээж авна. Үүнийгээ  сонгууль болж байна уу, эс болж байна уу гэдгээс хамаарахгүйгээр хийнэ. Засгийн газар өөрөө ийм субъект шүү дээ. Манай намын нэр дэвшигч өнгөтэй яваа. Өнгөрсөн дөрвөн жилд олон сайн ажлуудыг эхэлсэн. Тийм ч учраас цаашдаа төрийг тогтвортой байлгахын тулд Ц.Элбэгдорж сонгогдож, бидэнтэй хамт цааш ажлаа үргэлжлүүлэх учиртай юм.

-Шинэ төмөр замын асуудал юу болж байгаа вэ. Хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн үү?
-Шинэ төмөр замд бондын мөнгөөс 200 сая ам.доллар хуваарилсан. Хэрвээ Оюутолгойн зэсийн баяжмалыг маргааш авах байсан бол бид зүгээр тэр хол явж байснаас наашаа ирэхдээ Тавантолгой дээр бууж, төмөр замын далангийн ажил хэрхэн явж байгааг үзүүлье гэж бодсон. Далангийн ажил ид явж байгаа. Мөн тэнд Тавантолгойн цахилгаан станцын шав тавина. Тэгэхээр ирэх долоо хоногт энэ гурван ажлыг бид хийнэ.

-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10-30 хувь гэж байгаа. Тэгэхээр урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй хүмүүсийн тухайд ямар бодлого барьж байгаа вэ?
-Урьдчилгаа төлбөрийн тухайд зээлдэгч ажилтай орлоготой тогтмол орлогынх нь эх үүсвэр ямар байхаас хамаарч банк нягтлан хувиа тогтооно. Хоёрдугаарт залуус, ахмадууд гэдэг юм уу тодорхой зорилтот бүлгүүдэд энэ 10-30 хувийн урьдчилгааг яаж нааш цааш өөрчлөх талаар Засгийн газар шийдвэр гаргана. Ирэх намраас үүнийг шийдвэрлэнэ.

-
Сүүлийн үед их хэмжээний мөнгө угаасан хэрэг шуугиан тарьж байна. Саяхан МИАТ-ийн хэрэг шийдэгдлээ. МАН-ын зүгээс авлигачид АН-д бас байгаа гэж яриад байгаа.  С.Баярцогт, Г.Дэнзэн нарын асуудал мөн л яригдаж байна.  Ерөнхийлөгчийн зүгээс ажлаас нь чөлөөлж шалгуулах санал тавьсан. Үүнтэй та хэр нийцэж байна?
-Авлигачдыг намаар нь ангилахгүй ээ. Одоо Шинэчлэлийн Засгийн газар ийм бохир бүдүүлэг зүйлтэй эвлэрэхгүй. Татварын нэг байцаагч л гэхэд 17 тэрбум төгрөг аваад идчихэж байна. Тэгэхээр өнөөдрийн хэргүүд бол мөсөн уулын орой. Авлига бол намчирхдаг зүйл биш. С.Баярцогт бол ёсзүйн хувьд хариуцлага үүрэхийг өөрийн хүсэлтээр илэрхийлж, албанаасаа буусан. Мөн Г.Дэнзэн та бүхэнд асуудлыг тайлбарлаж мэдээлэл хийсэн. Мэдээлэл хангалтгүй гэж байгаа учраас тэр хүн өнөөдөр ажлаа хүлээлгэн өгсөн.

Э.Номин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.