Зам байх ч сайхан л даа. Харин пянг нь даах уу?

“Мянганы”, босоо, хэвтээ тэнхлэгийн, нүүрсний, нефтийн, …гээд л энэ уудам Монголын энэ цөөхөн ард түмэнд зориулж “хар зам”, төмөр зам барьж өгөх нь. Булганы Дашинчилэн өөрийн хар замтай болоодохсон чинь бусад нь барьцаад шороон дээгүүр явж чадахаа байлаа. Одоо Баян-Өлгийнхөн вагоноор явах хүсэлтээ гаргаад “ТЭЗҮ”-ээ хийж байна.

Замтай болох ч сайхан л даа. Харин пянг нь даах уу?. Явган хүн хэдэн минутад алхаад туулдаг нэг километр зам барихад гардаг зардал 400 гаруй сая төгрөг гэж байна. Гэтэл нэг сум руу тавих зай ганц биш хэдэн арав, зуун километр. За яахав мөнгө нь олдоод тавьчихлаа. Дээгүүр нь хэдэн машин явдаг юм. Машин дотроо нүүрс ачсан машин явж болохгүй. Тэр бүү хэл нүүрс ачих машин даахгүй тиим л даацын зам тавигддаг. Өвөрхангайн замаар хүнд даацын машин энэ хавар   өнгөрсөн   чинь цөмлөөд хаячихаж.

Түүнээс гадна засмал замыг тавьсан өдрөөс нь эхлэн орон нутаг нь ч байна уу байнгын орон тоо, төсөв гаргаж үргэлж додомдож байх үүрэг хүлээдэг. Бүр “зам анги” гээд хэдэн нөхөд байнга сахиж байхгүй бол жилийнхээ ойнд хүрэхгүй хайран хөрөнгө яйрин болдгийг бүгдээрээ л мэдэж байгаа. Уг нь замыг гаргасан зардлаа олоод, дээр нь ашиг олно гэсэн тооцоогоор барьдаг гэж сонссон. Хөдөөний энэ олон замууд тэгж чадаж байгаа юм уу?

Сум, аймгууд хэдэн багш нарынхаа цалинг тавьж чадахгүй байж нэг л их замсуу. Хамаг төсөв татвараа зам руу гоожуулж дуусахын багцаанд “зам дагаж хөгжил биш, хөгжил (ашиг) дагаж зам” гэдэг ялимгүй солигдсон уг ямар их яршиг төвөг болохыг ухаарна биз.

Ж.ГАНГАА

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих