Хүнд суртлаас ангижрахад жижиг зүйл гэж байхгүй

Durelt280x500ХҮНД СУРТАЛ гэхээр тѳрийн албан тушаалтны ажил үйлийн чанартай холбоотой л ойлголт шиг байна. Нэг намын дарангуйлалт тогтолцоонд нам тѳрийн ажилтны гол ажил бол СУРТААЛ байв. Гараас нь СУРТААЛ гарахад тун ХҮНД байгааг дайруулан ийм нэр томъёо бий болгосон байж болох юм.

Үгийн гарал үүсэл чухамдаа нэг их чухал биш, ХҮНД СУРТАЛ гээ л яриад бичээд хэвшчихсэнийг ѳѳрчлѳх гэж мэдэмхийрээд юүхэв, тэрүүгээрээ л байсан нь дээр. Харин, юм мэддэг, ухаардаг тѳрийн тэргүүний ач буянаар шууд ардчилал яригдаж ард олон бид тѳр барилцах чухал ажилтай болох зам нээгдэж буй болхоор дандаа л шүүмжлээд байхдаа ч бас биш, зарим мэдсэн сурснаараа нэмэр болж байвал зүгээр ч юмуу гэж гэнэт бодогдлоо.
Хэдэн жилийн ѳмнѳ анх иргэний үнэмлэх гарч байхад би Улаанбаатарт иргэний үнэмлэхээ олж авах гэж үйлээ барснаа бодохоор заримдаа дотор эвгүй болдог юм, энэ их учиртай. Таних мэдэх хүнээр дамжуулахгүйгээр бүтэхгүй ээ гэсэн гэрийнхнийхээ зѳвѳлгѳѳг огтхон ч тоосонгүй, гѳжүү хѳдлѳн цагаан цамц цайвар ѳмд ѳмсѳн гутлаа сайхан тослоод иргэний үнэмлэхээ бичүүлж авахаар ѳглѳѳ эртлэн гарч ѳглѳѳ. ИБМУ Тѳв гэх мундаг газар эхлээд очлоо.
Нэг цонхны тушаа бѳѳн дараалал, сонирхолтой нь бусад цонх нь хов хоосон. Ажил тѳрлийн хуваарь гэж байгаа гэсэн шүү юм бодоод дугаарын сүүл хаана байгааг эрэн явсаар хаалгаар гаран байшинд орох шатны доор хавьд очиж зогслоо. Нилээд зогслоо, ард маань ч хүн нэмэгдэж л байв. Дараалал удаан боловч хѳдѳлсѳѳр үдийн алдад хаалгаар орж ирэв.
Миний урд зогсож байсан бадриун залуу, би ер нь очиж хараад ирье, та миний байрыг хадгалж байгаарай гэчихээд чихцэлдсэн олны дундуур хүч мэдэн сэлсээр алга болов. Тѳдхѳн тэр эргэж ирээд, за нѳхдѳѳ ингэж шударга царайлан зогсоод бүтэхээргүй байна, урдуур дараалалгүй хүмүүс ороод байгаа юм байна, алив ерѳѳсѳѳ та миний урд орчих гэснээ ард оронгуут дэмжээрэй гэж хашгиран уухайлж урагш хүчтэй түлхэв. Олны хүчинд дараалал ханаран ургашлах тэр агшинд хүн унасан болтой орилоон ёолоон бѳѳн шуугиан дэгдэж цагдаа дорхноо ирж бороохойгоо гозолзуулан зохицуулах нэрээр хэл ам гаргасан болгоныг дугаараас гарган хаалганы гадаа гаргаж байв. Гадаа хүчээр туугдан гарсан нь уйлах шахан орилж, үлдсэн нь ажигч үгүй хээв нэг зогсцгооно. Би тэссэнгүй, уг нь наад хүн чинь гэмгүй зогсч байсан юмсан гээд хэлтэл, ЦААСАН ХҮН гуай минь дуугаа тат, гармаар байна уу аан хэмээн амнаасаа эхүүн үнэр ханхлуулан чарлав, би ч мэдээж нам. ЦААСАН ХҮН гэж хэлүүлсэндээ гутарсан ч гүй, тэрнээс доор үг сонсч л байсан.
Гэнэт, үдийн унд боллоо, алив гарцгаа гэж нѳгѳѳ бороохойт түрэмгий хашгирлаа. Дугаараа алдахгүй шүү гэцгээн бѳѳн юм болцгоов. Ядаж гадаа халуун, хѳлсний эхүүн үнэр, бүгчим тэсэхийн аргаггүй, ѳмссѳн цамц ѳмд ч бүр аль хэдийн ѳнгѳрсѳн. Завсарлагаар, монголын нэртэй зохиолч сайн танилтайгаа тааралдан, нѳгѳѳ лунжгартаа дарааллаа захчихаад тавтай суун мэнд мэдэлцэн хэдэн үг солив. Тэр маань миний ѳмсч явсан гутал руу хараад, мѳн ч сайхан эд юмдаа, гэхдээ ѳсгий нь элэгдээд ѳнгѳ нь алдагдаад, ѳм цѳм ханзраад ирэхийн алдад монголд бичиг баримт хѳѳцѳлдѳхийн хэцүүг ойлгох байхаа гэж егѳѳдѳв. Үгий нь дагуулаад гутал руугаа хартал, ѳрѳѳсѳн гутлын хоншоорыг шалчийтал гишгэчихсэн байхыг ажин тун харамсаж, ой гутав.
Маргааш нь маруухан хувцас ѳмсч ирээд уухайлан дайрдагуудтай жолоо нийлүүлэн үзэж тарав. Цонхон дээр очсоон очсон, харин тэр цонхны байцаагч ѳмнѳх цаасаа нааш цааш эргэлдүүлж байснаа, юм зѳрчихлѳѳ ЛАВЛАГАА авчир гэдэг байгаа. Юм гэдэг нь юу юм бол хүүхээ гэтэл, очоод асуухаар хэлээд ѳгнѳ, архивт оч гэснээ дараагийн хүн гэж их юмны эзэн аятай цангинуулав. Миний арын нѳгѳѳ лунжгар залуу, та 10 мянгы нь хавчуулаагүй юмуу гээд ѳрѳвдѳнгүй над руу харахад нь эхлээд  юу ч ойлгосонгүй, гэхдээ дараа нь ойлгосоон ойлгосон.
Гэхдээ л тэр 10 мянгы нь барихгүй л гэж гүрийв. Лавлагаанд бас л бѳѳн дараалал 10 мянгагүй бол бүтэх шинжгүй, би гүрийсээр л байлаа. Нийтдээ 8 ѳдѳр мачийтал зүтгэсний эцэст ямартай ч дүүрэг дээрээ очих хэмжээнд болголоо. Дүүрэг дээр очтол, юун бүртгэлийн тѳв, тэрнээс хэдэн хувь доор юмтай золгов. Би улам л гүрийсээр. Хамгийн сайхан харьцаатай уриалгахан нь хорооны дарга байв, харин танил болох их сонирхолтой байгааг нь мэдэрч л суув. Иймэрхүү байдлаар сар гүрийгээд олигтой амарсан ч юмгүй, үнэмлэхээ ч авч чадсангүй, буцах ч болчихлоо.
Эхнэр намайг хариугүй ѳрѳвдсѳн юм байлгүй Цэеэ минь дээ ѳнѳѳдѳр яваад хэрэггүй, би найзуудтайгаа ярьчихсан гэлээ. Танай найзууд чинь Бүртгэлд ажилладаг юмуу гэтэл, үгүй дээ эмч, ѳвчтѳн нь чухал албанд байдийн гэв. Инээд ч хүрэх шиг. Харин тэр ѳдрийн үдээс хойш нь та үнэмлэхээ ирж авна уу гэж дүүргээс утасдаж билээ. Надад бол харамсалтай л байсан, цѳхрѳнгѳѳ бартал хѳѳцѳлдѳѳд бүтээгүй ажил ганцхан ѳдѳр л бүтчихээр хэнд ч ямар ч хэрэггүй хүн юм гэж ѳѳрийгѳѳ голоход хүргэж ѳѳртѳѳ бас хэн нэгэнд туйлдаа хүртэл гомдов.
Саяхан би монголоос зочилж ирсэн хүүхдүүдээ бүртгүүлэх ажлаар Клагенфуртын Бүртгэлийн ажлын албан дээр очлоо. Миний ажил удаж тѳдѳлгүй бүтчихэв, надаас ямарч бичиг баримт, лавлагаа паспорт шаардсангүй, хүүхдүүдийхээ паспортыг л аваад очиход хангалттай байлаа.
Ажлын зохион байгуулалтыг нилээд ажиж судаллаа.
1. Дүүргийн бүртгэлийн алба, захиргаатайгаа нэг дор байдаг юм байна. Иргэний бүртгэлтэй холбоотой бүх ажил энэ л байшинд эхлээд энэ л байшиндаа дуусгавар болно. Хэрэв захиргаатай холбоотой асуудал гарвал иргэнээр хѳѳцѳлдүүлэх эрх тэдэнд байхгүй, ѳѳрсдѳѳ учры нь олоод иргэн хүнд гагцхүү хариу л мэдэгдэх үүрэгтэй.
2. Иргэний бүртгэлтэй холбоотой ажил үүрэг манайх шиг тѳрѳлжѳѳгүй, байцаагч бүр бүртгэл, шилжүүлэг, хасалт, паспорт олголт…бүгдийг хийх чадвартай. Ийм зохион балгуулалтад хүнд суртал хүн хүлээлгэх юм байхгүй, ажлаараа боох монополчлох, хахууль авах боломжгүй юм байна. Жишээгээр тайлбарлая. Ирсэн зочдоо бүртгүүлэх гэхэд л эхлээд коридорын хананд байгаа хуурцагнаас товчлуур даран дугаар авна. Таны дугаар болонгуут хонх дуугарч орох ѳрѳѳний дугаар гэрэлтэж гарна. Баарагаар тоолход 20 орчим ѳрѳѳнд сууж буй ажилтнууд бүгд ялгаагүй адилхан ажил үүрэгтэй болтой. Аль ч ѳрѳѳний дугаар асч мэдэх жишээтэй. Би жишээлэхэд эхний хонхоор маягт авч бѳглѳн дараагийн хонхоор ѳѳр хүн дээр орсон. Бүртгэлээ аваад гарахдаа цаг хархад 15 мин. зарцуулсан байв.
3. Албан үүргийн тѳрѳлжилт байхгүй болохоор олон хэлтэс тасгийн хэрэггүй, орон тоонд ч хэмнэлттэй юм. Хамгийн гол нь хүмүүс тэгш ажилтай, зарим нь олон хүнд үйлчлэх, зарим нь хоосон суух гэсэн юм огт байхгүй.
4. Хүмүүс хичнээн олон байлаа ч чихцэлдэх юм байхгүй, гэрэлт самбарт гарах дугаарыг хараа л тайван сууж байх. Цэвэр цэмцгэр ер нь л олон талын давуу талтай юм.
Энийг аваад нэвтрүүлчихвэл хѳрѳнгѳ шаардахгүй сайн ѳѳрчлѳлт болж жижиг албан тушаалын хахуулийн замыг боочихоор юм байна.
И.Цэрэнхүү

URL:

Сэтгэгдэл бичих