Монголоо гоёж сонгоно

Би Улаанбаатарын суугуул,  Улсынхаа  уугуул нэгэн иргэн.  Би нам нам гэж навсайж гүйгээгүй харин ном ном зүтгэж яваа эгэл нэгэн багш, бас энгийн нэгэн судлаач.

Багш  бол худал, хуурмаг, мунхаглалыг бус харин ухаарал, сэхээрэл, гэгээрлийн үрийг түмэнд түгээгч, соён гэгээрүүлэгч юм.  Ийм учраас тэр “Хүүхэд бүр баяр хөөртэй байгаасай. Хүний нийгэм сэхээрэл, ухааралд хөтлөгдөөсэй” гэж  чин хүсдэг, бас чин зүтгэдэг.

Судлаач  бол  шинж чанарт хууртдаггүй харин мөн чанарт татагддаг. Тэр утга  хайж, үнэнд ойртохыг чинхүү хичээдэг.  Ийм ч учраас тэр “Утгатайг оршино, ирнэ” гэж итгэдэг,  “Утгагүйг харин одно, буцна” гэж  боддог.

Ийм нэгэн уугуул иргэн, ийм нэгэн энгийн багш, ийм нэгэн эгэл  судлаач би Монголын Улсын ерөнхийлөгчийн ээлжит энэ сонгуульд Монголоо гоёж сонголт хийнэ.

“Монголоо гоёж сонгоно” гэж ийнхүү хэлэхэд  учир ч байна, бас  ухаарал ч байна.

Энэ нийгэмд зөв ёс зүй хэрэгтэй байна. Ёс зүй үгүйрч, алийгаа алдах нь улс үндэстэнд аюултай. Учир нь ёс зүй үгүй болоход буруу зөвөө ялгадаггүй юм. Зөв нь буруу , буруу нь зөв болоод ирж мэднэ ээ. Иймд би ёс зүйтэй, буруу, зөвөө ялгадаг тэр нийгмийг хүсэж байна. Ийм нийгмийг бүтээхэд ёс зүйн үлгэр, ёс зүйн манлайлал амин чухал гэдгийг ч бас гадарлаж байна. Гэвч хүссэн хүн бүр ийм манлайлалыг үзүүлж үл чадна аа. Хулгайч хулгайчийн үйлдлээрээ, худалч худалч зангаараа, авилгач авилгачийн авираар л үлгэрлэдэг. Харин  өөрөө ёс зүйн зөв үлгэр болж чадсан  тэр хүн  л ганцхүү өрөөлийг зөв ёс зүйгээр манлайлна.  Би үүнд итгэдэг.  Ийм л учраас би Монголоо гоёж сонгоно.

Энэ нийгэмд  зөв ёс суртахуун хэрэгтэй байна.  Ёс суртахуунгүй болж алийгаа  алдах нь энэ улсад аюултай. Учир нь  ёс суртахуун доройтоход сайн муу; сайхан муухайгаа ялгаж таньдаггүй, таньж ялгадаггүй.  Сайн нь муу, муу нь сайн; сайхан нь муухай, муухай нь сайхан болох нь хээв хэвийн юм шиг болоод ирж мэднэ ээ.  Иймд би ёс суртахуунтай, сайн муугаа; сайхан муухайгаа ялгаж таньдаг тэр нийгмийг  хүсэж байна. Ийм нийгмийг бүтээхэд ёс суртахууны үлгэр, ёс суртахууны манлайлал чухлаас чухал гэдгийг ч  гадарлаж байна.  Гэвч хүссэн хүн бүхэн ёс суртахууны ийм манлайлалыг үзүүлж үл чадна аа. Харин өөрөө ёс суртахууны үлгэр болж чадсан гагцхүү тэр хүн л өрөөлийг ёс суртахуунаар хөтөлнө.  Би ингэж  итгэдэг.  Ийм л учраас  би  Монголоо гоёж сонгоно.

Энэ нийгэмд хайр энэрэл, нинжин сэтгэл хэрэгтэй байна.  Хайр энэрэл үгүйрсэн тэр газар худал хуурмаг, харгис хэрцгий амилдаг. Харгис  хэрцгий, зэрлэгжилтийг  харгис хэрцгийгээр  бус харин хайр, энэрлээр л зөөллөдөг. Иймд би хайр энэрэл түгсэн, нинжин сэтгэлээр бялхсан тэр нийгмийг бүтээхийг хүсэж байна.  Ийм нийгмийг бүтээхэд их амархаан. Хайр энэрлийг үнэн түгээх хэрэгтэй. Гэвч хүссэн хүн бүр хайр энэрлийг тэгэж үнэн түгээж, манлайлж үл чадна аа. Харин  хайр хүндэтгэлээр өөрөө бялхсан тэр хүн л гагцхүү бусдад хайр энэрлийг үнэн түгээнэ. Би үүнд итгэдэг.  Ийм л учраас  би  Монголоо гоёж сонгоно.

Энэ сонгууль эх болсон байгалаа гэсэн сонгууль болог. Энэ сонгууль элгэн түмнээ гэсэн сонгууль болог. Энэ сонгууль монголоо гэсэн сонгууль болог.  Энэ сонгууль хийрхэлд төгсгөл, хийхэд эхлэл тавьсан сонгууль болог. Энэ сонгууль монголоо гоёсон сонгууль болог.  Ийм л сонгууль болоосой гэж би Монголоо гоёж сонгоно.

Ц.Лувсандорж

 

Эх сурвалж: http://undesniibolovsrol.blogspot.com/


URL:

Сэтгэгдэл бичих