Олигархийн загалмайлсан эцэг Н.Энхбаяр юу хэлэв?

Хуралдай Лениний төрсөн өдар хуралдав. Ленин гэдэг маань өнгөрсөн XX зууныг хүчирхийллийн зуун болгох ажлыг эхлүүлсэн хүн. Түүний араас Гитлер, Муссолини нарын дарангуйлагчид замнасан юм. Ленин бол Сталин, Мао, Ким Ир Сен нарын шүтээн болсон хүн. Өнгөрсөн зууны бүх коммунист дарангуйлагчид түүнийг “Багшаа” гэж мөргөдөг байлаа. Тэрээр ардчиллыг нэг нүдээр үздэггүй байсан бөгөөд түүнийг яаж устгах тухай онол боловсруулсан солиотон. Тухайн үед ардчиллыг муухай эд гэх хүн олон байсан хэдий ч гагцхүү Ленин л түүнийг хэрхэн устгах тухай онол арга зүйг боловсруулсан байдаг. “Нэг сая орчим олзлогдсон хасаг байна яах вэ?” гэхэд “Нэгийг нь ч үлдээлгүй бууд!” гэж цохоод догдолсондоо алгаа үрэн байгаагий нь харсан хамтран зүтгэгч нь хүртэл хирдхийж байжээ. Лениний хэрцгий хүйтэн нүдийг харахад Бертран Расселийн “цус нь царцаж байсан” гэдэг. Иргэний дайн хийхийг шаардан орилж буй түүнийг үзээд Горький “Энэ хүн Орос орныг хүчирхийлэлд живүүлж сүйдэллээ шүү дээ!” хэмээн цөхрөн дуу алдаж байсан юм даа. Хөөрхий зохиолч Орос оронгүй амьдарч чадахгүйн эрхэнд хожим нь Ленинд дагаар орж, энэ “урвалт”-ынхаа хүчээр эх нутагтаа ясаа тавьж амарсан билээ.

Манайд Лениний хөшөө босоотой байгаа. Одоогийн залуучууд маань хэн болохыг нь ч танихгүй, хажууд нь болзож байдаг юм билээ. Лениний хөшөөг буулгах санааг Ц.Элбэгдорж сөхөж байсан. Тэгэхэд нь би “Хэрэггүй, тэр хөшөөний хөл дор түүний солиотой үзэл санаанаас болж хэлмэгдэж

сүйдсэн дөчин мянган монголчуудын цогцсыг баримлаар хийж дэвсэх хэрэгтэй, хойч үе маань энэ аймшгийг үеийн үед санаж яваг. Гадаадын жуулчид монголчуудын үзсэн зовлонг хараг” гэсэн билээ. Энэ баримлыг бариулахаар мөнгө цуглуулж байгаа.

Би энэ удаад Лениний тухай өгүүлэх гэсэнгүй. “Эх орон-Тусгаар тогтнол-Шудрага ёс” хөдөлгөөнөөс Лениний төрсөн өдрийг, Их Хуралдай хуралдуулан ёслол төгөлдөр тэмдэглэсэнд өөрийн эрхгүй зэвүү хүрэв. 20 гаруй жилийн дараа Лениний төрсөн өдрийг хурал хуй хийн тэмдэглэдэг явдал дахин сэргэсэнд тун их хачирхаад зог-сонгүй бас их ёозгүй санагдлаа. Социализмаа эргүүлэн олж авъя! гэх мэтийн үг индэр дээрээс хэлж байгаа ахмадуудыг хараад палхийснээ нуугаад яахав.

Их Хуралдай бас нэг зүйлээр гайхуулав. Олигархийн загалмайлсан эцэг Н.Энхбаяр (М.Энхсайхан Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед нь ингэж нэрлэж байсныг хүмүүс мартаагүй байх) олигархиудын эсрэг хувьсгал хийхийг уриалан үг хэлэв. Хэдхэн хоногийн өмнө олигархийг хэрхэн “ногоон , гэрэл”‘-ээр бий болгож байсан тухайгаа сонинд “ам алдсан” юм шүү дээ! Ийм л хүн дээ.

Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаасаа хойш, том дарга байх үедээ өнөөдөр’”олигархи” гэж нэрлээд байгаа хүмүүсээ яаж суга татаж байсан тухайгаа удаа дараа дурссан байдаг. Харин одоо “ногоон гэрэл”-ээр гэх зэрэг нэр томьёогоор чимэн дурсдаг болж. Уг нь “Ногоон гэрэл” гэдэг ч шинэ нэр томьёо биш л дээ. Энхбаяр Ерөнхий сайд байх үедээ өөрт нь долигоносон компаниудыг татвараас чөлөөлөх зэргээр “адислаж” энэ үйлдлээ “ногоон гэрэл” хэмээн товойлгон нэрлэж билээ.

Одоо мөнөөх нэр томьёогоо олигархийг адислаж байсан тухайдаа хэрэглэх болжээ. Олигархитай тэмцэнэ гэж Их хуралдайн индэр дээрээс намайг хэлсэн бол илүү үнэмшилтэй сон согдох байсан юм. Учир нь олигархи гндэг нэртомьёог Монголын улс төрийн хэллэгт хүчилж оруулаад олгирахийн аюулыг анхаарахыг сурталдсан хүн нь би юм. Мөнгөний сонгуулиас болоод төрийн ардчилсан дүрс алдагдаж төрийн олигархи хэлбэр тогтож эхэлж байгааг сүүлийн хэдэн жил улиглан хэлж ирсэн билээ. Түүгээр зогсохгүй олигархи төрийг халахын тулд Улсын Их Хурлыг хоёр танхимтай болгон сум, хороо бүрээс сонгогдож ирсэн ардын төлөөлөгчдөөр одоогийн Их Хурлыг хянуулахад чиглэгдсэн улс төрийн шинэчлэл хийх санааг би анх гаргаж ирсэн. Тэгэхэд хүмүүс тоож өгөөгүй юм.

Харин сүүлийн үед олигархи, хоёр танхим гэсэн үгс их моодонд орох боллоо. Түүний нэг илрэл нь олигархийн загалмайлсан эцэг олигархиудтай тэмцэнэ гэж мэдэгдсэн явдал болж байна.

Олигархийн загалмайлсан эцэг олигархитай тэмцэх ёстойг моод хөөсөндөө биш жимхэнээсээ ухаарч байгаа бол юу нь муу байх билээ. Олигархийн аюулыг хүн ардад ойлгуулах ажилд нэмэр болоод явж байвал сайн хэрэг. Харин олигархийн загалмайлсан эцгээр удирдуулж “хувьсгал” хийнэ гэж байгаа бол ёстой бүтэхгүй. Тийм “хувьсгал” болдог юмаа гэхэд эрх мэдэлд хүрмэгцээ мөнөөх загалмайлсан эцэг маань “ногоон гэрэл”-ээр гардаг өөр нэг хэсэг этгээдүүдийг, магадгүй одоогийн дагалдагчдаа олигархи болгон адислаад эхэлж мэднэ. Н.Энхбаяр ингэдэг “хууч өвч”-тэй юм. Ийм хүний төлөө олон түмнээ хооронд нь алалдуулж, Монгол орноо хүчирхийлэлд живүүлэх хэрэггүй биз дээ!

Олигархийг халах хэрэгтэй. Ингэхийн тулд хувьсгал хийх хэрэгтэй. Гэхдээ хүчирхийлэлгүй хувьсгал байх учиртай. Монголчууд хүчирхийлэлгүй хувьсгал хийж байсан туршлагатай улс.

Э.БАТҮҮЛ
medeemn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.