Ц.Долгор: Найман хувийн зээлд 14 бичиг баримт бүрдүүл гэсэн

58b886d6f0a2e339bigАрилжааны банкуудаас янз бүрийн эх үүсвэрээс гаргасан ипотекийн зээлийн хэмжээ нэг их наяд төгрөгт дөхжээ.

Энэ үед иргэдийн авсан зээлийн хүү 15.7-18 хувь байв. Эдгээр зээл найман хувь руу шилжих боломж өчигдрөөс нээгдлээ.

Ингэхдээ зээлдэгч болгоныг банкны үүдэнд дараалуулан зогсоохгүй байх талаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлага ярилцжээ.

Өөрөөр хэлбэл, өмнө өндөр хүү төлж байсан хүмүүсийн зээлийг банкууд найман хувьд автоматаар шилжүүлэхээр болжээ. Харин зээлийн нөхцөл өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор бага хэмжээний хураамж төлөх гэнэ.

Найман хувийн хүүтэй зээлийг банкууд өчигдөр олгож эхлэхтэй зэрэгцэн урьдчилгаа мөнгөө цүнхэлсэн, эсвэл баримт бичиг цуглуулж яваа хүмүүстэй таарлаа. Банкууд ч тэдэнд зориулан тус тусын шаардлагаа тавьжээ. Иргэдийн байр суурийг хүргэж байна.

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Долгор: ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ НЭХЭЖ БАЙНА

-ХААН банкнаас 14 төрлийн бичиг баримт шаардсан. Ажилладаг газар, амьдардаг хорооны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, ШШГЕГ-аас өр зээлийн хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт, өрхийн орлого тодорхойлох баримт, орлого, зарлагаа хөтөлдөг дэвтэр, худалдаж авах орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрээ, бизнес эрхэлдэг бол зөвшөөрлийн гэрчилгээ, түрээсэлдэг байр, лангууны нотариатаар батлуулсан гэрээ, түрээс төлсөн баримт, татвар төлсөн тайланг бүрдүүлж өгөөрэй гэсэн.

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Батгэрэл: УРЬДЧИЛГААНД ОРОН СУУЦ БАРЬЦААЛАХГҮЙ ГЭСЭН

-“Хадгаламж” банкны зээлийг судаллаа. Эднийх өнөөдөртөө /өчигдөр/ энэ зээлийг олгохгүй гэнэ. Ямар ч гэсэн энэ долоо хоногтоо багтаана гэлээ. Урьдчилгаанд заавал 30 хувийг төл гэсэн. Урьдчилгаанд орон сууц, хашаа байшин оролцуулахгүй гэсэн.

Баянзүрх дүүргийн иргэн М.Наранцэцэг: УРЬДЧИЛГААНЫ 20 ХУВЬД ХУУЧИН БАЙРАА БАРЬЦААЛЖ БОЛОХ НЬ

-Хас банк ойрын хэд хоногоос энэ зээлийг олгоно гэсэн. Эднийх найман хувийн зээл хөөцөлдөх иргэд 10 төрлийн бичиг баримт бүрдүүлнэ гэдгийг хэллээ. Мөн байрны урьдчилгаанд төлөх 30 хувийн 20 хувьд хуучин болон аав, ээжийнхээ орон сууцыг барьцаалж болно гэлээ. Хас банк орон сууцны найман хувийн зээл авах хүний банкны зээлийг яаж төлснийг судлах юм байна.

Баянгол дүүргийн иргэн Б.Батчимэг: 45-ААС ДЭЭШ НАСНЫХАНД 10 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ӨГӨХ ГЭНЭ

-“Голомт” банк найман хувийн хүүтэй зээлийг олгож байна. Зээлд өрхийн орлого 800 мянгаас нэг сая төгрөг байна гэдгийг хэллээ. Мөн 35-45 насныханд 15 жилийн хугацаатай зээл олгох юм билээ. 45-аас дээш настай зээл хүсэгчид 10 жилийн хугацаатай зээл олгоно гэж байна.

Э.Өнөр ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих