Авлигын эсрэг Бразил түмний бослого

2013062407t

Өмнөд Америкийн хамгийн том улс Бразилд урьд өмнө болж байгаагүй өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаал цуглаан хоёр хоногийн турш үргэлжилж байна. Нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмснийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өргөжсөөр тус улсын нийгэм-эдийн засгийн бодлогыг бүхэлд нь шүүмжилсэн ард түмний өргөн хүрээний хөдөлгөөн болон өргөжжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний хамгийн идэвхтэй хэсэг нь дунд ангийнхан бөгөөд тэд Засгийн газраа өөрсдийнх нь ашиг сонирхлыг үл хайхарч буйд бухимдах болсон аж.

Тус улсын хэд хэдэн хотод мет­ро болон автобусаар зорчих тасал­барыг зэрэг нэмэх шийдвэр энэ сарын 1-нээс эхлэн хүчин төгөл­дөр болжээ. Стагфляц буюу эдийн засгийн өсөлтийн хурд саарахын сацуу хэрэглээний барааны үнэ огцом өсөх явдал гаарч буй Бразилд энэ шийдвэр энгийн иргэдийн амьдралд нэмэлт дарамт учруулах болсон нь мэдээж.

Уг нь алдагдалтай ажилладаг нийтийн тээврийн тасалбарын үнийг 10 хүрэхгүй хувиар, Сан-Пауло хотод гэхэд гурван реалаас 3.25 реал хүртэл нэмэгдүүлсэн байна. Гэвч энэ нь олон нийтийн тэвчээрийг барагдуулсан шийдвэр болсон нь илт.

Эхэндээ энхийн, тайван төлөвтэй байсан эсэргүүцлийн үйл ажиллагаа яваандаа гудамжны дайн маягийн шинжтэй болжээ. Замбараагүй байдал газар авч эхлэнгүүт цагдаа нар жагсаал цуглаанд оролцогчдыг олноор нь баривчилсан аж. Жагсагчдын үзэж буйгаар цагдаа нар тэдний эсрэг хэтэрхий хэрцгий загнах болсон байна. Энэ нь эсэргүүцлийн хүрээг хумилгүй харин ч эсрэгээр, улам өргөжихөд хүргэжээ.

Өдгөө Бразилийн томоохон хотуудад 250 мянга гаруй хүн гудамжинд байнга жагсч байгаа гэнэ. Зөвхөн Рио-де-Жанейрод гэхэд л 100 мянга гаруй хүн жагсч буй аж. Тус улсын нийслэл Бразилиа хотод 200 хүн Конгрессийн ордны дээврийг бүтэн өдрийн турш эзэлсэн тохиолдол ч гарчээ. Тэднийг дээврээс буухыг ятгаж чадсан бөгөөд нэг ч хүнийг баривчлаагүй юм. Гэвч маргааш нь гэхэд таван мянга гаруй эсэргүүцэгч Конгрессийн ордныг бүслэн хууль тогтоогчдыг оруулахаа байжээ.

Ийм цар хүрээтэй эсэргүүцэл­тэй тулгарч үзээгүй дөрвөн ч хотын удирдлага зорчигч тээврийн үнэ тарифаа энэ сарын 18-ны өдрөөс эргээд бууруулжээ. Удахгүй Сан-Пауло хотын захиргаа ч мөн ийм шийдвэр гаргах төлөвтэй. Бразилийн удирдлагууд ийнхүү буулт хийх болсон ч эсэргүүцлийн хөдөлгөөн намжсангүй. Жагсагчид төр, засагт газар авсан авлигыг эрс шүүмжлэх болсон учраас тэр. Тэдний үзэж буйгаар Бразилийн удирдлага энгийн иргэдийн эрх ашигт үйлчлэх үүргээ умартан хувийн ашиг хонжоо хайх нь улайм цайм, ил шахуу болсон гэх.

Жагсагчид түүнчлэн тус улсад 2014 онд болох хөлбөмбөгийн ДАШТ, 2016 онд болох Олимпийн наадамд бэлтгэх явцад асар их хөрөнгө мөнгийг шамшигдуулж буйд дургүйцэж байгаа аж. Дашрамд дурдахад хөлбөмбөгийн ДАШТ-д бэлтгэх ажлын хүрээнд энэ сарын 15-наас Бразилд болж буй Конфедерацийн цомын тэмцээн эхэлсэн билээ. Бразилийн Засгийн газар 2007 онд хөлбөмбөгийн ДАШТ болох 12 цэнгэлдэх хүрээнгийн барилга засварын ажилд улсын данснаас нэг ч мөнгө гарахгүй, хувийн хөрөнгө оруулагчдын мөнгөөр хийнэ гэж амлажж байсан ч эцэст нь шаардлагатай хөрөнгийн 90 гаруй хувь буюу гурван тэрбум ам.долларыг улсын төсвөөс санхүүжүүлсэн аж.

Яам тамгын газруудын хоо­рон­дын уялдаа холбоо муугаас, тө­рийн албан тушаалтнууд тэрхүү төс­вийн мөнгөнөөс авлига авах болс­ноос үүдэн дээрхи спортын хоёр томоохон тэмцээнд бэлтгэх зар­дал хэрээс хэтэрч, дэлхийн хөл­бөмбөгийн ДАШТ 12 тэрбум ам.дол­лар, Олимпийн наадам 14 тэр­бум ам.доллратай тэнцэх төс­вийн мөнгийг залгих төлөвтэй байгаа гэнэ.

Жагсагчдын барьсан түгээмэл лоозонгуудын нэг нь “Бид нарт ДАШТ хэрэггүй. Эмнэлэг, сургууль хэрэгтэй” гэсэн бичигтэй аж. Тус улсын хүн амын ердөө 50 хувд эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй бөгөөд боловсролын салбар нь ч хөрөнгө мөнгөөр байнга гачигддаг байна. Дээр нь зам тээвэр, дэд бүтцийн салбарын хөгжил ч хангалтгүй аж.

Энэ бүхэнд жагсагчид авилгалд автсан удирдлагаа буруутгаж байгаа юм. Эсэргүүцлийн хөдөлгөөнд сүүлийн хэдэн жилийн эдийн засгийн хурдацтай өсөлтийн ачаар үүсч бэхжсэн дунд ангийн иргэд манлайлж байгаа ажээ. Дунд ангийнханд тус улсын нийт хүн амын 20 хувь буюу 40 сая иргэнийг хамруулдаг гэх. Өөрсдийн чадвар, мэдлэг боловсролынхоо хүчээр багагүй амжилтад хүрсэн тэд амьдралынхаа түвшинг бууруулахыг хүсэхгүй, шудрага бусаар баяжигч албан тушаалтнуудыг огцруулах нь зүйтэй гэж үзэх болсон юм.

Нэгэн жагсагч “Ройтерс” агент­лагийн сурвалжлагчид ярихдаа, “Төрийн өндөрлөгт гар­сан л бол юу дуртайгаа хийнэ гэж бодсон улстөрчид бидний хөдөл­гөөнөөс нэг зүйлийг ухаарах хэрэг­тэй. Энэ улсад тэд бус бид эзэд нь. Иймд ард иргэдээ хүндэлж сурах нь дээр” гэжээ.

Хэдийгээр жагсагчдын шаард­лагууд нь өөр ч Бразилд болж буй үйл явдал Туркийнхтэй олон та­лаа­раа төстэйг ажиглагчид хэлэх бол­лоо. Аль алинд нь үл ялиг орон нутгийн төдий шалтгаанаас үүд­сэн жагсаал бүх нийтийнх болж өргөж­жээ. Аль алинд нь цагдаа нарын үйл­дэл эсэргүүцлийг бууруулах бус, харин ч улам дэвэргэхэд хүр­гэ­жээ. Түүнчлэн эсэргүүцлийн хө­дөл­гөөний гол хүчин нь эрх ба­ригч­дадаа шаардлага тавих эрх­тэй­гээ бүрэн ухамсарласан дав­хар­гынхан болсон явдал ч ижилхэн ажээ.

Б.БАРС

/Зууны мэдээ/


URL:

Нэр: Tyrone Cola Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.