МИАТ-ЫН “ХЭРГИЙН ЭЗЭД” ХЭН БЭ

“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр халхавч хийж, гадаад дахь зохиомол компанийн данс руу МИАТ компаниас их хэмжээний мөнгө шилжүүлж байсан хэргийн холбогдогчид шүүхээс ял сонсов. Хэрэгт холбогдсон буруутнуудын хөрөнгийг улсын орлого болгож буй аж. Тухайлбал, “Монголиан эйрлайнз” буюу нэрээ “Хүннү эйрлайнз” болгон саяхан өөрчилсөн группийн Ч.Хоролсүрэнд ногдох хувьцаа, “Транс трэйд” нэртэй банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн 50 хувь буюу дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, банкинд түүний нэр дээр хадгалагдаж буй хоёр сая гаруй ам.долларыг улсын орлого болгожээ. Мөн Р.Бат-Эрдэнийн дөрвөн өрөө байр, “Ланд” маркийн машин, Ц.Орхоны онгоцны тийз борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компанийн 50 хувь, Б.Эрдэнэбилэгийн “Монгол керамик” компанид эзэмшдэг хувьцаа, үл хөдлөх хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэрийг шүүх гаргав. Дөрвөн сар гаруйн турш олны анхаарлыг татаж байсан хэргийн холбогдогчдыг ялласнаар энэ дуулиант хэрэгт эцсийн цэг тавигдах уу, үгүй гэсэн асуулт өдгөө гарч байна.

Шүүх хурлын үеэр Ч.Хоролсүрэн “Энэ хэрэгт бусад холбогдогч буруугүй” хэмээн шийр заасан мэдэгдэл хийсэн нь анхаарал татав. “Бусдыгаа хөлдөө чирэхгүй” гэсэн шазруун зан үүний ард байж болох боловч, “Өөр хэн нэгэн, хэсэг бүлэг байгаа юм биш биз. Тэд нь хариуцлагыг чи даа. Арыг нь бид хариуцна” гэсэн юм биш байгаа гэсэн хар төрж байгаа юм. Эрсдэлтэй гэрээнд гарын үсэг зурсан захирлуудаас ганцхан Р.Бат-Эрдэнэ хувийн аж ахуйн нэгжгүй. Олон жил нисгэгчээр ажилласан тэрбээр “Энэ гэрээнд нэг удаа гарын үсэг зурсан боловч мөнгө авч байгаагүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Гэвч шүүх Р.Бат-Эрдэнийг буруутай гэж үзсэн төдийгүй амьдарч буй дөрвөн өрөө байр, унаж буй “Ланд” машиныг нь хураах шийдвэр гаргалаа. Мэргэжилдээ гаршсан, хамт олныхоо дунд нэр хүндтэй, гавьяат нисгэгч тэрбээр томчуудын, улстөрчдийн тоглоом болчихов уу даа гэсэн эмзэглэл төрж байгааг нуух юун. Дайны эрсдэлийн даатгалын мөнгө буруу замаар будаа тээж эхэлсний дараахнаас иргэний агаарын тээвэрт МИАТ компанитай ижил нэртэй нэгэн авиакомпани мэндэлсэн нь “Монголиан эйрлайнз” групп.

2011 оны намар анхны нислэгээ эхлүүлсэн тус групп 70 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх “Фокер-50” онгоц, 200 сая ам.долларын “Аэробус-319” онгоц худалдан авч, Туулын мөсийг долоох шахаж яваа энэ салбарын бизнесмэн үүдийн атаархлыг хөдөлгөж байв. Шинэ тутам байгуулагдсан ч хөлөө хурдан олж, иргэний нисэхийн салбарт монополь тогтоохдоо хүрсэн “Монголиан эйрлайнз” группийг босгосон мөнгө хаанаас эхтэй болохыг нягтлахад шүүх хурал нэг их ач холбогдол өгсөнгүй юү дээ. Тус группийг хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллагууд болох МАК, “Бодь” групп үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн. Тиймээс “Голомт” банкны захирал Д.Баясгалан болон МАК группийн эзэд ТУЗ-д нь багтдаг байв. Улс төрийн намуудын угшилтай, Монголын толгой компанийн эздийн үүсгэн байгуулсан тус групп МИАТ компаниас мөнгө завшсан захирлуудын дуулианы үеэр нэрээ “Хүннү эйрлайнз” болгон өөрчилсөн бөгөөд энэ хугацаанд хөрөнгө оруулагчид нь далдын хар малгай дороос цухуйсангүй.

Хувийн хэвшлийн аль ч агаарын тээвэрлэгчид байхгүй, тэр бүү хэл төрийн өмчийн МИАТ компаниас ч давсан монополь эрх эдэлж байсан “Монголиан эйрлайнз” группийн асуудал шүүх хурлын үеэр мөн л хөндөгдөөгүй нь хэргийн зөвхөн нэг талыг барьж шүүсэн гэсэн яриа гарахад хүргэв. Шүүх Ч.Хоролсүрэн тэргүүтэй холбогдогчдыг төрийн өмчөөс олон тэрбум төгрөг завшсан гэж үзсэн хэрнээ төрийн мөнгө гадаад, дотоодын банкаар ид дамжиж байх үед мэндэлсэн компанийн хөрөнгө хаанаас эхтэй болохыг хайхраагүй нь эл хэргийг сонгуулийн ид сурталчилгааны үеэр, бусдын анхаарлаас зайдуухан яаран шийдэхээр чармайсантай холбоотой байж мэдэх. “Ардын намынхан авлигачид” хэмээн харуулах улс төрийн ээлжит махинацийн нэг хэсэг нь энэ хэрэг болж байгааг нуугаад хэрэггүй биз. Гэвч хэрэгт холбогдогчдын намтар түүхийг анзаарвал сонирхол татсан олон баримт олдох бололтой. Б.Эрдэнэбилэгийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэлээд холбоотой, түүний дэмжлэгээр Ц.Элбэгдорж, М.Энхболдын үед МИАТын захирал болсон гэж ярьдаг. Дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн эзэмшдэг хувьцаа ҮХАА-н сайд Х.Баттулгын мэдэлд байдаг тухай мэдээлэл бий.

“Монголиан эйрлайнз” анхны нислэгээ Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад түүний уугуул нутаг Баянхонгор аймаг руу “Фокер-50” онгоцоор хийсэн нь ч сэжиг төрүүлэх сэжим мөн. Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар.

Захирлуудтай үгсэн, мөнгө угаах хэрэгт гараа дүрсэн нягтлангуудын талаар таг чиг. Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ нарын үед Ерөнхий нягтлангаар ээлж халаагүй суусан Д.Баясгалан хэмээх багш мэргэжилтэй эмэгтэй мөнгө угаах хэргийн гол оролцогч мөн нь тогтоогдсоор байтал түүний талаар манай шүүх ганц үг ганхийсэнгүй. Ц.Орхоны үеэс буюу 2010 оноос Ерөнхий нягтлангаар ажилласан Д.Батбилэг гэдэг нөхөр яагаад сугарч үлдэж байгаа нь сонирхол татна. Тэрбээр Зам, тээврийн сайд А.Гансүхийн туслах бүсгүйн нөхөр юм гэсэн. Арай “ах” сайд нь аваад үлдчихсэн юм биш байгаа. Энэ мэтээр чих дэлдийлгэм мэдээллээр хачирлагдсан “МИАТ-ын” хэмээх энэ хэрэг жижиг асуудал биш байв.

Дуулиант хэргийг анх илрүүлсэн хуулийнхан өөрсдөө ч мэдэлгүйгээр төрд нэр нөлөө бүхий улс төр, бизнесийн бүлэглэлийнхний мөрөөр яваад орчихсон гэсэн шивнээ дуулдаж л байна. Хэрвээ авлигатай тэмцэх гэж байгаа бол миний чиний гэж алаг үзэхгүй л байх хэрэгтэйсэн. Ерөөс “Монголиан эйрлайнз” групп бол нам дамжсан бүлэглэлүүдийн хамтын өмч байсан нь үнэн билээ. Тиймээс өмч үүссэн нөхцөл байдал, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдээс утасны үзүүрийг хөөвөл “хэргийн эзэд” бүхлээрээ ил болох ёстой билээ.\

http://www.mongolnews.mn/p/43282


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих