Ардчилагч нэртэй төрийн нэр барьсан хулгайчдыг яах вэ?

virtual-office-politics

Монголын ард түмэн өмнөхөөсөө илүү сайхан амьдрах гэж, сайн сайхан явах л гэж ардчиллын ярьсан цөөн тооны хэдэн залууг дэмжиж, өвлийн хүйтнийг ч үл ажран жагсаж цуглаж, ардчилсан гэж нэрлэгдсэн хувьсгалыг хамтдаа хийсэн байдаг. Өнөөдөр л Монголын ард түмэн хэнийг дэмжсэнээ мэдэж, харуусаж байна. Монголчуудын хийх байх, бүтээнэ байх гэж итгэсэн хорин хоёр жилийн итгэл харин ч эсрэгээрээ болж нураасан, луйвардсан, хулгайлсан, худалдсан он жилүүд л хөвөрсөн байна. Ардчилсан хувьсгалыг толгойлж, өөрсдийгөө ардчилагч гэж цоллож, өргөмжилсөн нөхдүүд Монголын төрд гарч он удаан жил сууж, дор дороо хөлжиж баяжиж харин нийт олонхи ядууран туйлджээ. Ардчилагч нэртнүүд Монголд архидалт, ядуурал, янхандалт, авлигыг л хамгийн ихээр цэцэглүүлсэнээс биш жинхэнэ ардчиллыг Монголд авчирч чадаагүй байна.

Ардчилсан хувьсгалыг хийх гэж хэн, хэний төлөө тэмцсэн юм бэ? Ардчилагчид ер нь дайснаа хэн байсныг тэр үед огт мэдээгүй юм уу, аль эсвэл мэдэн будилсан юм болов уу? Үнэхээр хувьсгал хийсэн л юм бол дайснаа барьж шүүн таслах ёстой байсан биш билүү? Ямар ч шүүх хурал болоогүй шүү дээ. Дайсангүй байсан юм бол хэний эсрэг тэмцэж, хэний эрх ашгийн төлөө хувьсгал хийсэн болж таарч байна вэ? Өнөөгийн байдлаас харахад лав л Монголын ард түмний эрх ашиг биш болж таарлаа. Тэгэхээр өөрсдөө л эрх мэдэлд хүрэх гэж тэмцсэн юм байна шүү дээ.

Ардчилагчид гарч ирээд улс орныг авч явах чадвар байсангүй. Тийм ч учраас тэр үеийн МАХН-тай нэг хөнжилд орсон байдаг. Энэ халуун тэврэлт нь харин ард түмнийг жинхэнэ утгаараа там руу аваачсан гэхэд болно. Улс орныг дангаараа болон хамтарч он удаан жил удирдсан байна. Үр дүнд нь өдрөөс өдөрт л улс орон уруудан доройтсоор л байна. Тэд өөрсдийгөө ардчилагч намаа ардчилсан нам гэж нэрлэчихээд бид барууны чиглэлийнх, барууны үзэл баримтлалтай гэж юугаа ч мэдэхгүй мунгинаж явцгаана. Ардчилал гэдэг ард түмний төлөө байдаг. Мөн зүүний чиглэлийн улс төр байдаг. Тэд одоо ч өөрсдийгөө барууных гэж ярьсаар л байна.

Зүүний улс төрийн нэр томьёотой байж барууных гэж ярьдаг нь одоо л нэг тодорхой болж байна. Ардчилагчид ард түмний төлөө биш байсан байна шүү дээ. Ард түмний далан жилийн бүтээн байгуулалтыг хувьчилж байна гээд тараан алга болгож завшлаа. Улс орон, иргэдийн хөрөнгө болох байгалийн баялгийг луйвардаж ард түмнийг зөнд нь хаяж ядуу, гуйлгачин болгочихоод яаж ардчилал хэмээн гудиггүй залж чадаж байна аа?! Ичих нүүргүй цагаандаа гарсан дээрэмчдийн бүлэглэл ардчилсан намаар өөрсдийгөө далдалж байна. Ардчилал гэдэг өөрөө итгэл үнэмшил, амин сүнс байх ёстой байтал хоосон уриа болгож улс орныг дампууруулчихаад ардчиллыг өмчилж, өөрсдийнх мэтээр ярьсаар байж таарах уу?

Ардчилсан улс гэж хууль тогтоох гүйцэтгэх засаглал нь холилдсон, шүүх засаглал нь Ерөнхийлөгчөөсөө шууд хараат, дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээлэл эрх мэдэлтнүүдийн хувийн өмч болсон, сонгууль нь будлиантдаг, ард түмэн нь олонхоороо ядуу зүдүү, үр хүүхэд нь бараг өлгийтэйгээсээ гуйлга гуйсан, өвгөд хөгшид нь шил лааз түүсэн, идэр залуус нь харийн улсын муу муухайг хийж өвчний үүр болсон, охид бүсгүйчүүд нь харь эрийн өвөр дамжсан, халдварт өвчин газар авсан, согтууруулах, мансууруулах бодис ноёрхсон, баар цэнгээний газар, буудал хэвтшийн газар аймаг нийслэлийг нь дүүргэсэн. Боловсролын систем нь нуран унасан, газар шороо нь худалдагдсан, ард түмэнд хор хөнөөлтэй элдэв химийн бодис тархсан, дэлхийн улс орны цөмийн хаягдлын хогийн сав болох зам нь нээгдсэн. Эдгээрийг тэгээд ардчилсан нийгмийн шинж гэх үү? Энэ бүхэн тэгээд ард түмний төлөө юу?

Ардчилал хэзээд олонхийн төлөө байдаг болохоос цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөө биш. Олонх нь ядууран туйлдаж, цөөн хэдэн нөхдүүд хагартлаа баяжиж улс орон доройтон, нийтээрээ замбараагүйтэж байгаа нь эрх чөлөөтэй байгаа юм биш зүгээр л дур зоргоороо байж дампуурч буй нийгмийн дүр зураг. Хэвлэл мэдээлэл үнэнийг нууж, худлыг түгээж буй нь чөлөөт биш харин захиргаадалт дор орж дарангуйлал хаяанд ирсний дохио болж байна. Өөрсдийгөө ардчиллын алтан хараацай, мөнгөн шувуухай гэж цоллосон нөхдүүд ард түмний төрд гарч, сандайлж суучихаад ард түмнийг биеэ үнэлэгчид гэж доромжлон байна. Тэднийг хоногийн хоолны төлөө сонгуулиар саналаа худалдагсад гэж гутаалаа. Ийм хулгайч нарыг ахин дахин сонгоогүй байж сонгосон болж луйвардуулчихаад Монголын ард түмэн сонгууль өгөх үү, ер нь? Ард түмнийг ядуу гуйлгачин болгох замд нь хөтлөн оруулчихаад, сонгуулийг өөрсдөө албаар будлиантуулчихаад бүх юмны буруутнаар ард түмнийг тодруулж буйг юу гэж ойлгох вэ?

Хүн төрөлхтөн бидэнд нэгийг сануулсаар л байна. Дарангуйлал хаалга тогшсоор л…

Эх сурвалж: СЭХЭЭТЭН.МН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.