Ли Пен: Дундаж цалин Бээжинд 800-900, Шанхайд 1000 ам.доллар байна

Ли Пен: Дундаж цалин Бээжинд 800-900, Шанхайд 1000 ам.доллар байна

Хятад бол XXI зууны үзэгдэл. Үүнийг Хятадын загварыг дэмжигчид ч, эсэргүүцэгчид ч няцаадаггүй. Геополитикийн талбар дээр маш сайн тоглодог.

Харин ард түмнийхээ амьдралын төвшинг доошлуулсны хүчинд эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрсэн гэх яриа бий. Хятадын гайхамшгийг бүтээгч энгийн иргэн яаж амьдардаг вэ. Энэ талаар энгийн хятад иргэн, жуулчдын хөтөч Ли Пен “Правда”-д ярьж байна.

-Ли, Хятадын улс төр, эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэх вэ?
-Эдүгээ Хятадын гол зорилго нь эдийн засаг болж байна. Дэлхий даяар хямрал нүүрлэж, Хятад ч гарцаа хайж байна. Өмнө нь Хятад Азийн бусад улсын адилаар зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байсан. Бидний цаг үед бүх юм өөрчлөгдөж, Хятад улс Европ, Америкийн зах зээл рүү чиглэж байна. Улс төрийн хувьд бол Япон, Вьетнамтай газар нутгийн маргаан өрнүүлж, таагүй байдал үүсээд байна. Энэ асуудлыг мэдээж дипломат аргаар шийдвэрлэх хэрэгтэй. Хятад улс хэнтэй ч харилцаагаа хүндрүүлэхийг, тэр тусмаа дайтахыг хүсэхгүй байна. Ингэвэл эдийн засагт л муугаар нөлөөлнө.

-Энэ бол глобал дүр зураг. Харин газар дээр, амьдрал дээр хятадууд хэрхэн амьдарч байна вэ?

-Энгийн хятад иргэд өнөөдөр сайн амьдарч байна. Сүүлийн 30 жил улс оронд эдийн засгийн хувьсгал хэмээн нэрлэгдсэн том өөрчлөлт гарсан. Эдгээр он жилүүдэд өөрчлөлт шинэчлэл тун хурдан явагдсан. Хятад дахь амьдралын одоогийн төвшнийг таван жилийн өмнөхтэй харьцуулахад л асар их ялгаа харагдана.

Эдийн засгийн хөгжилтэй хамт ирсэн олон асуудалтай тулгарах нь иргэдэд амаргүй байсан байх. Дэд бүтэц нь хангалттай хөгжөөгүй хөдөөний хотууд гарч ирлээ. Экологийн асуудал хажуугаар нь босч ирж байна. Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, манай улсад эмнэлгийн үйлчилгээ сайн хөгжиж байна. Хүмүүс эмчилгээний зардлын 15- 20 хувийг л төлдөг. Бусдыг нь улс хариуцаж байна.

Дундаж цалингийн тухайд, Бээжинд 800-900 ам.доллар. Шанхайд арай илүү 1000 ам.доллар. Том биш хотуудад дундаж цалин 300-400 “ногоон” байна. Хятадад “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” бодлого хэрэгждэгийг мэдэх байх. Би үүнийг дэмждэг. Гэр бүлийн нэг хүүхэд шаардлагатай бүх анхаарал халамжийг авч байна. Сайн хооллож, сайн хүмүүжүүлж байна. Нөгөө талаас, энэ нь тэдний зан аашинд нөлөөлж эрх дураараа, хувиа хичээсэн хүн болгодог. Орчин үеийн залуус ер нь нийтэч биш, ихэнх нь интернэтээр харилцахыг эрхэмлэдэг. Гэвч хятад залуус сайн боловсрол эзэмшдэг.

-Үйлдвэрлэл хөгжсөнөөр хөдөөнөөс хот руу орох урсгалыг бий болгодог…?

-Тэд илүү цалинтай ажилд орох гэсэн ганцхан шалтгаанаар л хөдөөнөөс хот руу орж ирдэг. Гэвч том хотод ирж байгаа хүмүүст арай өөрөөр ханддаг л даа. Үүний хажуугаар том хотын хүмүүс хөдөө шилжих, жижиг биш хотод амьдрах эсрэг урсгал бас байна. Агаар нь цэвэрхэн хөдөө нутагт ямар нэг аж ахуй эрхлээд амьдрах хүсэлтэй хотын иргэд их байна.

-Хятадын ололт амжилт коммунист нам болон коммунист сургалтын хятад хувилбартай холбоотой байдаг. Энгийн иргэд нь ийм санаа бодлыг хуваалцдаг уу?
-Өмнө нь энгийн иргэнд зөвхөн амьдралынх нь төвшин чухал байсан. Одоо хүмүүс улс төрийг илүүтэй сонирхож, зурагт үзэж, интернэтээр хэсэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон. Ер нь, хятад иргэд коммунист намд сайн ханддаг. Намын үйл ажиллагааг, жишээ нь интернэтээр шүүмжлэх нь гэмт хэрэг биш. Гэхдээ сэтгэл хөдлөлөө дэвэргэлгүй, зарим хэм хэмжээг сахих хэрэгтэй. Эс бөгөөс хуульд харшилж магадгүй.

-Хятад нь аялал жуулчлалын хөлд дарагдсан улс. Жил бүр 100 сая жуулчин ирдэг. Олон түүхэн хөшөө дурсгалыг устгаагүй, байгалийн сайхныг сүйтгээгүй бол илүү олон жуулчин ирэх байсан байх даа?

-Дэлхийн олон хүн хятад орныг бараан дүнсгэр, хоцрогдсон, түгжигдсэн улс, хүмүүс нь найрсаг, сайн, хөгжилтэй биш гэсэн ойлголттой байдаг. Харин энд ирээд аялж үзээд энэ бодол нь бүрэн өөрчлөгддөг. Надаас гадаадын жуулчид байнга асуудаг, хулгай хийсэн хүний гарыг тайрдаг хууль байдаг уу гэж. 100 жилийн өмнө л ийм зүйл байсан. 100 жилийн өмнө АНУ-д хар арьстныг нохойтой зүйрлэж, цагаан арьстнуудтай хамт нэг газар орохыг хориглож байсантай адилхан. Манай Засгийн газар гадаадын жуулчдыг татахын тулд маш их ажил хийдэг.

-Та нар Америкт хэрхэн ханддаг вэ?

-Хятадууд бид АНУ-д тийм ч дуртай биш. Яагаад гэвэл Америк бол Японы холбоотон. Мөн Хятадын эсрэг үзэлтэй Вьетнамыг зарим асуудал дээр дэмждэг. Дэлхийн II дайны дараа америкчууд Хятадын Сенкаку арлыг Японд шилжүүлж өгсөн. Үүнээс болж Хятад, Япон хоёр газар нутгийн маргаан дэгдээж байна.

-Хятад иргэд ямар өөрчлөлтийг хүсч байна вэ?
-Амьдралын нөхцлийг сайжруулаасай гэж хаа сайгүй хүсч байна. Хятадуудын ихэнх нь Тайвань арлыг буцаад Хятад улсын бүрэн эрхт газар нутаг болоосой гэж хүсдэг. Эрх баригчид энгийн иргэдийг сайн халамжилдаг. Орлого багатай иргэдэд олон тусгай сургууль, эмнэлэг барьсан. Эдүгээ улс орны зүүн хэсэг нь баруунаасаа илүү хөгжсөн. Тиймээс баруун нутаг руу шилжин амьдрах гэж байгаа залуу хүмүүсийг төрөөс ихээхэн дэмждэг.

-Залуусын амьдралын гол зорилго юу байна?
-Ширээн дээрээ юу тавих вэ гэдэг үргэлж хамгийн чухал зүйл байсаар ирсэн. Томоохон тулгамдсан асуудлын нэг бол орон сууц. Орон сууц маш үнэтэй байна, олон хүнд тэнд орох боломж алга. Хэн нэг нь орон сууцанд амьдарч байгаа бол өв залгамжилж авсан гэсэн үг. Ихэнх хүмүүс байр худалдаж авах чадваргүй байна. Хятадад нэг уламжлал байдаг. Өөрийн гэсэн орон гэр бол чиний үндэс суурь гэдэг. Орон байртай хүн цаашдаа тайван амьдарч чаддаг. Тиймээс хятадуудын хувьд байр, орон гэр маш чухал.

Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч нөхцөл нь хатуу. Сарын хамтын орлого нь хоёр мянган ам.доллараас хэтрэхг үй гэр бүлд энэ орон сууцыг олгодог ч дарга, түшмэлүүд замаас нь аваад дамлаж зарах нь их.

-Хятад иргэд хаана амарч, аялаж байна вэ?
-Сүүлийн 10 жилд хятадууд Европ, Америк руу их аялах болсон. Баян хятадууд гадаадад үл хөдлөх хөрөнгө, заримдаа бүхэл бүтэн гудамжийг худалдан авч байна. Хятадын хүн амын нэг хувь нь саятан. Тэгэхээр нэг сая 500 мянган саятан байна гэсэн үг. Гэхдээ тэдний ихэнх нь өөрсдийн хөдөлмөрөөр бус, улсын хөрөнгийг үнэгүй шахам авч баяжсан хүмүүс.

Энгийн иргэдийн хувьд гадаадад амрана гэдэг их үнэтэй. Тиймээс дийлэнх нь амралтаараа гадаад явж чаддаггүй. Харин дотооддоо их аялж байна. Хайнань зэрэг дэлхийн хэмжээний амралт зугаалгийн газар их гарч ирсэн. Тийшээ их явдаг.

Н.Мөнхжин /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.