Баарны барменаас төрийн сайд болтлоо томорсон Э.Тамирын үнэн түүх-1

tamirӨдгөө Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын үүрэгт ажилд томилогдсон Э.Тамир гэх эрхэм эрийн сайндаа дээрх суудал хүрээгүй талаар бид өмнөх дугаартаа хүргэсэн.

200 сая төгрөгийн авлига өгч “Нэг Ардчилал” фракцийнхандаа тал зассанаар араасаа түлхүүлж, сайдын суудалд арай ядан сандайлсан түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг амласан ёсоороо хүргэж байна. Тэрбээр III хорооллын унаган хүүхэд бөгөөд 40 дүгээр сургуульд суралцах явцдаа Чех улсын гутлын ТМС-д шилжин суралцсан ч төгсөж чадалгүй ирсэн байна. Дараагаар нь “Орхон” их сургуульд суралцаж диплом авсан гэж өөрөө хэлдэг ч өнгө мөнгөний ачаар өвөртөлсөн талаар баттай эх сурвалж мэдээлэв.

 

 

Үүнийг үгүйсгэх аргагүй бөгөөд түүний төгссөн гээд байгаа он цагийг нэхэн үзвээс анги нэгтнүүд дунд нь Э.Тамир гэх оюутныг таньж мэдэх хүн алга. Харин Удирдлагын Академид ичнээгээр суралцаж төгссөн нь үнэний ортой аж. Ийн өгүүлэхийн учир нь ар өврийн хаалгаар шургалж, татаас, түлхээс ашиглаж сурсан тэрбээр төгсөх шалгалтын босгыг арай ядан давсан байна. Тиймээс түүнийг шуудхан л боловсрол муутай дэд сайд хэмээн өргөмжлөх нь үнэнд нийцнэ. Үгүйсгэх аваас хуучин “Од” кино театрын хажууд байрлах “Параг” бааранд бармен хийж байсан үеийг нь ч дурсаж болох.

Өөрийн хүчээр өндөрлөгт хүрч чадаагүй тэрбээр хэрэгтэй нэгэндээ хачиг шиг наалдаж, хэрэггүй болохоор нь хог шиг хаядаг зуршилтай гэдгийг хавь ойрын хүмүүс нь хүүрнэн өгүүлдэг юм билээ. Харин түүний амьдралд тохиолдсон хамгийн том аз нь 1999 оны үед тохиолдсон байх юм. Тодруулбал, Японы “Иточу” корпорацийн Монгол дахь салбарын захирал Т.Энхбат Э.Тамирын эгчтэй дэр нэгтгэсэн явдал.  Хэдийнэ гэр бүлээ батлуулсан албан ёсны гэргийтэй байсан ч Э.Тамирын эгчтэй эхлүүлсэн харьцаагаа дуусгаж чадалгүй, эцэст нь эхнэртээ хаягдаж, хоёр дахь амьдралаа зохиожээ. Энэ нь Э.Тамирт ч завшаан болох нь тэр. Учир нь Т.Энхбат хүргэн дүүг төлөөлөгчийн газартаа менежерийн ажилд оруулж, бармен залууг баян болгох гарааг эхлүүлжээ. Гэвч хожим нь толгойгоо газар шаахад хүргэх юм чинээ санасангүй. Сийрүүлбэл, бармены боловсролтой Э.Тамир дотоод тамираа гаргаж ахынхаа компанийг аажим аажмаар хумслах болжээ. Боловсрол эзэмшээгүй ч бусдыг шулж, мөлжих “боловсролыг” дээд зэргээр эзэмшсэн түүний алхам амжилттай болж хүргэн ахын компанийг ховдоглож чадсан түүхийг өгүүлье.

Э.Тамир хүнд машин, механизм оруулж ирдэг “Комит сервис” компанийг хөлс хүчээ шавхан босгосон талаар нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ. Гэвч хүний компанийг хумсалж байхдаа хөлс нь чахраагүй л бол хөдөлмөрийн хөлс нэг ч дусал унагаагүй гэдгийг учир мэдэх хүмүүс өгүүлж байна. Тухайн үед Т.Энхбат “Комит сервис” компанийн томоохон хувьцаа эзэмшигч байжээ. Тус компани нь “Иточу”-гаас хөрөнгө оруулалтаа шууд татдаг аж. Гэтэл нэг өдөр Т.Энхбатын нэр дээр нэг ширхэг ч хувьцаа үлдээгүй байна. Учир нь Э.Тамир Японы талд хувьцаа эзэмшигч нэрээр өөрийн ээж, хамаатан саднаа танилцуулж, бусдын хувьцааг өөрийн болгож чадсан гэдэг. Ингэснээр Т.Энхбатыг аажим аажмаар шахаж, “Комит сервис”-ийг Японы талаас ч Т.Энхбатаас ч эвтэйхэн салгаж дөнгөжээ. Товчхондоо, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрийн хамаатнуудаар дүүргэж, хувьцаан дээр хууран мэхлэлт хийж буруу замаар будаа тээсэн нь амжилттай болов.  Гэвч буцахдаа шороо тээнэ гэх эртний үг бий.

Тэрбээр тус компанийн захирал болоод үндсэн мэргэжилтнүүдийг шахаж эхэлсэн байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан компани тэс өөр маркетинг хэрэгжүүлж эхэлсэн нь хөрөнгө мөнгөтэй нэгний хэтэвчинд наалдах арга ухаан байлаа. Ганцхан жишээ дурьдахад л, Эрдэнэтийн ГОК-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзоригт онцгой бэлэг илгээж түүнийхээ ачаар хүнд машин, механизмаа худалджээ. Үүгээр дуусахгүй түүний хударгагүй зангийн золиосонд олон хүн өртсөн гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг юм билээ. Жишээ нь, тэрбээр н.Ганболд, “Голомт” банкны захирал Д.Баясгалан нартай хамтарч “TBE” гэх зам засварын тоног төхөөрөмж оруулж ирдэг компанийг байгуулсан түүхтэй. Гэсэн ч мань хүн хамтрагчаа нударч, “ашиггүй ажиллаж байна” гэх шалтгаанаар ашгийг нь хувьдаа завшдаг байжээ. Удалгүй тэд тангараг тасарч компаниа татан буулгасан байна.

Э.Тамир хуучин эхнэрээсээ нэг охинтой бөгөөд одоогийн эхнэр болох н.Солонгоогоос хоёр хүүхэдтэй. Түүний хуучин эхнэр, хүүхэд нь өдгөө Сингапур улсад амьдарч буй бөгөөд тэдэндээ сард 4-5 мянган ам.доллар явуулдаг сүйхээтэй нэгэн аж. Түүнчлэн “Комацу”-д хүчин зүтгэж байхдаа тус компанийн хөрөнгөөр “Эрэл”-ийн байрнаас хоёр байрыг өөрийн нэр дээр шилжүүлж дөнгөсөн аж. Харин өдгөө нэг байрыг нь салсан эхнэрийнхээ охинд бэлэглэж, түүнийхээ нэр дээр шилжүүлжээ. Түүний бэлэглэх байр үүгээр дуусахгүй. “Американ дэнж”-ийн ойролцоо бас нэг байр түүнд бий бөгөөд А.Сүхбат аваргын ах А.Батсүхэд харамгүй сэтгэлээр хандивласан юм байх. Өдгөө өөрөө XIII хорооллын “Тохилог 16” байранд нэг биш хоёр давхараар нь эзэмшиж, хангалуун амьдралаар халгин цалгин байна. Боловсролгүй ч бусдын хөрөнгөөр хөлжсөн түүний амьдралын “бяцхан” түүхийг үргэлжлүүлэн хүргэх болно. Хүнд онцгой бэлэг өгөх дуртай өөрөө ч хэрэглэх дуртай мань хүний онцгой сонголтыг дараагийн дугаараас хүлээн авч уншаарай.

 

“NT” © Б.ШИРНЭН

 

 

Эх сурвалж: niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих