ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-ХАР ба ЦАГААН

5fa5030b734118fbec8cca20fbd22fccМонгол орон даяар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн сурталчилгаа явагдаж байна.  Дөрвөн жил тутам монголчууд маань ийн хийрхдэг уламжлалтай.

Улс орны аливаа асуудал болон шийдвэр хүлээн шил шилээ дарах асуудлууд ч энэ өдрүүдэд “таг зогсдог” хэмнэлтэй.  Хүмүүс  зөвхөн сонгуулийн дүнг л хүлээж, үүний дараа байдал хэрхэн өөрчлөгдөхийг таамагладаг  сэтгэхүйтэй. Хүмүүсийн сэтгэлийн хэмнэл алдагдаж, хэн ялах тухай маргаанд  “даралт нь ихэсч”, бие биенээ “үзэн яддаг” заншилтай. Аяа, хэдхэн хүний сонголтоос хамааран хөгжлийн хурдац нь “савладаг” эх орон минь дээ.

Талцаа ба хийрхэл

Энэ жилийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд  УИХ-д суудалтай намуудаас гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа.
АН-аас Цахиагийн Элбэгдорж, МАН-аас Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ, МАХН-аас Нацагийн Удвал. Зарим хүмүүст энэ гурван нэр дэвшигчид бүгдээрээ “огт таалагдахгүй” байгаа хэдий ч, хуулиндаа ингээд заачихсан болохоор “Зөв харж инээж, буруу харж уйлаад ч болов” хэн нэгнийг нь сонгохоос өөр сонголт үгүй.  УИХ-д суудалтай гурван намаас нэр дэвшсэн болохоор ” намын гишүүн” ба “намын гишүүн бус”, “намын гишүүдийн хамаатан садан”, ” намын гишүүдийн анд нөхөд” гэхчлэн ангиллаар гурав талцаж буй.

-Би Ц.Элбэгдоржийг дэмжиж байгаа.

-Хн, Сайхан ярихаас өөр юмгүй дэмий нөхөр. Чи хар л даа нэг их шударга ёсыг уриалаад байгаа хэрнээ өөрийн намын нөхдийг яаж хаацайлж байна даа. Наадах чинь дахиад сонгогдвол АН-ын хэдэн луйварчидтайгаа нийлээд Монгол орныг гадаадынханд зарж үрээд дуусгана, харж л байгаарай.

-Би Б. Бат-Эрдэнийг дэмжиж байгаа.

-Б.Бат-Эрдэнэ бүтэхгүй ээ.  МАН-ынхан аргаа барахдаа мань аваргаар “нүүрээ тахалж” хөдөөнийхний саналыг авах гэж  байгаа юм.  Гараад ирчихвэл аваргаар “гул бариад” МАН-ын нөхөд өөрсдийгөө хамгаалж, АН-аас “өшөө хорслоо” авах л болно, харж л байгаарай. Хичнээн жил үндэсний бөхөд “аварга” явлаа. Ядаж л үндэсний бөхийн найрааг зогсооход нөлөөлж чадахгүй л байна шүү дээ.

-Би Н.Удвалыг дэмжиж байгаа.

-Н.Удвал чинь Н.Энхбаярын “хатгаас”-аар л ЭМ-ийн сайд болсон хүн шүү дээ. Мань хүний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь Н.Энхбаярын “захиалга”. Цаад зорилго, үйл ажиллагаа нь Н.Энхбаярыг л ялаас мултлах боломж юм шүү дээ. Өөрийн санаа бодолгүй, хүний “гар хөл” болж яваа хүн яаж Төр удирдах юм бэ?

Улсын наадмын хурдан морьдын гараанд эргэх мөчийг хүлээн маргалдаж суугаа наадамчид шиг. Хүн болгон өөрийн сонголтоо хийж, санаа бодлоо бусадтай хуваалцах эрхтэй. Гэтэл өөрийн сонголттой нь зөрсөн хүн болгонд дургүйцэж, өөрийн санаа бодлоо “баараггүй зөв” болохыг “нотолж”, зөвшөөрөхгүй байх тусам нь уурлан бухимдаж, “үзэн ядах”, улмаар харааж зүхэх үйлдлүүд энэ үед гаарч,  их хийрхлийг дэгдээдэг.

Сонгууль ойртох тусам, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд болон цахим мэдээллүүдийн хэрэгслэлүүдэд бичигдсэн бичлэгүүдийн доорх сэтгэгдлээс үүнийг мэдэрч болно.  Санаатай ч санамсаргүй ч, бодлоготой ч бодлогогүй ч, захиалгатай ч захиалгагүй ч ийм талцаж хорссон үйлдлүүд, монголчууд бидэнд  “тээртэй”, сэтгэл санаанд ч “дарамттай”, өөрт болон өрөөл бусдад “шаналгаатай” байдлыг үүсгэж байна. Зарим хүмүүс:

-За даа санаа бодлоо нэг их илэрхийлээд  дэмий дээ. Хүмүүст хараалгаж зүхүүлэхийн нэмэр.

-Аяыг нь харж яваад л өөрийн сонголтоо хийчихсэн нь дээр.

-Чамайг санаа бодлоо яаж ч илэрхийлсэн хүмүүс , “захиалгат” гэж л харна шүү дээ гэцгээнэ.

Бид яагаад заавал ингэж хийрхэж байх ёстой юм бэ? Хувь хүний сонголт бол тэр хүний эрхийн асуудал. Тэр хүн өөртөө байгаа мэдээлэл болон өөрийн сэтгэл доторхи итгэл үнэмшил дээр тулгуурлан сонголтоо хийдэг, ингэх ч эрхтэй. Түүнчлэн бусдын сонголтыг ч хүндлэх үүрэгтэй. Таны сонголтод таацаагүйн төлөө яагаад танд хараалгуулж, үзэн ядуулж байх ёстой гэж?

Бие биенийхээ санаа бодлыг сонсоод, өөрийн санаа бодлоо солилцож болно шүү дээ. Гэтэл бид яагаад заавал маргалдаж муудалцаж, хэрэлдэж хараалцаж байх ёстой гэж? Яагаад өөрийн сонголтын талаар бусадтай ярилцаж, санаа бодлоо хуваалцахаас айж байх ёстой гэж?  Монголчууд бид ингэж л хагаралдаж, бие биенээ үзэн ядаж эхэлдэг. Энэ бүхнийг НАМ-ууд өдөөдөг. Тэдний сурталчилгаа ухуулга болгон нь энэ хагарал, үзэн ядалтыг дэвэргэж байна.

Зусардалтаар дүүрэн сурталчилгаа

Монголын улстөрд 10-20 гаруй жил, өөрсдийн орон зайтай байсан нэр дэвшигч гурван эрхмийг бид бүгдээрээ л мэднэ. Энэ орон зайдаа ямархан “гай тарьж, гавьяа байгуулж” байгааг ч харж мэдэрч байгаа.

Харин энэ сонгуулийн сурталчилгааны үеэр л тэдний ямар гайхамшигтай “цэвэр ариун”, ямар гайхамшигтай “ухаан төгс”, ард олноо ямар их гайхамшигтайгаар “хайрладаг” болохыг “мэдэв”. Тэд цөмөөрөө л энэ дүрдээ оржээ.

Алхаа гишгээ, харааны өнцөг,  бусад руу даллаж байгаа “ариун мутар”, урьд нь барагтай харж байгаагүй хайр шингэсэн “уярам харц”, өөрийн мэдэлгүй ангайн хармаар “ялдам инээмсэглэл” зэргийг энэ өдрүүдэд олж харав бид. Ерөнхийлөгч,  УИХ-ын гишүүн, Сайд байхдаа өмнө нь яагаад ийм байж болоогүй юм бол?

Эрх мэдэлд байхдаа ихэвчлэн гадаад руу л аялдаг байсан тэд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист зорчиж, ард олны амьдрал “албан тасалгааны цонхоор” ч “бодит амьдрал” дээр өөрчлөгдөн сайжирч байгааг бахархалтайгаар “тунхаглан”, илүү ихээр сайжруулах боломж байгааг “нэрлэн”, энэ бүхнийг гагц өөрөө л шийдэж чадахаа “амалцгаана”.

Гудамжаар явган алхалж, “Нарантуул”  зах дээр очин “бууз идэж”, автобусанд суун хүмүүстэй хуучилж, хүүхдүүдийг гар дээрээ өргөн “хайрлаж”, хэн нэгнээс ч эмээхгүйгээр гар барин дотносохдоо ялдам инээмсэглэхээ ч мартахгүй.  Зусардагсад тэднийг “магтан дуулж”,  гар дээрээ өргөж, уяхан зарим нь “их аврагч” шиг л “сүсэлж”,  сормуусаа норгон норгож “уяран хайрлах” аж.  Тэр л “тэнгэрийн амьтад”-ыг өдөр шөнөгүй сурталчлан магтаж, алгаа хорстол ташицгаана.  Ерөнхийлөгч , УИХ-ын гишүүн, Сайд байхдаа тэд яагаад ийм байж болоогүй юм бол?

Аливаа зүйлийн хэм хэмжээ алдагдахаар л утга учраа алддаг. Өөрийн “мундаг” гэдгээ нотлохын тулд, өрсөлдөгч нэгнээ муучлах нь  сайн хүний шинж огт биш. Өөрийн алдаагаа ил хэлж, үүнийгээ засч сайжруулах боломжоо дурдах нь  муу хүний шинж бус.

Хэвийн бодгаль хүнийг “тэнгэрийн амьтан” болгон харагдуулах гэж аргаа ядах нь сул доройн шинж. Уриалах, ажил хэрэг болгохын хооронд их зай бий. Үндсэн хуулинд заасны дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдэл, үүрэг  хариуцлага хязгаарлагдмал. “Даахгүй нохой булуу хураана” гэдэгчлэн өөрийн эрх хэмжээнээс давж ярих нь хожмын өдөр “гай” болдог. Тэдний хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сэнтийд залснаар, Монгол орон “үсрэнгүй хөгжиж”, ард олон “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй дарс зооглон, жаргана” гэж итгэвэл бас өрөөсгөл.

Ерөнхийлөгчийг улстөрийн ямар хүчин дэмжиж, нэгэн баг болж ажиллахаас бага бус зүйл хамаардаг.

Тэдний ард тал руу өнгийж,
Өнгөн талаас нь харвал:

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг  нэр дэвшүүлсэн АН, хэдэнтээ будилсны эцэст УИХ, ЗГ-т олонхи болж  эрх мэдлийн хүрээнд өөрчлөлт хийх гэж чармайж буй. Улаанбаатар хотод хийгдэж эхэлж буй өөрчлөлт, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар эхэлж буй хяналтууд, хууль зүйн салбарт хийгдэж буй  шинэчлэл зэрэг нь миний хувьд сайн үр дүнгээр анзаарагдаж байгаа.
Мэдээж тэд Ц.Элбэгдоржийг дэвшүүлэхдээ нэгэнт эхэлсэн, бага бус үр дүнгээ өгч байгаа  алхмуудаа үргэлжүүлэхийг хүссэн байх.

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн МАН,  олон жил засгийн эрх барьсан хэдий ч АН-ын эхлүүлсэн шинэчлэл шиг өөрчлөлтийг хийж чадаагүй. Гэхдээ тэд боломжийг олж харсан байхыг үгүйсгэхгүй. Уул уурхайн бодлогын асуудал болон байгаль орчныг хамгаалах, бэлчээр нутгийг хадгалах, хөдөөгийн хөгжлийн талаар шинэ алхам хийж болох юм гэж Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн буйз.

-ЭМ-ийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлсэн МАХН, нийгмийн асуудлууд болон тэгш эрхийн асуудалд илүү анхаарлаа хандуулахаар тооцсон биз. Гэхдээ Н.Энхбаяраас шууд хамааралтай болохоор миний хувьд мөрийн хөтөлбөрт нь тэгтлээ анхаарал хандуулаагүй, яг үнэндээ. Энд “шатрын нүүдэл” яваад байгаа мэт.

Муу талаас нь харвал:

Ардчилал Монгол оронд ялснаас хойшхи сүүлийн 20 гаруй жилд эдгээр намууд мөрийн хөтөлбөр, зорилго чиглэл, үзэл бодлын хувьд тэгтлээ ялгаагүй болсон. Нэрээ МАН-АН-МАХН гэж ялган нэрлэвч, Монгол орны хөгжлийн төлөө, монгол хүний үнэ цэнийн төлөө тэд юу ч хийсэнгүй. Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн дэлхийн чихийг сонордсон их баялгаас  зөвхөн өөрсөддөө  “хувь хүртээн” баяжих гэсэн шунал нь тэднийг  нэгтгэж байв.

Намуудыг удирдаж байгаа  хэдхэн эрх мэдэлтнүүд, НАМ-ын нэр барьж эрх мэдэлд хүрч, өөр хоорондоо хуйвалдан Монголын төрийг бизнесийн орчин болгон хувиргаж буй. Энэ арчаагүй байдлаас болж нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт бий болж, баян ядуугийн ялгаа хэт ихэссэнээс ард олон бухимдах шалтаг нь болж буй. Тэд үнэндээ эдгээр намуудад итгэхийг хүсэхгүй байвч, хуулиар өөр сонголт үгүй. Энэ нь тэдний хуулийн дарангуйллын нэгэн жишээ.

Тэд ард олны  бухимдлыг намжаахын тулд “Эх орны хишиг” нэрээр бэлэн мөнгө тарааж, оюутан залуусыг 70 000 төгрөгөөр бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, боловсрол эрүүл мэндийн салбрыг огт хайхрахгүй орхиж, хүний наймаа, хүчирхийллийг огт анзаарахгүй  байна. Мөнгөөр бүхнийг хэмжиж, энгийн иргэдэд муу “үлгэр жишээ үзүүлсэн”-ий уршгаар брендээр “өвчилсөн”, бие биедээ баярхаж гайхуулсан, өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэснээр нь ялгаварлан гадуурхсан  бүхэл бүтэн ” монгол хүн сүрэг”-ийг бий болгожээ.
Улстөрд мөнгө ноёлсны уршгаар Монголын олигархиуд  өөрсдийн үр хүүхдээ “үе залгамжлан” улстөрд суулгаж байна. Тэд мөнхийн мөнхөд “хаан” байж, өөрсдөө нүцгэн гүйхэд, ард олон “хаан хувцастай байна” гэж орилолдуулахыг хүсч байна. Тэд чин нөхөрлөлөөр бус, мөнгөнд аргамжигдсан шуналаар нэгдэж байна. Сэг дээр архиралдах араатан мэт боломжтой нөхцөлд бие биенийхээ хоолойг тас хазахыг хүсч байна, тэд.

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа, их хэмжээний мөнгө завшлын  “МИАТ-ын хэрэг”, “Татварын хэрэг”, “Банкны хэрэг”, “Цогтбаатарын хэрэг”, “Е.Отгонбаярын хэрэг”, “Дэнзэнгийн хэрэг” зэргийг анхааралтай ажиглаж байна. Хууль, эрх зүйн салбрын шинэчлэлийн хүрээнд дэлгэгдэж байгаа энэ хэргүүд, хууль бусаар баяжсан олигархиудын багийг хуулж, энэ хэрээрээ Монголын ардчилалд эрүүл агаар оруулах эхлэл гэж би харж байгаа юм. Энэ бол зөвхөн эхлэл. Үүний цаана маш том авилгалчид, хууль бусаар баяжигсад байгаа.

МАН-АН-МАХН-д ч ялгаагүй. Тэд өнөөдөр түгшиж, “Айсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн ална” гэдгийн үлгэр болох гэж буй. Энэ заваарлыг зогсоож, монгол хүн бүрт өөрийн чадал, боломжоор амьдрах нөхцлийг шударгаар олгох ёстой. Чухамдаа энэ жилийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ач холбогдлыг би ингэж үнэлж байгаа юм.

Би юу хүсч байна гээч?

1. ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО
Хэрэв хэн нэгэн этгээд өөрийн хүч хөдөлмөрөөр бус, бидний төлсөн татварын мөнгийг завшиж, газар нутгаа худалдаж, эрх мэдлээ ашиглан, хэн нэгнийг дарамтлан авилгал авч баяжсан бол, энэ үйлдэл нь хуулиар нотлогдсон бол, уг этгээд шоронд сууж, хууль бусаар олсон бүх хөрөнгө нь улсад хураагдах ёстой. Эс тэгвэл тэр этгээдүүд өөр хоорондоо хуйвалдан, хэн нэгнийгээ “золиос” болгон шоронд суулгаад, дараа нь нуун дарагдуулсан хөрөнгөө хуваан ашиглаж, бусдыг тохуурхаж байна. Бид шударга хөдөлмөрөөр 20 жил хурааж хямгадаж чадаагүй мөнгийг, тэд нэг гарын үсэг зурсны төлөө авилгалд авч, биднийг шоолж байгаа нь шударга ёс уу? Улстөрчид ёс зүйтэй байж чадахгүй бол, ард олон ёс зүйтэй байж чадна гэж үү? Үүрэг хүлээж, хариуцлагаа үүрч чадна гэдэг  хүчтэй хүний шинж.  Хүний ёсны ухамсар. хожим нь үр хүүхдээ “нүүр улайлгахгүй” байх боломж.

2.ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
“Аалзны тор” мэт хэлхсэн авилгалын сүлжээний уршгаар Монголд “шударга ёс” үгүй болсон. Тэр л “аалзны тор” мэт сүлжээнд хууль хяналтынхан, гааль шалгалтынхан, мэргэжлийн хяналтынхан, газрын албаныхан, уул уурхай кадастрын албаныхан, тусгай зөвшөөрөл олгодог албаныхан бүгд нэгдчихсэн байгаа. “Дээдэх нь суудлаа олохгүй бол, доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг хэллэгээр.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил эзэмшсэн залууст Монголд тэгтлээ ажил олдохгүй байгаа нь энэ л муу тогтолцооны жишиг. Аргаа барсан зарим залуус “Монголд дээрээ татаагүй бол хэн ч биш юм байна” хэмээн санаа алдана. УИХ-ын гишүүд өөрсдийн хүнээ аймгий засаг даргаар томилж, аймгийн засаг дарга нь, өөрийн хүнээ сумын засаг даргаар томилж,  сумын засаг дарга нь өөрийн хүнээ хорооны засаг даргаар томилж байгаа  нөхцөлд шударга өрсөлдөөнд найдаж болно гэж үү? Идэж завшихад амар гэж. Төрийн алба бол шударга өрсөлдөөний ил тод талбар байх естой.

3. ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨ
Сонгууль болгоны өмнө эрх баригчид “Гадаадад байгаа монголчууддаа” хэмээн хаягласан, уярам үгтэй захидал илгээдэг. Ухаандаа сонгуульд санал авах зорилготой юм уу даа. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа Монголдоо байгаа монголчуудтайгаа харгалдуулдаг нь улстөрчид.

Харь оронд Монголынхоо нэр төрийг өргөж, өөрсдийн зардлаар өөрийгөө хөгжүүлж байгаа тэдэнд олон асуудлууд байдаг. Хаана ч очсон “Монгол” гэдгээрээ гайхуулдаг тэд Монгол орноо жинхэнэ утгаар нь сурталчилдаг юм . Улсын тэтгэлгээр бус, өөрсдийн зардлаар үр хүүхдээ дэлхийн нэртэй сургуульд суралцуулдаг. Үүний төлөө тэд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажилладаг. Гэхдээ хэзээ ч хэнд ч гомдож ялархдаггүй.

Цайныхаа дээжийг монгол нутгийнхаа зүгт өргөж, Төрийн сүлдэндээ сэтгэлээсээ залбирч, сэтгэл зүрх нь Монголынхоо төлөө шаналдаг хэдэн зуун мянган монголчууд бий. Тэдэнд эх орон нь байхад л болоо. Тэдний эрдэм мэдлэг, ур чадварыг нь эх орондоо ашиглана гэвэл тэд хэзээ ч цалин голохгүйгээр сэтгэлээсээ зүтгэнэ. Тэр бодлого л бидэнд үгүйлэгдээд байна даа. “Олуулаа больё” гэж уриалахдаа гадаадад байгаа монголчуудаа яагаад мартах гэж? Гэхдээ бодит ажил л хэрэгтэй байна даа.

Эрхээ эдэлж үүргээ биелүүлцгээе, Монголчууд аа

…Саяхан  Америкт уулзсан нэгэн монгол охин, “Би сонгуульд санал өгөхгүй ээ. Хэнд нь өгсөн ч ялгаа байхгүй дээ. Энэ 3 дотроос  Ц.Элбэгдорж нь арай дээр юм уу даа. Гэхдээ би сонгуульд санал өгөхгүй ээ, уучлаарай” гээд  явж одсон.

2,8 сая орчим монголчууд бүгдээрээ “дарга” болох боломжгүй л дээ. Гэхдээ Монголын төр ямар байх нь, бид хөгжих, эс  хөгжих, бид ямагт бухимдах, эс бухимдах, бид ядуу байх, баян байх нь, бид эрдэм мэдлэгтэй байх, эс бөгөөс харанхуй мунхаг байх нь өөр хэнээс ч бус гагц бидний сонголтоос хамаарна.

Бид “эх орондоо хайртай” гэж цээжээ дэлддэг, гэхдээ хувь заяанд нь тэгтлээ анхаардаггүй. Өнчин хүүхдийг өрөвдсөн харцаар харж байгаа мэт. Уг нь бидэнд “Үндсэн хууль”-иар олгогдсон Төрийн эрх барих ганц боломж минь СОНГУУЛЬ юм шүү дээ.

Өөртөө таалагдаж, өрөөл бусдад таалагдахгүй ч байсан хамаагүй сонгуульдаа оролцож санал өгөх нь бидний үүрэг. Ядаж л Монгол Улсын иргэнийхээ хувьд “үүргээ биелүүллээ” гэж бодоход сэтгэлд өег юм уу даа.

…Баахан хараалцаж маргалдаж байгаад бид сонгуульдаа санал өгдөг. Олонхийн саналаар сонгогдсон нэгнийг бусад нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй, таалагдахгүй байсан ч хамаагүй. “Ямар ард түмэн байна, тийм төр байдаг” гэж хэлэлцдэг.

Сонголтын эцсийн үр дүн нь бидний сэтгэлгээний хэмжүүр юм даа. Би боддог юм. Хэрэв одоо эхэлж байгаа эрх зүйн шинэчлэлийг зоригтойгоор үргэлжлүүлж, худалч хуурмагч, завшигч авилгалч бүхнийг хуулийн дагуу цээрлүүлдэг хууль эрх зүйн тогтолцоог бий болгож чадвал, “Халх голын сав газрыг Солонгосчуудад худалдсан байж магадгүй” гэж хардагдаад байгаа нэр дэвшигч Ц.Элбэгдорж ч,  нэгэн цагт Эрдэнэтийн уурхайд “ган бөмбөлөг” шахсан байж магадгүй гэж хардагдаад байгаа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ч , энэ хардлага нь хуулиар нотлогдвол  шоронд сууж, хууль бусаар олсон хөрөнгөө хураалгаж байх учиртай.

Харин энэ тогтолцоог хэн бий болгож чадах вэ? Би тэр хүний төлөө л саналаа өгнөө. Ядаж л миний үр хүүхдүүд айдас, дарамтгүй амьдрахын төлөө шүү дээ.

…Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд энэ 6 сарын 14-16 ны өдрүүдэд, Монголд байгаа сонгогчид 6 сарын 26 нд Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд саналаа өгнө. Тэртээ нэгэн жилүүдэд монголчууд хамаг гоёлоо өмсөөд л сонгуульд саналаа өгдөгсөн.

Хэдийгээр МАХН-аас нэр дэвшсэн цор ганц хүний төлөө саналаа өгч байвч,  “ТӨРӨӨ СОНГОЛОО” хэмээн сүсэлдэг байсан. Монголчууд бид дор бүрнээ сонголтоо хийж байгаа. Бие биедээ заавал таалагдах албагүй ч “Монгол Улсын Үндсэн Хууль”-д заасан эрхээ эдэлж, ТӨР БАРИЛЦАЖ буй. Олонхийн сонголтыг хүлээн зөвшөөрнө гэдэг  том соёл, танд таалагдахгүй байсан ч хамаагүй.

Дөрвөн жил гэдэг урсаад л өнгөрнө, голын урсгал шиг. Дахиад л бид их сонголтын өмнө зогсоно. Дөрвөн жилийн алдаа оноогоо дэнсэлнэ, хүний амьдрал шиг. Сэтгэлдээ эргэцүүлнэ, өөрийн амьдрал дахь өөрчлөлтэйгээ жишнэ.
“Чи тэгээд хэнийг дэмжиж байгаа юм бэ? гэж үү?” Би энэ эхэлсэн өөрчлөлтийн төлөө Ц.Элбэгдоржийг дэмжинээ. Би энэ гурван нэр дэвшигчийг хэн хэнийг нь харж байсан, хэнтэй нь дотносож уулзаж байгаагүй. Хэнтэй нь  ч найз байгаагүй.

Зүгээр л эрх зүйн шинэчлэлийг дэмжиж байгаа. Та ч бас сонголтоо хийсэн байгаа. Миний сонголтоос өөр үр дүн гарсан ч, би хүндэтгэн зөвшөөрнө. Яагаад гэвэл тэр бол oлонхи монголчуудын сонголт. Энэ бүхэн зөвхөн  миний л санаа бодол.

Танд таалагдах албагүй ч, та намайг үзэн ядах хэрэггүй.  ТАНЫ СОНГОЛТ УХААЛАГ БАЙХ БОЛТУГАЙ

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  gala_mn@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих