Наадмын “наастр” будаа

Монгол түмэн их баяр наадмаараа аль болох билэгтэй үг ярьж, хотол олноороо цэнгэн наадахыг хичээдэг. Харамсалтай нь баяр наадам ойртож буй энэ үед билэггүй үг ярихаас өөр арга алга.

Монгол түмний наадмын “наастр” яагаад будаа болов гэдгийг хэн хүнгүй харж л байгаа. Өөрөөр хэлбэл, төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай жилээс жилд барилгаар чигжигдсээр байна. Энэ янзаараа наадамчин олон хэзээ мөдгүй наадах газаргүй болох нь. Арга ядсан нийслэлийнхэн “Хүй долоон худагт Үндэсний их баяр, наадмын цогцолбор барья” гэсэн санаачилга гаргаад л явж байна. Буруутгах аргагүй. Хэзээ нэгэн цагт Төв цэнгэлдэх хүрээлэнг нураагаад орон сууц барья гэвэл нийслэлийн удирдлагууд яаж ч чадахааргүй нөхцөл бүрдчихээд байгаа юм. Учир нь энэ обьектын талаас илүү нь хувь хүний өмч. Ер нь Төв цэнгэлдэх хүрээлэнг “хувааж идэх” төлөвлөгөө бүр 1993 оноос эхлэлтэй ажээ. Баримт сөхье.

Анх “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г АДХГЗ-ны өмч хувьчлалын комиссын 1993 оны тавдугаар сарын 24-ны 48 тоот тогтоолоор 26792,2 мянган төгрөгийн дүрмийн сантай, төрийн өмч давамгайлсан компани болгожээ. Ингэхдээ 30 хувийг нь бага хувьчлал буюу “ягаан тасалбар” гэх цаасаар Т.Нямдаваа гэдэг хүнд өгчихөж. Ингэж цэнгэлдэх хоёр эзэнтэй болов.

Харин 1993 оны есдүгээр сарын 25-ны Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 99 тоот тогтоолоор гурван эзэнтэй болсон байна. Дээрх тогтоолоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 432.2 мянган төгрөгийн үнэ бүхий II павильоныг хотын өмчид шилжүүлэн авч төрийн мэдлийн 70 хувиас хасуулжээ. Үүнээс хойш нийслэл өөрт оногдох хэсгээ “Говийн од” ХХК-д худалдан, холион бантан хутгаж, шүүх цагдаа болсоор яваад сүүлдээ хувь хүний өмч нь 51 хувь болоод тогтсон түүхтэй.

Учрыг нь ухаж үзэхээр их шогийн. Төрийн өмчийн хороо 2000 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор төрийн өмчийн 19 хувийг тус компанийн 30 хувийг эзэмшдэг Т.Нямдаваад хувьчилсан байдаг. Гэтэл “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Дэлгэрнаран 2004 оны наймдугаар сарын 16-нд нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1993 оны 48 тоот тогтоолоор баталсан дүрмийн санг өөрчлөн, 432.2 мянган төгрөгийн үнэтэй II павильоныг төрийн өмчийн 51 хувиас дахин хасуулж төрийн өмчийг 49 болгон бууруулах шийдвэр гарган гарын үсгээ зуржээ. Ийнхүү улайн цайм луйвар хийн аль 1993 онд хассан хөрөнгийг дахин хасч өөрсдийнхөө халаасыг түнтийлгэх арга олсон байна.     Энэ үеэр  НИТХ-аас ажлын хэсэг байгуулан Төв цэнгэлдэх хүрээлэнг шалгах шийдвэр гаргажээ. Ажлын хэсэг ТУЗ-ийн хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байгаа юм. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс төрийн мэдлийн 51 хувийг баталгаажуулах, нийслэлийн төсвөөс жил бүр оруулж байгаа хөрөнгө оруулалт, барилгын хөрөнгийг бүртгэлд тусгаж төрийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааны менежментийг сайжруулах, газрын маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг тухайн үеийн НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярт даалгажээ. Гэвч хотын дарга үүнд сэтгэл гаргах хүсэл байсангүй юу, эсвэл сонгуулийн PR-д нь нөлөөлөх гээд байсан уу, хуруугаа ч хөдөлгөөгүй байна. Энэ хооронд нь  Т.Нямдаваа нийслэлийн давж заалдах Иргэний шүүхийн магадлалаар 51 хувиа баталгаажуулаад авчихалгүй яах вэ. Улсын хөрөнгийг эрх мэдэлтнүүд хэрхэн зувчуулдгийн тодорхой жишээний зөвхөн ганц нь энэ. Тэдний хийсэн балгаар улсын Ерөнхийлөгч нь өөрөө нээж, хаалтыг нь ч гардан зохион байгуулдаг Монгол төрийн ганц баяр наадмаараа иргэд бөөн бухимдал болсоор… Морины уралдаан, бөхийн барилдаан, сур харваа, дээл хувцас,  хуушуур гээд монголоос өөр хаа ч байхгүй бүхий л зүйлээрээ энэ өдөр монголчууд гоёдог. Монгол хүн бүрийг омогшуулан, огшоодог наадам, уламжлал ёс заншлаараа гаднын жуулчдыг татах, Монголоо сурталчлах ганц боломж наадам бус уу. Гэтэл цэнгэлдэх нь бөөн проблем.

Судлаачид монгол наадмыг Хүннү гүрэн байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлдог юм билээ. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн тодорхойлж байсан гэнэ шүү, эрх мэдэлтнүүд ээ. Учир нь газар нутаг, эх орноо хамгаалах эр хүнд энэ гурван чадвар зайлшгүй хэрэг болдог байж. Морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгах, гардан байлдаанд сэлэмгүй оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай байжээ. Тухайн үеийн Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулахын тулд наадам зохион байгуулдаг байсан нь бидний үед уламжлагдан иржээ. Цаашид ч монгол наадмаа төрийн бодлогоор дэмжих, ард түмнээ цэнгүүлэх, эв эетэй байлгах, гаднын жуулчдыг татах бодлого болгон ашиглах нь эрх баригч та бүхний үүрэг биз ээ.

Б.Мөнхнар

Эх сурвалж: eagle.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.