Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг өнөөдрөөс олгож эхэлнэ

images87787878өаэбӨнөөдрөөс эхлэн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

Тиймээс өнгөрс өн долоо хоногт бэлтгэл үйл ажиллагааг явуулж, хэд хэдэн чухал мэдээллийг хийсэн юм. Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагт “Шинэчилж шийдье- 222” хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар оролцож мэдээлэл өгсөн.

Энэ үеэр инфляци нэг оронтой тоонд хүрч, үнийн өсөлтийг хазаарлаж чадсаныг онцолсон. Улмаар одоо иргэдээ урт хугацааны орон сууцны зээлд хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхлэхээр орон сууцны зээлийн ерөнхий журмыг батласан гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн энэхүү хөтөлбөр нь удаан хугацаанд үргэлжлэх бөгөөд хөрөнгө мөнгөний асуудлыг Монголбанктай хамтран зохицуулж чадсан гэв.

Хамгийн чухал нь Монголбанкны шалгуурыг давж байгаа бүх арилжааны банкаар буюу “ХААН”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хадгаламж”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Капитрон”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингис хаан банк”, “Капитал” зэрэг 14 банкаар олгох юм.

Тиймээс өнгөрсөн баасан гарагт Монголбанк болон арилжааны банкуудын хооронд байгуулах орон сууцны ипотекийн санхүүжилтийн мастер гэрээг үзэглэж, Монголбанкны ерөнхийл өгч Н.Золжаргал, Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс, банкуудын захирлууд гарын үсэг зурсан юм. Ийнхүү бэлтгэл ажил хангагдсанаар ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрөөс эхлэн дээрх банкуудад хандаж болохоос гадна өндөр хувьтай зээлийн хүүгээ найман хувь руу шилжүүлэх боломж нээгдэж байгаа аж. Арилжааны банкуудын иргэдэд тавих шаардлага адилхан байгаа.

Тиймээс иргэд сүүлийн зургаан сарын хугацаанд чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр ямар нэг төлбөр төлөөгүй бол цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрлэлтийн баталгаа, оршин суугаа хорооны болон ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээний хуулбар, урьдчилгаа төлбөрийг нотлох баримт (урьдчилгаа төлбөрийг ямар эх үүсвэрээс хуримтлуулсан), орон сууц худалдан авах гэрээ зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Харин зээлийн урьдчилгаа 30 хувь, 20 жилийн хугацаатай, найм дээр нэмэх хасах нэг хувийн нөхцөл болон төлбөр орлогын харьцаа 45 хувь байх зэрэг суурь зарчмууд байна. Одоогоор байрны урьдчилгаа 10-30 хувь байхыг тодорхой заагаагүй байгаа. Учир нь арилжааны банкууд тухайн харилцагчийн нөхцөл боломж, эрсдлийг тооцон энэхүү хувиа тогтоох эрхийг олгосонтой холбоотой гэнэ. Гэхдээ орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй бага, дунд орлоготой иргэдийн хувьд 30 хувийн урьдчилгаа гэдэг бас л давашгүй даваа. Тиймээс хүн бүхэн л 10 хувийн урьдчилгаа төлөхийг хүсч байгаа.

Тэгвэл Засгийн газраас зорилтот бүлэгт олгох халамжийн бодлогоор моргейжийн зээлийн урьдчилгаа төлбөр 10, эсвэл 12 хувь байхыг шийдэх аж. Түүнчлэн дээрх хөтөлбөр тогтворжоод ирэхээр урьдчилгаа төлбөрийн хэмжээг Монголбанкнаас нэгдсэн бодлогоор буулгах боломжтой гэж байгаа юм.

Хамгийн гол нь энэхүү зээлд хамрагдах хүсэлтэй иргэд хэрэглээний зээлгүй байх ёстой аж. Хэрвээ цалингаа барьцаалаад хэрэглээний зээлд хамрагдсан бол зээлээ төлж байж орон сууцны зээлд хамрагдах юм байна. Найман хувийн хүүтэй зээлийг гаргаж эхэлснээр орон сууцны үнэ өсөх магадлалтай гэдгийг анхааруулж байгаа. Гэхдээ Засгийн газраас ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд хөтөлбөр эхлэхээс өмнө нийлүүлэлт талаа дэмжиж, барилгын салбарт 800 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн юм.

Мөн Монголбанк, Засгийн газар дахин 380 тэрбум төгрөгийг зөвхөн орон сууц барьдаг компаниудад олгосноор нийлүүлэлт тал дахь инфляцийн хөөрөгдлийг намжааж чадсан гэж мэдэгдэж байгаа.

Найман хувийн хүүтэй зээл орон сууцны үнийг хөөрөгдөх ёсгүй гээд орон сууцны ам.метрийн үнийг тогтоох боломжгүй. Тиймээс нийлүүлэлтийг дэмжсэнээр үнийн өсөлтийг үүсэхгүй байх боломжийг бүрдүүлсэн гэж байгаа юм.

М.Ариунсувд


URL:

Сэтгэгдэл бичих