О.БАТСАЙХАН: МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙ ЭХ ТҮҮХЭЭ ДЭЭДЭЛЬЕ

O_BatsaihanЯрилцсан Ц.Батаа, Үндэсний Шуудан сонин.

Монгол улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн БАТСАЙХАНТАЙ хийсэн ярилцлага.

Та ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд ажилладаг, олон жил Монголын түүхийн талаар судалгаа хийж буй түүхч, эрдэмтэн хүн. Тиймээс таниас эхлээд түүх гэж юу вэ? Энэ ер нь ямар хэрэгтэй юм бэ? Гэдэг талаар асуумаар байна. Залуучууд түүх ер сонирхдоггүй шүү дээ.
-    Түүх хэрэгтэй юу гэвэл хүн бүр л хэрэгтэй гэнэ л дээ. Товчхоноор хэлбэл түүх гэдэг бол ой санамж юм. Ой санамжаа алдвал хэн ч биш болно. Компютероор ярьвал хард диск нь гэсэн үг. Хард дискэнд байдаг мэдээлэл устчихвал таны хэдэн жилийн мэдээлэл алга болчихно биз дээ. Тэгээд форматлачихаар цэвэрхэн компютер болно доо. Хүн үүнтэй яг адилхан юм. Монгол хүний ой санамжийн өөрийнх нь туулж ирсэн амьдрал, хаанаас ирсэн, хэн болохыг нь  мартуулчихаар гаднаасаа л монгол төрхтэй болохоос дотроо хэн ч биш болно. Үндэстэний авч явдаг үнэт зүйлсийг, тухайлбал түүхийг нь мартуулчихаар тэр үндэстэн мөхөх аюултай болдог.

 Үндэстэний авч явдаг зүйлс гэдэг нь юу юм бэ?
-    Бид нар монгол хүн, монгол үндэстэн гээд өөрсдөөрөө бахархах дуртай шүү дээ. Ялангуяа Чингисийн Монгол дэлхийн талыг эзэлж явлаа гээд бахархдаг. Монгол үндэстэнийг өнөө хүртэл авч ирсэн тэр зүйлс бол бусдаас ялгарах онцлог, оршихуйн амин шалгууруудыг хэлж байгаа. Тухайлбал, өөрийн үндэсний түүх, хэл, соёл, зан заншил, уламжлал англиар identity гэдэг. Энэ бүхэн бол монгол хүнийн хувьд, монгол үндэстэний хувьд эрхэм зүйлс нь, үүнийгээ бид дээдэлж, өвлөж үеэс үед нандигдан хүргэж байх учиртай.

Монголчууд бид чинь дээр бидний өмнөөс бодох ёстой улсууд нь бодог гэж боддог шүү дээ?
-    Энэ бол бидний том алдаа. Яагаад ийм болов гээд жаахан ч гэсэн бодоод үзээрэй. Бид түүхээсээ холдсон байгаа юм. Түүх гэдэг бол таны, миний өөрийнхээ тухай илүү мэдэхийг л хэлж байгаа хэрэг ш тээ. Бид нар чинь Амьдрал яах вэ, Анжила Дэвис юу болж байна гэсэн үзлээр хүмүүжсэн улсууд шүү дээ. Өнөө ч яг хэвээрээ. ТВ, радио, сонин хэвлэл нь ч энэ л зарчмаар явж, Монголын тухай гэхээсээ илүү гадны мэдээ л илүү урсаж байгаа. Тиймээс бид нар Америкийн Ерөнхийлөгч Обама юу хийж байгаа, Леди Гага хаана ямар хувцас өмсөж явна гэдгийг илүү сонирхож, Ганнам стилийг дуулаад л залуус хүүхдүүд маань өсөж байна. Үнэндээ өөрийнхээ тухай, монголынхоо тухай бодох зай багатай явна.

Яагаад бидний өмнөөс хэн нэгэн дээр засаг төр барьж байгаа улсууд бодох учиртай гэдэг сэтгэлгээ амь бөхтэй байна вэ?
-    Жаахан алсхан бодоод үзье дээ. ХХ зууны эхээр гадаадын зарим хүмүүс монголчуудын талаар бичсэнийг үзвэл энэ ард түмнийг Чингис хаан нь танихааргүй болсон байна гэсэн байдаг. Түүнээс хойш монгол үндэстэнийхээ хувьд бүр л дордсон болохоор бид ийм байдалтай байна. Манжийн эрхшээлд 200 гаруй жил, Оросын нөлөөнд 100 гаад жил оршиход монголчууд бидний асуудлыг Бээжинд, Москвад шийддэг байлаа. Монголчууд бид өөрийн толгойгоор явахаа байгаад нилээд уджээ. Бараг бие даан орших чадвараа алдах дөхсөн байв. Ийм эгзэгтэй мөчид бид 1990 онтой золгов. 1990 оны хувьсгал бидэнд сэрж, монгол үндэстэн өөрөө өөрийгөө таних боломжийг нээсэн юм.

Та яагаад 1911 оны үндэсний сэргэлт чухал гэж үздэг юм бэ? Таны бараг бүх зохиол энэ зүгт чиглэсэн байдаг.
-    Яг тийм. Монгол үндэстэн түүхийн эгзэгтэй мөчид цаашид оршин байх эсэх нь хутганы ирэн дээр байсан мөчид эл үндэстэн тусгаар тогтнол, бие даасан байдлаа 1911 онд сэргээсэн юм. ХХ зууны эхэн болоход ямар ч гэсэн үндэс угсаагаа бодсон өвөг дээдэс одоогоос хавьгүй олон байсан болохоор монгол үндэстэн сэргэж, гал голомтоо сэргээн авсан юм. Энэ бол өнөөгийн монголчуудад дэндүү их хамаатай учраас би дахин дахин хэлээд байгаа юм.

Чухам юу гэж?
-    Энэ 1911 оны үеийн түүх, сүүлийн зуун жилийн түүх онцгой чухал ач холбогдолтой шүү гэж. 1911 онд тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулаад Монголчууд өөрийнхээ гэрийг өөрийн толгойгоор барих гэж үзсэн юм. Одоотой харьцуулбал ядуу байсан байх, бүдүүлэг байсан биз. Гэхдээ л монголчууд өөрсдөө монгол гэрээ барихыг чармайж байв. Одоогийнхоос илүү улс үндсээ, монголоо гэсэн үзэл бодолтой хүмүүс байж, монгол үндэстэнийг олон зуун жил дамнуулан авчирсан тэр гайхамшигт үнэт зүйлсээ дээдэлж, түүнийхээ төлөө амьдралаа зориулсан. Үүний хүчинд монголын гал голомт багахан ч гэсэн хэсэгтээ үлдэж, бид эзэн нь хэмээн сууж байгаа.
-    1911 оны дараах үе бол 1990 оны дараах одоогийн үетэй тун төстэй гэж би хувьдаа бодож байгаа. Одоо монголчууд бас л өөр хоорондоо хэлцэж, шүүмжилж гэрээ босгохыг хичээж байна. Харин нэг хэсэг нь санаатай санамсаргүйгээр босгож буй гэрийнхээ нэг баганыг нураачих гээд ч байгаа юм шиг дүр зураг харагдаж л байдаг юм. Гэвч монголчууд өөрийнхөө толгойгоор өөрсдөө л зүтгэж байгаа болохоор гэрээ босгочихно оо гэсэн итгэл сэтгэлээр өөдрөг харж байгаа. Монгол хүн бүр бие биеэ дэмжвэл илүү хурдан босноо, гэр маань. Хурдан хөгжинө.

Та 1911 оны монголын сэргэн босголтод Богдын үүрэг роль их бий гэж үздэг. Энэ хүн чинь түвд хүн биз дээ?
-    Тиймээ, Богд маань, тодруулбал наймдугаар Богд түвд гаралтай юм. Түвдэд 1869 онд төрөөд таван настайдаа Халх монголчуудын бурханы шашны тэргүүнээр өргөмжлөгдөн ирсэн хүн. Түүний бүхий л амьдрал монголчуудын түүхтэй холбогдсон юм. Монгол, түвд хэлийг өв тэгш эзэмшиж, монголоор түвдээсээ илүү ярьдаг байсан хэмээн өвөг дээдэс дурссан нь бий. Багадаа монгол хүүхдүүдтэй монгол наадмаар тоглож, морин дэл дээгүүр салхи татуулан хурдалж, шадар туслахуудаа нэг бус удаа сандаргаж явсан гэдэг юм. Бие даасан өөрийн бодолтой эрдэм чадалтай өөртөө хүнийг татах увидастай нэгэн байсан хэрэг. Түүний дэргэд монгол, түвд олон багш нар байнга байж, монгол ёс заншил, хэл соёл, уламжлал, түүх, бурханы шашны хийгээд дорнодахины эрдэм ухаан зааж сургаж байсан бөгөөд Богд сэргэлэн ухаантай хүн байсан болохоор маш сайн сурсан хэрэг. Монголд тодорсон Богдуудаас ганцаараа гавжийн дамжаа барьсан хүн шүү дээ. Богдын нэр хүнд нөлөө гэдэг чинь ар, өвөр монгол, барга, халимаг, буриад гээд нийт монгол овогтоны дунд алдаршсан нэгэн байсан юм. Түүний хэлсэн үг монголчуудад зарлиг адил хүрч, бүгд түүнийг дагасан юм. Өөрөөр хэлбэл бурханы шашин тархай бутархай монголчуудыг нэгтгэх нэг хүчин зүйл болсон хэрэг.

Тиймээс Богд Монгол Улсын хаан болсон уу?
-    Монголчууд ХХ зууны эхэн болохд бүгд бурханы шашинтан болсон байв. Дээр нь энэ зөрүүд зантай, Бээжинтэй хэдэрлэдэг Богд бие даан шийдвэр гаргаж чаддаг, түүнийгээ хэрэгжүүлдэг, нэр хүнд нөлөө бүхий байсан тул монголчуудынхаа тэмцлийг амжилтад хүргэж чадсан байна. Тэр үеийн гадны хүмүүсийн бичсэнийг үзвэл Монголчуудын ирээдүй ганцхан Богдын гарт байна, Богдын мэргэн ухаан юу гэж шийднэ түүгээр болно гэж бичсэнийг одоо түвэггүй үзэж болно. ХХ зууны эхэн болоход Богд гэгээнтэн даншиг хуруулах нэрийн дор тархай бутархай байсан монголчуудыг нэг бус удаа цуглуулж, үндэсний тэмцэлд уриалан дуудаж, зохион байгуулан амжилтад хүргэсэн юм. Тэрбээр эл цаг мөчид монгол үндэс угсаагаа, газар нутгаа, бие даасан байдлаа нэгдмэл нэг хүчээр олж авах хэрэгтэй гэсэн лүндэн буулгаж, эл цаг мөчийг алдвал гэмшивч барахгүй, миний найман дүрийг шүтсэний хэрэг эс гарна хэмээн нийт монгол овогтонд дамжуулан хүргэсэн байдаг. Тэгээд өөрөө монголчуудын эл үндэсний хувьсгалыг удирдан зохион байгуулж, амжилтанд хүрсэн тул 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнол, бие даасан байдал, төр улсаа сэргээн тунхаглан зарлаж, Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн юм. Монголчууд тэр үед маш ухаантай алхам хийсэн. Магадгүй одоогийнхоос илүү ухаалаг байсан ч магад. Яагаад гэвэл гадны дотны нөхцөл байдал, бурханы шашны тэргүүн Богдын нэр хүнд нөлөө гээд олон зүйлийг тунгаан үзээд хэнийг төрийн тэргүүн болгох вэ гэдэг дээр ухаалаг шийдвэр гаргаж, Богдыгоо дэмжиж, хүрээлж Улсын эзэн хаанаар өргөмжилсөн юм. Үүний хүчинд улсын бие даасан байдлаа авч үлдэж чадсан хэрэг. Манжийн хүрээллээс гарч чадсан орон Монголоос өөр байхгүй шүү дээ. Одоо түвд гаралтай хүн төрийн тэргүүн болно гэвэл монголчууд бид нар чулуу шидэх байх шүү. Тэгэхээр бид хэр зэрэг өөрчлөгдсөн байна вэ гэдгээ нэг бодоход гэмгүй. Үүнд түүхэн сургамж оршино.

Жил бүрийн 12 дугаар сарын 29-нд баярын өдөр болсон нь ийм учиртай байх нь ээ?
-    Тэгэлгүй яах вэ. 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын өдөр юм. Энэ бол Монгол төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр тул 2011 оноос үндэсний баярын өдөр болсон шүү дээ. Монголчуудын амьдралын сүүлийн 300 жилд тохиосон түүхэн онцгой үйл явдал болсон өдөр. Энэ өдөр бол эртний монголын эзэн Чингисийн байгуулсан төрийн гал голомт сэргэсэн өдөр. Тиймээс монгол даяар амралтын өдөр, үндэс угсаа, үүх түүхээ дээдлэх өдөр болсон шүү дээ.

Таныг түвдийг магтлаа, монголчууд хаана байсан юм бэ гээд шүүмжилдэг хүмүүс бий?
-    Богд маань түвд гаралтай нь үнэн. Монголчууд бидэнд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол өгсөн үндэсний хувьсгалыг удирдаж, амжилтанд хүргэсэн хүн бол Богд юм. Тиймээс эл хүн бол бидэнд гавьяа байгуулсан хүн гарцаагүй. Мэдээжийн хэрэг, монголчууд байсан, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Өвөр Монголын гүн Хайсан, Түшээ гүн Чагдаржав, Сайн ноён хан Намнансүрэн гээд бидний өвөг дээдсийн үүрэг роль үндэсний хувьсгалд их байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэвч Монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээсэн 1911 оноос хойш Улсын эзэн хаанаар ганцхан хүн байсан тэр бол Богд Жавзандамба хутагт. Хэрэв Улсын эзэн хаанаа хүлээн зөвшөөрч чадахгүй бол түүний сайд нарын талаарх үнэн хэзээ ч бодитой ил болж чадахгүй. Тэдгээр сайд, төрийн түшээд маань Улсынхаа эзэн хаанаар Богдыг өргөмжилж тавьсан биз дээ. Нөгөө талаас нь үзвэл түүх бол шинжлэх ухаан. Бид түүхээ улс төржүүлж, гуйвуулж, түүхийг коммунист үзэл суртлын зэвсэг болгож, хүмүүс түүхээсээ залхдаг болтол түүхэндээ буруугаар хандаж ирсэн. Энэ хандлагаа өөрчлөх боломжийг 1990 оны дараа монголчууд бид олж авсан. Бид түүхээсээ нилээд холдсон болохоор ч тэр  юм уу зарим маань одоо хүртэл гадны гар хөл болсоор л байгаа, гадны үзэл санааг тээсээр үргэлжлүүлэн хүмүүсийн тархийг угаасаар байна. Богдыг муулсан уран сайханы кино үргэлжлэн гарсаар л байгаа. Энэ бүгдийг цэгцлэхгүй бол хүүхэд залуучууд маань хэн болохыг тааж мэдэхгүй. Түүх шинжлэх ухаан юм бол түүх үнэн байх хэрэгтэй. Эс тэгвээс бид алдаагаа дахин давтах болно.

Алдаагаа дахин давтахгүй тулд яах хэрэгтэй вэ?
-    Юуны өмнө монголынхоо түүхийг үнэн мөнөөр судлах, бичих хэрэгтэй. Ардчилалын буянаар ийм боломж бидэнд нээгдсэн байгаа. Бүх шатны сургуулиуд Монголын түүхийг заавал үзэх хэрэгтэй. Бага сургуулиас эхлээд их дээд сургууль хүртэл монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг л бол Монголын түүх заавал оруулдаг байх хэрэгтэй байна. Бид чинь алсын америкийн түүх, дэлхийн түүхийг л илүү заадаг тогтолцоотой байна. Үүнийгээ өөрчилж, Монголын түүхийг илүү цагаар сургуулиудад оруулж, хүүхдүүддээ монголынхоо түүх, соёл, уламжлалаа илүү таниулах хэрэгтэй байна. Бага насны хүүхдүүдэд монгол үлгэр ярьдаг эмээ, өвөө нар алга байна, хүүхдээ бүүвэйлдэг ээж ч алга болох нь шиг байна. Энэ байдлыг өөрчилж монгол хөрс суулгах цаг болсон. Монгол хүн өөрийгөө бодох, монгол хүн монгол хүнээ дэмжих хэрэгтэй байна. Нөгөө мөнхийн эрх ашиг гэж байдаг, мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй гэж нэг үг байдаг гээ биз дээ. Бодоод үздээ, хэдхэн жилийн өмнө ган бат найрамдал, ах дүү хоёр гээд л бичиж, ярьж, тархиа угааж байв даа. Одоо ямар байна. Үүнд Оросыг ч гэдэг юмуу өөр хэн нэгнийг буруутгах үндэс байхгүй. Энэ бол эрх ашиг юм бүхнээс түрүүнд байдаг гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Монголчууд бид өөрсдийн эрх ашгаа бодох хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгосон бол хамгийн чухал нь тэр. Түүхээс сургамж авахын учир үүнд байгаа.

Бурханы шашины тухайд мунхруулдаг гээд зарим залуучууд маань хэлэх нь бий?
-    Бурханы шашины мөн чанарыг, бас өөрийн түүхээ мэдэхгүй байгаагаас тэгэж буй гэж бодно. Өнөөдөр Азид хятад ханз хэргэлдэггүй цөөн орон буй. Түүний нэг нь монгол. Энэ их хүн амтай хятад үндэстэний бичиг соёлийг хаяа дэрлэн орших монгол яагаад аваагүй вэ гээд бодвол олон учир бий байх, гэвч бурханы шашин Монголд дэлгэрч, монголчууд түвд хэлээр дамжуулан соёл гэгээрэлд хүрч байсан нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл бурханы шашин хятад бичиг соёл монголд дэлгэрэхэд хаалт болсон гэсэн үг. Ингэж их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн дүгнэж байсан удаатай. Монголчууд бол бурханы шашины олон зуун жилийн уламжлалтай. Одоо сэргэж байгаа. Гэхдээ бид түүх, уламжлал, шашнаасаа нилээд холдсон байсан болохоор өөрийн өнгө төрхөө олтол хугацаа хэрэгтэй шиг байна. Судалгаагаар монголчуудын 80 хувь нь бурханы шашинтай гэж гарсан байгаа. Цагаан сар хийж байгааг нь харвал үүнээс ч илүү байгаа биз. Та бид өөрөө ч мэдэхгүй л бурханы шашны зан үйлийг хийж байдаг юм.

Богдын хойт дүрийн тухай асуудлын талаар асуухгүй байж болохгүй байх?
-    1911 оноос 1924 онд Монголын эзэн хаан байсан Богд Жавзандамба хутагт 1924 оны 5 дугаар сарын 20-нд таалал болсон. Үүний дараахан л монголчууд наймдугаар Богдын хойт дүрийг тодруулахыг бүр 1924 оноос хүсэж байсан. Бүр тодруулахаар оролдсон тохиолдол ч байдаг. Гэвч Богдыг таалал болсоноос хэдхэн хоногийн дараа Монголд бүгд найрамдах засаг тогтоох тухай МАН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн шийдвэр гарсан байдаг. Энэ бол Богдын хойт дүрийг тодруулахгүй гэсэн үг. Улмаар ард олон асар ихээр Богдыг хүсэж, лам нар ихээр шаардах болсон тул Богдын хойт дүрийг Далай ламаас асуулгах нэрийдлээр Гомбоидшин тэргүүтэй хүмүүсийг 1926 онд Түвдэд илгээсэн юм. Энэ бол ард олны санаа бодлыг төөрөгдүүлж, саармагжуулах л арга байсан. Улмаар 1928 онд МАХН-ын 7 дугаар их хурал, 1929 оны Улсын их Хурлын шийдвэрээр Богдын хойт дүрийг тодруулахыг хориглосон юм. Үүний дараахан юу болсоныг бид бүгд мэднэ. Богдын шавь болсон хэдэн мянган лам нар хэлмэгдэлд өртөж, гэм зэмгүй олон шавь нар нь алагдсан юм. Ингэж явсаар бид 1990 онтой золгосон.

Саяхан бид чинь Есдүгээр Богд гээд сүйд болоод байдаг нь юун хүн бэ?
-    Ардчилалын үрээр монголчууд шүтэх бишрэх эрх чөлөөтэй болж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн хүсэлт ёсоор Далай ламын ойрхон байсан, өмнө нь Халхын Богдын хойт дүрээр тодорсон Жамбал Намдол гэдэг хүнийг Монголын Богдын хойт дүр мөн хэмээн Далай лам 1991 оны 9 сарын 20-нд батламжилсан байна. Эл үеэс хойш монголын дарга, пүүс компанийн эзэд, сүсэгтэн олон, лам нар Энэтхэг рүү сэм явж, гэгээнтэнд мөргөсөөр байв. Богд ламтаныг Оросын Халимагт айлчлах үеэр Баасан лам нарын олон хүний зүтгэлээр долоо хоногийн хугацаатай Монголд 1999 онд урин залж чадсан хэдий ч визны хугацааг нь хэтрүүлэн Монголд байлгав хэмээн буцаасан байдаг. Үүнээс хойш Энэтхэг рүү явах монголчуудын тоо өссөөр л байв. 9 дүгээр Богдыгоо залах гэсэн монголчуудын олон удаагийн хүсэл талаар болсоор байжээ. Чухамдаа бол, засаг барьж байсан хуучин МАХН-ынхан саад тотгор тавьсаар байжээ.

Энэ саад тотгор хэзээ арилав?
-    Ингээд 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж 9 дүгээр Богдыг Монголд урих зөвшөөрлийг өгсөн бөгөөд удалгүй түүний зарлигаар 9 дүгээр Богд Монгол Улсын иргэн болсон юм. Нас өндөр болсон тэрбээр монголчуудад хамгийн сайхан сайханыг хүсэж, авралдаа авч байгаагаа илэрхийлсээр хоёр жил гаруй болоод таалал болов. Тэрбээр миний дараагийн дүр Монголдоо тодорно хэмээн айлдсан удаатай. Монголчууд ч монгол богд Монголдоо тодорч залрах болно хэмээн итгэл сэтгэл өвөрлөсөөр байгаа. Чингэвэл олон жилийн монголчуудын хүсэл биелэл болж, Энэтхэг, Түвд рүү явдаг урсгал багасах буй за хэмээн бодно.

Манай уншигчдад хандан өөр хэлмээр зүйлс байна уу, Танд?
Монголчууд бидэнд, монгол үндэстэнд өөрийн дархлаа бат суух хэрэгтэй байна. Энэ бол үндэстэн өнө удаан оршихын нэг үндэс байдаг. Тийм чадвар суусан үндэстэн бат бөх байж, өөрийн эх түүх, соёл, уламжлалаа эрхэмлэн дээдэлдэг юм. Үүний тул монголын төр бодлоготойгоор ажиллах хэрэгтэй. Монголын төр түүх, соёл, уламжлалаа эрхэмлэн дээдлэхэд илүү анхаарал тавих учиртай гэж санана.

Танд их баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих