Ё.Отгонбаярт “жулдсан” Х.Цогнойжамц асар их хөрөнгөтэй гэнэ

munguteioӨБАБӨӨБӨБӨБИргэн О.Эрдэнэсолонгыг дөрвөн банкан дахь өөрийн эзэмшлийн 26 дансанд их хэмжээний мөнгө байршуулж, угаасан байж болзошгүй хэрэгт сэжигтэн холбогдогчоор татсан.

Энэ мэдээлэл цацагдах үеэр түүний нөхөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг. Өөрөө ч үүнийгээ баталж, “Хаан банк”-ны хадгаламжийн дэвтэр барчихсан “Тийм их хэмжээний мөнгө байхгүй. Бид хоёр 300-хан сая төгрөгийн хадгаламжтай” хэмээн дуншиж байсан. Гэвч түүний эхнэрийг цагдан хорьж, мөрдөн байцаах шалтгаан нь мань хүнээс үүдэлтэй байсан нь тун удалгүй олон нийтэд ил болсноор асуудал хөвөрч эхэлсэн юм.

Тиймээс юун түрүүнд Ё.Отгонбаяр хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон шалтгааныг товчхон өгүүлье. О.Эрдэнсолонгын гэгдэж байсан хэрэг Ё.Отгонбаярынхаар солигдсон шалтгаан нь тун энгийн. Татварын, МИАТ-ийн зэрэг хэргийг бодвол толгой эргэм, тархи гашлам их мөнгө, эрээлжилсэн холбоо сүлбээ гэх зүйл бараг үгүй. Харин тэднийг бодвол танхай, дээрэм тонуулын гэх “гудамжны” зүйл анги нэмэгдсэн байх юм. Энэ нь улс төр, бизнесийнхний дунд төдийлөн сонсогдож байгаагүй учраас их л шинэ соргог юм шиг санагдана. Гэхдээ шальдар бульдар шалтгааны цаана бас л өнөөх бэл бэнчин, хэн хэнийхээ халаасанд багтчихг үй гэсэн тэмцэл өрнөж байжээ.

Тодруулбал, Ё.Отгонбаярыг хууль хяналтын байгууллагад “матсан” гавьяатай иргэн Ч буюу Чогной гэх эрхэмд ээж, аав нь Х.Цогнойжамц гэх нэр хайрласан байх юм. Тэрбээр Ё.Отгонбаярыг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд байх үед нь төрөлх Налайх дүүрэгтээ 119 дүгээр сургуулийг өөрийн хөрөнгөөр барьжээ. Үүний дараагаар сургуулийг хүлээлгэн өгөх ажил үлдсэн ч тэрбээр хоёр жилийн хугацаанд ямар нэгэн шалтгаанаар сургуулийг хүлээлгэн өгч чадахгүй байжээ. Учир түүний сургуулийг хүлээлгэн өгөх ажилд Ё.Отгонбаяр 230 сая төгрөгийн “хориг” тавьсан гэдэг. Тэрбээр тэрхүү хоригийг давж чадалгүй байсаар дараагийн сайдын нүүрийг үзэж, сургуулиа улсад хүлээлгэн өгчээ.

Улмаар улсаас өөрийн гаргасан зардлаа авсан учраас Ё.Отгонбаяр өөрийн найз А.Чинбатаар дамжуулан мөнгөө нэхсэн юм байх. Мэдээж Х.Цогнойжамц 119 дүгээр сургуулийг улсад хүлээлгэн өгсөн учраас тэднийг үл тоох нь ойлгомжтой. Ингээд л Ё.Отгонбаярыг бассан Х.Цогнойжамц шангаа хүртэж Энхтайвны гүүрэн дээр “элгээрээ мөлхсөн” түүхтэй. Улмаар хохирогч гэгдэж байгаа Х.Цогнойжамц хуулийн байгууллагад хандаж УИХ-ын гишүүний суудлыг ганхах хэмжээнд хүргээд байна. Өнөөдрийн байдлаар Ё.Отгонбаярын хэрэгт холбогдуулан түүний найз А.Чинбатыг Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-аас саатуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад 230 сая төгрөгийн авлига нэхэж, Х.Цогнойжамцыг дарамтлан заналхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин авлигын үйлдлийг илчилсэн, “ариун мөртэй” Х.Цогнойжамц гэж хэн болох талаар хүргэж байна.

Х.Цогнойжамц нь хулхи хочоороо алдаршжээ

Тэрбээр Налайх дүүргийн унаган хүүхэд бөгөөд яам, тамгын газар, УИХ, УМБГ-аар дүүрэн найз нөхөдтэй гэнэ. Тиймдээ ч Ё.Отгонбаяр зэрэгт дээрэлхүүлээд байхаар жулдрай нэгэн биш талаар учир мэдэх нэгэн өгүүлэв.

Түүнчлэн түүнийг бизнесийн хүрээнийхний дунд мэдэхгүй хүн ховор юм билээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас эхлээд ах дүүгийн барилдлагатай болсон түүнийг “хулхи” хочоор нь анддаггүй аж. Өөрөө ч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд хандив өгдөг бөгөөд үүнийгээ ч хүмүүсээс нууж хаалгүй ярьж явдаг гэнэ. Түүний арыг даадаг бас нэгэн нөлөөтэй эрхэм нь цагдаагийн байгууллагын хөрөнгөжсөн хурандаа нарын нэг болох н.Дагвасүрэн гэх. УМБГ-т жилийн өмнө хэлтсийн дарга байсан энэ хүн өдгөө АНУ-д боловсрол эзэмшиж яваа гэдэг. Гэвч учир мэдэх нэгэн нь хөрөнгөтэй хурандаа нарыг шалгах сургаар АНУ руу сурах нэрээр дайжсан гэх нь бий.

Хурандаа Дагвасүрэнгийн хөл дүүжлэх унаа л “LEXUS -570”, халаасанд нь мөнгө хийдэг газар нь “Хороолол” барилгын зах байсан гэнэ. Харин эрхэм хурандааг УМБГ-т хэлтсийн даргын алба хашиж байхад Цогной ажилтан нь юм шиг л өрөөгөөр нь эргэлддэг байсан гэлцдэг. Мөн сангийн яамны Батжаргал, Багануурын нүүрсний уурхайн дарга асан н.Дашпэлжээтэй маш ойр байжээ. Тиймдээ ч нүүрсний уурхайд техник хэрэгсэл нийлүүлдэг байсан аж. Ингэхдээ тэрбээр Багануур, Шивээ-Овоод уул уурхайн том механизмуудын сэлбэг, эд анги нийлүүлдэг байжээ. Компаниудад эд анги нийлүүлэхдээ ид ачааллынх нь үед жолооч нартай нь тохиролцон механизмуудынх нь эд ангийг эвдүүлчихээд 4-5 дахин нугалж зардаг байсан гэнэ.

Нэг үгээр хэлбэл, өөрөө гаднаас уул уурхайн том механизмуудын эд ангийг оруулж ирчихээд өөртөө байгаа эд ангийг жолооч нараар захиалж, эвдүүлдэг байж. Ийнхүү ид ажлын үед механизм нь зогсож, ажил хийх нөхцөл, бололцоо байхгүй болох үед компаниуд тухайн эд ангийн эрэлд гардаг байна. Урсгал засварынхаа үед 200 мянган ам.доллараар авах эд ангийг зальт Х.Цогнойжамцаас хэд дахин нугалсан үнээр авдаг байна. Нийслэл өргөө, мөн шахмал түлшний үйлдвэр барьж байсан нэгэн иргэн хүртэл түүнд хулхидуулсан талаар хүүрнэж байна. Тиймээс л тэрбээр хулхи нэрээрээ бизнесийн салбарт алдаршжээ.

Мөн Х.Цогнойжамц нь “Тавин лан” гэх компанитай, Зайсанд соёмбот уулын өвөрт 12 давхар орон сууцны барилга бариулж байгаа бол Үйлдвэр комбинатын троллейбусны эцсийн буудлын яг хажууд томоохон газарт барилга барихаар зэхэж, газар шорооны ажлаа эхлүүлжээ. Тэрбээр “Royal Castle”-д амьдардаг бөгөөд “UB” март дэлгүүрийн хойд талд том газар эзэмшдэг аж. Бэл бэлчин, үл хөдлөх газрын хувьд хэнээс ч дутахгүй тэрбээр Ё.Отгонбаяртай хөрөнгө мөнгөний бус ашиг сонирхлын тал дээр зөрчилдсөн байж мэднэ. Юутай ч авлигыг илчилсэн баатар маань тийм ч гэнэн цагаахан нэгэн биш бололтой.

Төрийн түшээтэй хүртэл сөргөөцөлдөж, олон тооны дансыг илчилж өгсөн тэрбээр илүү ихийг ч мэдэж байж болно. “Нуухаа авах гээд нүдээ сохлов” гэдгийн үлгэр болохыг хэн ч үгүйсгэхгүй юм.

Б.Ширнэн

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих