ДИПЛОМАТУУД АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

IMG_1062___Өнгөрөгч амралтын өдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй Дипломат байгууллагын төлөөгчид сагсан бөмбөгийн талбайн аваргуудаа тодрууллаа.

АНУ-ын элчин сайд яам болон Голомт банкнаас хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй энэхүү сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд АНУ, ОХУ, Кувейт, Япон болон Гадаад харилцааны яам, Дипломат байгууллагуудын үйлчилгээ хэрэг эрхлэх газар зэрэг байгууллагуудын нийт 13 багийн 150 гаруй тамирчид оролцов.

Монгол улсын гадаад улс орнуудтай тогтоосон харилцаа хамтын ажиллагааг эрчимтэйгээр хөгжүүлэх хүндтэй үүргийг биелүүлж яваа эдгээр элч төлөөлөгчдийн хувьд жил бүрийн нэг өдөр мэргэжил нэгт нөхөдтэйгөө чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэх боломжийг энэхүү тэмцээн олгодог юм.

Спортын салбарыг тууштай дэмжигч Голомт банк Сагсан бөмбөг, Хөл бөмбөг зэрэг спортын олон төрлийн арга хэмжээг харилцагч байгууллагуудынхаа дунд зохион байгуулдаг уламжлалтай. Хамгийн сүүлд гэхэд Голомт банк Монголын Үндэсний Олимпийн Хорооны алтан түншээр ажиллаж, Лондон 2012 оны олимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчдынхаа амжилт, ялалтын оргилд хүрэх баярт мөчийг хамтдаа хуваалцсан юм.

Энэ удаагийн Дипломат байгууллагуудын нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй болон эмэгтэй багийн алтан медалийг АНУ-ын элчин сайдын яамны багууд тус тус хүртэж, эрэгтэй эмэгтэй багуудын мөнгөн медалийг Кувейтын ЭСЯ болон Дипломат байгууллагуудын үйлчилгээ хэрэг эрхлэх газар, хүрэл медалийн эзнээр ГХЯ-ны эмэгтэй баг, Голомт банкны эрэгтэй баг тус тус тодорлоо. Харин шилдэг эрэгтэй тоглогчоор Кувейтийн ЭСЯ-ны ажилтан Ч.Энхсанаа, шилдэг эмэгтэй тоглогчоор АНУ-ын элчин сайдын яамны ажилтан Т.Үүрийнтуяа нар шалгарав.


URL: