ЕРӨНХИЙ-БҮТЭЦ БА ЕРӨНХИЙ-ЛӨГЧ

62450_121024Хувийн салбар өсч хөгжихгүйгээр нийгэм хөгжихгүй гэдэгтэй санал зөрөх хүн одоо байхгүй бизээ. Хувийн салбар нь өгөгдсөн орчин буюу бүтцийн хязгаарлалт дор ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүсийн бизнесээс бүрддэг.  Тиймээс байгалийн баялгаас бусад өсөлтийн хүчийн зүйлийг “бүтцийн” ба “хүний” гэж хоёр ангилж болно/технологийг бүтцийн онцлогийг тусгасан хүний хөгжил гэж ойлгож болно/. Боловсрол, мэргэжил, санхүүгийн чадавхи төдийгүй бизнест хандах тухайн хүн ардын сэтгэлгээ, итгэл даах чанар зэрэг соёлын элэмэнтүүд (социаль бүтэц гэдэг)-ийг өөртөө шингээсэн байдаг учраас хүний хүчин зүйлд тухайн орны соёлын онцлогийг мөн багтаасан гэж ойлгож болно.

 

Жишээ нь бизнесийг хичээл хийх үйлдлээр солиод бодож үзье. Чимээгүй төвлөрч болохуйц номын сан, чадварлаг багш, дүнг шударгаар үнэлж, сайн суралцвал ямар нэгэн үр шим хүртэж болохуйц систем зэрэг нь бүтэц болох бол, сурагчийн өөрийх нь мэдлэгийг эрхэмлэх чанар, эцэг эхээс өвлөсөн потенциал, гэр бүлийн хүмүүжил, төвлөрөх чадвар зэрэг нь хүний хүчин зүйл болно. Бат-Эрдэнэ аварга ерөнхийлөгчид нэр дэвшсэн явдалд хандах сонгогчийн үзэл бодлоо бүтцийн болон хүний хүчин зүйлийн талаас тайлбарлая.

 

Хууль эрхзүйн хамгаалалт, санхүүгийн нөөц хуваарилалт, татварын зохистой тогтолцоо зэрэг бизнесийн үйл ажиллагааны хөрс инситуцуудаас бүрддэг ерөнхий бүтэц хувийн секторын хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй. Ямар бүтэц хамгийн шилдэг вэ? Ийм асуулт даалгаварт авсан хүн төрөлхтөн хариултаа гаргаж амжаагүй, эрэл хайгуул үргэлжилсээр л байна. Төгс шийдэл хараахан олдоогүй, мөн бүх улс нэг төрлийн жороор хөгжих боломжгүй. Гэсэн хэдий ч бизнесийн түүх өдөр тутам зузаарч, эргээд түүний алдаа оноог задлан шинжлэх ажил улам эрчимжиж буй. Оюуны болоод хувийн өмчийн хамгаалалт, эрсдэлийн хуваарилалт,  бизнес ухаан, ур чадварын боловсрол, шинэ бизнесийг бойжуулахад хэрэгцээтэй орчин зэрэг зарим нэг бүтцийн тухай мэдлэг хурсаар байна.

 

Түүхэн оноолтоор хувийн бизнест тулгуурласан нийгмийн бүтээн байгуулалтаа Европ, Америк, Япон, Латин Америкын орнуудаас хоцорч эхэлсэн манай орны хувьд энэ нь түрүүлж гараанаас гарагсдын алдааг давтахгүй байх, оносноос нь хуулбарлах боломж юм. Энэ боломжоо ашиглахын тулд нэгдүгээрт суралцах, хоёрдугаарт суралцах, гуравдугаарт суралцах хэрэгтэй. Суралцах, бас дахин суралцах унших судлах, үзэж танилцах, хүлээн зөвшөөрөх, нэвтрүүлэх, дууриах, авчирж заалгуулах шаардлага байна. Суралцах юм маш их байна. Суралцахгүй хөгжих гэж оролдох нь 200 жилийн өмнө анх хийгдээд амазон.комд хог болж байгаа барааг эндээ нойлоос нь эхлээд хийх гэж оролдохтой агаар нэг юм.

 

Бусдын эрдмээс шингээхэд сул талаа хүлээн зөвшөөрч өөрийгөө нээх хэрэг зайлшгүй гарна. Монголчууд бид бол туйлын бардам үндэстэн билээ. Бардамнах түүх, уламжлал бидэнд бий. Энэ бол бидэнд нэгдсэн аидэнтити буюу ялгамж чанар олгож буй хүч юм. Гэвч чөлөөт энтэрпраизыг дэмжих бүтцийн хувьд дөнгөж хөлд орж буй улс гэдгээ хүлээн зөвшөөрөх зориг, даруу зан одоо ус агаар мэт хэрэгтэй. Япон 200 жил нуугдаад хаалгаа нээлгэхдээ их бардамнаж сумо бөхөөрөө тэргүүн хийсэн бол одоо сумотой юутай хээтэйгээ их хүчнүүдээд идэгдээд дууссан байж мэднэ. Зөв бардамнаж, зөв цагт даруу загнаж нам суусны хүчинд л чөлөөт энтэрпраиз ч хөгжиж, үндэсний соёлоо хамгаалахад шаардлагатай капитал хуримтлуулж чадсан билээ.

 

Аваргын мөрийн хөтөлбөрт бүтцийг сайжруулж хувийн хэвшлийг дэмжих тухай амлалт олон зүйл оржээ. Хэлэх амархан, хийх хэцүү. Хийхдээ сул талаа хүлээн зөвшөөрч, бусдаас суралцах эрмэлзэл болоод бусдын эрдмээс шингээх суурь түүнд бий юу? Түүнд бардамнал  хийгээд биеийн хүч тамир л бий мэт санагдана. Бат-Эрдэнэ бол нам сууж дадаагүй хөх монголын босоо бөх.   Бид нэг л өдөр шинээр бий болчихдоггүй, цаг хугацааны ул мөрийг өөртөө давхарлан бүтдэг. Тэрээр Монголын аль бардамнах соёл юу байна, тэр ахуйн түүхийг өөртөө давхарлан бүтсэн бие хүн юм.  Түүнийг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг миний бие доромжлох зорилго огт агуулаагүй. Харин цаг хугацаа хэмээх хязгаартай нөөцийг хэрхэн зарцуулснаар бид бүгд бүрэлдэн бий болдог, энэ уужим тэнэгэр орны бардам цайлган хүн ардын хамгийн хүндлэн дээдэлдэг спортод хүч хөдөлмөрөө зориулж, амжилт олж, тахин шүтэгдсэн хүн гэдэг түүхээс нь, мөн сонгуулийн сурталчилгааны агуулгаас нь тэгж дүгнэсэн болно.

 

Миний дүгнэлт буруудаж аварга сул талаа хүлээн зөвшөөрч, мэдлэгт шүтсэн засаглалыг зорилго болгож буй магадлал байх ч өөрийх нь мэдлэг арвин байх боломж мөн л тун хязгаарлагдмал юм. Энэ ч мөн тэнэг, болохгүй бүтэхгүйдээ биш цаг зарцуулалтай холбоотой. Аварга нас сүүдэр 40 зооглотлоо, ид толгой ажилладаг залуу насаа наадмын дэвжээнээ хурсан олныг баясгахад зориулсан. Даяар Дурсагдах Далай Даян Дархан Аварга!!  Ийм амжилтыг хүн төрөлхтөний практик мэдлэгтэй хамт шүүгээд өөртөө шингээх (ялангуяа нэг барилдаанд дөрвөн цаг зарсан шигээ тулхтай үздэг хүнд) ерөөсөө боломжгүй юм. Тэрбээр цаг, энергиэ аварга болоход л зарсан, тэр хэзээд монгол бөхийн аварга, тиймдээ ч өөрийх нь сонгуулийн сурталчилгааны фан хуудас хүртэл аварга хэмээн авгайлна. Мөнх-Эрдэнэ арсланг нухаж л байсан гэдэг ёгт олон нийтийн мэдиагаар яваад байгаа нь арга ч гүй юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа төрийн өндөрлөгүүд үндэсний бөхийн барилдааны нэгийн давааг ч дуусгахгүй гараад явдагийг шүүмжилж, Германы канцлер хөл бөмбөгөө хэрхин дэмждэгийг иш татсан байв. Германчууд өнөөгийн монголтой төстэй түүхийн интервалд байхдаа яаж хөдөлмөрлөж, өдгөө хөл бөмбөг бие даасан бизнес салбар болсон байгаа тухай мэдлэг дутаж байгаагийн сонгодог жишээ мэт санагдана. Хувийн сектор нялхдаж, мэдлэг боловсрол, хүн ардын ёс суртахуун хурцадмал байдалтай доройтоод, хүүхэд заазуурдуулж охид биеэ үнэлж, хамаг шилдэг залуус Солонгост аяга угааж байхад төрийн өндөрлөгт бөх сахиж суух байтугай унтах зав  гарахгүй цаг үе гэдгийг ухамсарлахгүй байгаагийн тод жишээ бус уу. Мэдлэг бол тойргийн доторх, түүний гадуурх нь харанхуй гэдэг. Радиус томрохын хэрээр харанхуйтай шүргэлцэх хүрээ томорч мэддэггүйгээ мэднэ. Өөрийгөө голох нь мэддэггүйгээ мэдэхтэй агаар нэг. Тойргийн радиус хэт жижигдэхэд өөрийгөө үл голох үнэн өөдрөг характер үүсээд, улс орныг аваад явчих аварга хүний бяр амтагдаад байгаа юм биш байгаа?!

 

 

Ерөнхийлөгч хүнд “бүтэц”-ийн тухай мэдлэг ч, барьж байгуулах үүрэг ч байхгүй, тэр бол эв нэгдлийн бэлэгдэл8 соёлын оршихуй гэх сонгогч мэдээж бий гэж бодож байна.  Уг тэмдэглэлийг олон нийтийн мэдиад тавьж үзэхэд ганц хүний мэдлэг, тэр тусмаа ерөнхийлөгчид мэдлэг чадвар онцын хэрэггүй гэх дуу хоолой сонсогдож байлаа. Ерөнхийлөгчийн тухай хуулиас ерөнхийлөгчийг ямар их эрх мэдэлтэй, далайцтай байр суурь гэдгийг бэлхэнээ харж болохын дээр, баг бүрдүүлэх, хүн цэгнэх чадвар ч мөн мэдлэгт суурилдаг гэдгийг мартаж боломгүй.

 

Түүний фан хуудаснаа “Бидний амьдрал жилийн дөрвөн улирал мэт! Арвин ургац хураах эсэх нь “хавар” цагийн хичээл, зүтгэлээс хамаардаг ажээ” гэжээ. Тийм ээ, хавар цаг. Бид яг суулгац хийж байна. Мэдлэгээр услах, мэдлэгт шүтсэн нийгэмрүү чирээд зүтгэх толгой хэрэгтэй хавар цаг..

 

Олон Улсын Харилцааны магистр, сонгогч Б.Болор-Эрдэнэ (Токиогийн их сургууль)


URL:

Сэтгэгдэл бичих