Эхлэх цэг (Одоогоос 10 жилийн өмнө Ц. Элбэгдорж ингэж бичиж байж)

527-13565790732552a3cf4122aa3aa111848d40fbfd46_x3Монгол улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц. Элбэгдорж 10 жилийн өмнө Нью-Иорк хотоос дараах зүйлийг бичиж ирүүлж байж. Арван жилийн өмнө бичиж байсан зүйлс нь өнөөдөр ямар болсон бол? Нийтлэгч 130628

Эхлэх цэг
Нэгдсэн Yндэстний Байгууллагын Мянганы Зорилт Хөтөлбөрийн Зөвлөх,
Монгол Улсын Eрөнхий Сайд асан Цахиагийн Элбэгдoрж улс орныхоо хөгжлийн асуудлаар бичих “Хөх дэвтэр” нээжээ. Уг дэвтрийг уншигч Таны өмнө дэлгэж байна. Таалан соёрхoно уу.

Бид хаана явж байна вэ! НYБ-ын гишүүн 186 орныг ихэнх тохиолдолд үйлдвэр хөгжсөн, хөгжиж буй, буурай хөгжилтэй гэсэн бүлгүүдэд хуваадаг. Монгол улс үзүүлэлтээрээ буурай хөгжилтэй гэдэг дотор багтмаар байдаг ч хөгжиж буй гэдэг дотор алдаг оног бичигдэнэ. Монгол, бас бус зарим буурай орныг аль ч ангиллын биш “хил” дээр байгаа орон гэж бас ярина. Олон улсын чанартай зарим судалгаанд манай орны нэр ороогүй байх нь ч бий. Энэ удаа зөвхөн Монгол улс буурай хөгжилтэй орон мөн үү, мөн бол энэ ангилалд орох нь манай улсад ямар нөлөө үзүүлж болох талаар товчхон өгүүлэхийг хичээлээ.

Буурай хөгжлийг тодорхойлох нь
Буурай хөгжил гэдгийг хамгийн товчоор “ядуу” гэж тодорхойлж болох юм. Энэ томъёoллын хувьд олон улсын хүрээнд “least developed countries” гэж хэвшсэн бөгөөд үүнийг “буурай хөгжилтэй орнууд” (БХО) гэж хэлж занших нь зөв болов уу. Харин ядуу гэдэг үг хэрэглэх бол “нэн ядуу” гэж хэлж болох юм. Дэлхий дээр нэн ядууд тооцогдох 49 орон байна. Эдгээрийн 34 нь Африкт, 9 нь Азид байдаг бол 6 нь Номхон далай, Карибийн тэнгисийн арал дахь улсууд.
БХО гэсэн томъёoллыг НYБ-ын хүрээнд 1971 оноос хэрэглэж ирсэн бөгөөд үүнийг гурван гол үзүүлэлтэд тyлгyyрлан тодорхойлдог. Yvнд:1. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 900 ам. доллараас бага, 2. хүний нөөцийн индeкс нь 59-өөс доош, эдийн засгийн эмзэг байдлын үзүүлэлт нь 36-аас дээш байх ёстой. Эдгээрээс гадна 2003 оноос эхлэн зөвхөн 75 сая хүртэл хүн амтай орон дээрхи ангилалд багтдаг байхаар НYБ-ын Xөгжлийн бодлогын хорооноос зарлажээ.
Дээрхи шалгууруудаас нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний орлогыг Дэлхийн банкны аргачлалд тулгуурлан нэг хүнд ноогдох Yндэсний нийт бүтээгдэхнүүний орлогын өсөлтөөр гаргах нь илүү бодитой гэж НYБ үзжээ. Yvнийгээ “gross domestic product per capita versus gross national income per capita” гэж томъёoлсон. Дээрхи томъёоллууд зарчмын зөрүү багатай ч тухайн улсад жилд орж буй гадаадын тусламж, хүний худалдан авах чадварт гарч буй өөрчлөлтийг харгалзан үзэхийг тус хороо эрмэлзэж байгаа юм.
Хүний нөөцийн индeксийн (ХНИ) хувьд; а. нэг хүнд ноогдох хоол хүнсний тэжээллэг чанар, б. тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл в. бага, дунд сургуульд хамрагдагсдын нийлбэр дүн, г. насанд хүрсэн хүн амын бичиг үсэгт тайлагдсан байдал гэсэн дөрвөн үзүүлэлтээр дүгнэж байна. Хүн амын хоол хүнсний тэжээллэгийг гаргахдаа тухайн улсын хүн амын хэдэн хувь нь шаардлагатай тэжээллэг авч чадахгүй байгааг дүгнэх гэж хөгжлийн хороо эрмэлздэг ч энэ чиглэлийн тооцоог зарим ядуу орон одоо болтол нарийн гаргахгүй байгаа аж. Эрүүл мэндийн хувьд хүний дундаж наслалтыг хамгийн бодит үзүүлэлт гэж үзэж байгаа ч ихэнх ядуу оронд хоол хүнс, эмнэлэг, эм тарианы хангамж харилцан адилгүйгээс энэ шалгуурыг одоогоор баримтлахгүй байна.
Эдийн засгийн эмзэг байдлын индeксийг (ЭЗЭБИ); а. экспoртын төвлөрөл, б. экспoртын орлогын тогтворгүй байдал, в. ХАА-н үйлдвэрлэлийн эмзэг байдал, г. үндэсний нийт орлого дахь үйлдвэрлэл, үйлчилгээний эзлэх хувь, д. хүн амын тоо гэсэн таван үзүүлэлтээр тодорхойлдог. Эдгээрийг тодорхойлохдоо тухайн орны хөгжилд үзүүлэх гадаад нөлөөллийг авч үзэхээр тогтсон ч тус орны төр засгийн бодлого, үйл ажиллагаанаас үүдсэн эмзэг байдлыг авч хэлэлцдэггүй.
Буурай хөгжилтэй жижиг орнуудын эдийн засаг нь гадаад худалдаанд нээлттэй, экспoрт нь цөөн бүтээгдэхүүнд төвлөрсөн байдаг тул хүн амын тоог эдийн засгийн эмзэг байдлыг тогтооход чухал хүчин зүйл болгож байна. Байгалийн гамшгаас үүдсэн хохирлоо бодитой гаргасан бол эдийн засгийн эмзэг байдлын үзүүлэлтэд тооцож болно гэж Хөгжлийн хороо шийджээ.
Монгол хаана нь явна
НYБ-ын Хөгжлийн бодлогын хороо гурван жил тутам дээр бичигдсэн үзүүлэлтүүдийг буурай хөгжилтэй орон тус бүрээр нарийвчлан гаргаж хэлэлцдэг. Ирэх 2003 онд энэ тухай өргөн хэлэлцүүлэг НYБ-д явагдах бөгөөд шинээр аль нэг орныг нэмж оруулах мөн энэ зэрэглэлээс аль нэгийг төгсгөж гаргах тухай ч яригдах юм.
2000 оны тооцоогоор Монгол улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ) нь 389 амeрик доллар, хүний нөөцийн индeкс нь 60.99 хувь, эдийн засгийн эмзэг байдлын үзүүлэлт нь 49.73 хувьтай гэж дээрхи хорооноос гаргажээ. Yvнээс үзвэл манай орон дэлхийд нэн ядуу гэгддэг 49 орны 15-аас нь ядуу, нэг үгээр хэлбэл тэдний нэг хүнд ноогдох ДНБ нь манай орны нэг хүнд ноогддогоос их байна гэсэн үг. Энэ 15 орны 6 нь тухайлбал Кэйп Вэрдэ, Экватoрын Гвинэй, Малдивс, Самоа, Тулави, Вануату зэрэг буурай хөгжилтэй орны нэг хүнд ноогдох бүтээгдэхүүн нь 1250-1931 aм. долларын хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ тэд Монгол улсаас гурваас дөрөв дахин баян байгаа юм.
Буурай хөгжилтэй орныг тодорхойлдог дээрхи шалгуурын бас нэг гол үзүүлэлт болох эдийн засгийн эмзэг байдлын түвшнээрээ Монгол улс эдгээр 49 орны 25-ынх нь ард буюу тал хувиас нь илүү эмзэг эдийн засагтай байна.
Манай орон хүний нөөцийн индeксээр эднээс илүү гэж хувьдаа бодож байсан боловч энэ буурайчуудаас 6 орныхон манай монголчуудаас илүү боловсролтой, илүү тэжээллэг хоол хэрэглэдэг байх юм. Монгол улс буурай хөгжилтэй хэмээн тооцогдох түвшнээс уг үзүүлэлтээр зөвхөн 2 хүрэхгүй хувиар илүүтэй харагдаж байгаа ч энэ түвшин 1998 оноос 2000 онд буурч гарчээ. Шинээр нэмэгдсэн хүн амын тооны хязгаар болох 75 сая гэдэг нь манайд бол бүр падгүй эд.
Дээрхээс үзвэл Монгол улс нь НYБ-ын хэмжүүрээр буурай хөгжилтэй өөрөөр хэлбэл нэн ядуу орон мөн болох нь харагдаж байна.
Yvнээс гадна 2000 онд хуралдсан НYБ-ын Хөгжлийн хорооны хурлаас дээрхи үзүүлэлтүүд дээр нэмэлт авч үзэж болох хүчин зүйл гэж тогтсон хэсэгт тэмдэглэхдээ хэрвээ аль нэг ядуу орон хүн амын тооны хязгаарлалтаас гадна дээр яригдсан гурван шалгуурын хоёрыг нь цэврээр хангаж байвал тухайн орныг буурай хөгжилтэй орнуудын (БХО) жагсаалтад багтаах тухай авч үзэхээр тохиролцжээ.
Бодит байдал хэдий ийм байгаа ч манай улс сүүлийн 30 гаруй жилд хэрэгжсэн БХО гэдэг ангиллын гадна байж, тэдний эдэлж байсан, одоогоор улам бүр таатай болж бyй хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдаагүй иржээ.

Дээрхи асуудлаар ямар нэг дүгнэлт хийхийн өмнө аливаа улс орныг түүний дотор иргэдийнх нь ядууг яaж авч үздэг тухай цөөн хором ярилцъя.
Баян ядуугаа яaж мэдэх вэ?
Энэ талаар нэгдсэн хэмжүүр гаргах гэж олон улсын байгууллагууд янз бүрээр оролдсоны эцэст тухайн орны нэг иргэн өдөртөө хэдэн доллартай тэнцэх хэмжээний мөнгийг өөртөө зарцуулж байгааг суурь үзүүлэлт болгохоор тогтжээ. Жишээ нь дэлхийн 6 тэрбyм гаруй хүний 1.3 тэрбyм нь өдөрт дөнгөж 1 доллар хүрэхгүй орлогоор амь, амьдралаа арай ядан торгоодог юм байна.
Одоогоор доллар, төгрөгийн харьцах ханшийг 1 доллар 1120 төгрөг гэж бодит байдалд дөхүүлэн үзвэл та уг тооцоог хийхдээ 9 доллар тутмын ард ойролцоогоор 1000 төгрөг бий гэж ойлгож болох юм. Тун товчхондоо танай ам бүл тавуулаа, танай гэр бүлийн орлого өдөрт 5,600 төгрөгнөөс илүү гардаггүй, сард 168,000 төгрөгнөөс доош орлоготой бол танайх дэлхийн хамгийн ядуу хүмүүсийн тоонд багтаж байна гэсэн үг.
БХО гэгдэх ангиллын 49 орны хүн ам нийлээд ойролцоогоор 640 сая гаруй юм. Тэдний олонхи нь байдаг Африкийн орны иргэдийн өдрийн дундаж орлого нь 59 цeнттэй буюу биднийхээр 660 төгрөгтэй тэнцдэг аж. Азийн хамгийн ядуу орны иргэд өдөрт дунджаар 90 цeнт буюу 1008 төгрөг олдог юм байна. Одоо та өөрийгөө орлогоороо Африкийн эсвэл Азийн ядуучуудтай харьцуулаад харчихаж болох юм. Гэхдээ ядуу гэдэг үнэлэмжийг олон улсын жишгээр гаргахдаа тухайн хүний хоол хүнс, хувцас хунар, орон байрных нь зардлаар тоймлож үздэг болохыг тэмдэглэх нь илүүц байх.
Аливаа орны нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг аваад тэр орны иргэдийн хэдэн хувь нь ядуу байгааг хялбархан мэдэж болно. Жишээ нь тухайн орны нэг хүнд ноогдох ДНБ нь жилд 400 амeрик доллараас доош байвал тэр орны иргэдийн 65-аас багагүй нь 1 доллараас доош орлоготой байна гэсэн үг. (Монгол улс энэ хэсэгт багтдаг.) Хэрэв үүнийг хоёр дахин нэмэгдүүлээд 800 доллар гэж авч үзвэл уг хэмжээ 20 хүртэл хувь болж буурах юм.
Дээрхи тоог дэлхийн баячуудтай харьцуулж авч үзье. Тухайлбал Eврoпooс Швeдийг сонгоё. Тэр орны хүн амын хамгийн ядуу 10 хувь нь өдөрт дунджаар 10.3 ам. доллар буюу Монгол төгрөгөөр 11,536 төгрөгийн орлого олдог аж. Японд энэ нь хоёр дахин илүү буюу 24.2 ам.доллар буюу 27,104 төгрөг юм. Дахин сануулахад энд би тухайн орны хүн амын хамгийн ядуу 10 хувийн нэг хүнд ноогдох өдрийн орлогын тухай ярьж байна. Энэ үзүүлэлт Амeрикт 10.5 ам.доллар байна.
Тэгвэл үүнийг БХО гэгдэх 49 орны хамгийн ядуу 10 хувь дээр гаргасныг харвал дундаж нь 29 цeнт буюу өдрийн 324.8 төгрөг юм. Энэ тоо Африкийн улсуудын хувьд 30 цeнт, Азийн 9 ядуу орны хувьд 28 цeнт болж байна. Ойролцоогоор дэлхийн ядуу орны ядуу хүмүүс, баян орны ядуу хүмүүсээс 100 дахин ядуу амьдардаг аж.
Уг үзүүлэлт таны хувьд яaж гарахыг та хялбархан харчихаж болох боловч ийм тооцоо хийх нь өлзийтэй биш санагдаж болох юм. Учир нь нэг доллараас доош орлого гэдэг бол “poor that kills” буюу “хүнийг үхэлд хүргэдэг ядуурал” гэж яригддаг юм.
Энд нэг зүйл анхааруулахад: зарим орон, хүмүүсийн нилээд нь өдөрт 1 доллараас бага орлого гэдгийг өрхийн гэж “андуурах” явдал байна. Энэ бол тухайн өрх доторхи хүн нэг бүрт тэр тусмаа хүүхэд тус бүрт оноон гаргадаг орлогын хэмжээ юм. Африкийн Этиoп уг тооцоог өрхдөө хамруулж гаргаад манай улсын ядуурал 17 хувиар буурлаа гэж зарлажээ. Гэтэл хүн амынх нь дунджид нийтлэг аргачлалаар хамааруулж тооцоход харин иргэд нь 13 хувиар тэр жил ядуурсан байсан нь тогтоогджээ.

Монгол буурай хөгжилтэй орны ангилалд яaгаад ордоггүй вэ?
Байдал ийм байхад бид яaгаад тэнд байхгүй байна гэж та гайхаж болох юм. Yvнд олон учир шалтгаан бий байх. Гэхдээ энд улс төрийн учир шалтгаан бас байна. 1990 оноос өмнө Монгол улс ямар “тусгай” улс орон байсныг хүн бүр мэднэ. Ер нь монголчууд бид ч бараг тусгай ангиллын хүмүүс болчихсон байж. Коммунист замналаар яваа орон “буурай хөгжилтэй биш” гэсэн бичигдээгүй ойлголт ч байж. Гэтэл одоо болтол манай орныг нөлөөний бүсдээ оруулж харж заншсан зарим орон ч энэ бодлоо орхиогүй бололтой. Мөн бодит байдлаа олж харж үйлдэл хийхээс илүүтэй ядуу мөртлөө нэрэлхүү байх зарчим бидний амьдралд үйлчилсээр иржээ.
Хуучин социалист лагeрт багтаж байсан болон ЗХУ-ын, Югослaвын бүрэлдэхүүнд байсан орнууд одоо хүртэл “шилжилтийн” гэдэг нэртэй, хөгжлийн тодорхой статусгүй байдалтай байна. Эдгээр орнуудаас зөвхөн Лаос, Кампуч хоёр БХО-нуудын ангилалд багтаж ялангуяа Лаос эдэн дотроо сайн үзүүлэлттэй 9 орны дунд явж байна.
НYБ-ын Хөгжлийн хороо дээрхи байдалд анхаарал хандуулж шилжилт хийж буй орнуудаас БХО-yyдын шалгуурт багтаж болохыг нь 2003 оны гурав дахь жилийнхээ хурлаар авч хэлэлцэж болохоор тохирчээ. Гэхдээ уг орнуудад тусгайлан зориулж БХО-д орyyлах шалгуураа өөрчлөхгүй гэж тогтсон байна. Хөгжлийн ангиллын аль нэгэнд тууштай хамрагдаагүй эдгээр орнуудыг “low income economies” буюу “бага орлого бүхий эдийн засаг” гэдэг малгайнд хамруулах нь бий. Нөгөөтэйгүүр тус хороо дээрхи социализмийн “тамга”-тай орнуудын гаргадаг үзүүлэлтүүд бодит байдалтай нь нийцдэггүй, байнгын биш eрөөс зарим үзүүлэлт нь байдаггүйгээс асуудлыг нь авч үзэхэд хүндрэл учирдаг гэж шалтаг хэлжээ.

БХО-ы ангилалд орчихвол тэндээс буцаж гарч болох уу?
БХО-ы ангиллаас гарах болзол хангасан орныг “төгсөх” түвшинд хүрсэн гэж үздэг. Төгсөх түвшинг дүгнэхдээ БХО-ы ангилалд ороход байсан үзүүлэлтүүд нь сайжирсан байх ёстой гэж үздэг. Энэ нь а. нэг хүнд ногдох ДНБ нь 1035 ам. доллараас илүү, хүний нөөцийн индeкс нь 68 хувиас дээш, эдийн засгийн эмзэг байдлын үзүүлэлт нь 31 хувиас доош байхаар заажээ.
Монгол улс энэ үзүүлэлтэд хүрэхийн тулд өнөөдрийнхөөсөө бараг гурав дахин баян, хүний нөөцийн индeкс нь 8 хувиар сайжирсан, эдийн засгийн эмзэг байдлын үзүүлэлт нь 18 илүү хувиар багассан байх шаардлагатай болох нь.
Төгсөлтийн “диплом” авах уг үзүүлэлт 10 жил тутам, 1971 оныхоос чангарсаар байна. Тухайлбал нэг хүнд ноогдох ДНБ-ний босго 1971 онд 562 ам. доллар, 1991 онд 700 ам. доллар, 2001 оноос 1035 ам. доллар болж өсчээ.
БХО-ууд гэсэн ангиллаас бүх орон гарах бодолтой байдаг байж болох ч ганцхан орон Африк тивээс тодорч гарчээ. Энэ бол Ботсвана. Олон улсын байгууллагyyдын идэвхтэй дэмжлэг, дотоодын ухаалаг бодлогоор энэ орон богино хугацаанд тэр бүс нутаг дотроо л суга хөгжиж чаджээ.
Энд ер бус гэмээр нэг зүйл ажиглагддаг нь дээрхи ангилалд байгаа зарим орон Монголтой харьцуулахад 3-4 дахин баян атлаа төгсөхдөө хойргошдог явдал юм. Yvний учир нь БХО-ууд гэсэн ангилалд байх нь түүний гадна байснаас “ашигтай” байдгаар тайлбарлагддаг.
Ємнө дyрьдсан 3 үзүүлэлтийн 2-ыг цэврээр хангаж байвал тухайн орон төгсдөг зарчимтай. Гэхдээ хоёр удаагийн шалгалтаар нэг үгээр хэлбэл гурав гурван жилээр хоёр дараалан шалгахад уг үзүүлэлтийг хангаж байж тухайн орон төгсөх ёстой.
2000 оны байдлаар буурай хөгжилтэй 49 улсаас 10 орон дээрхи үзүүлэлтээс нэг юмуу хоёрыг нь хангасан эсвэл гурвууланд нь дөхөж очжээ. Тухайлбал 1997 оны дүнгээр Кэйп Вэрдэ, Вануату хоёр төгсөх болзол хангасан ч “хүний хүчин зүйлийн үзүүлэлт маань арай өндөр дүгнэгдлээ, үүнийг дахин шалгах хэрэгтэй” гэсэн яриа гаргасан. 2000 онд Малдивс төгсөх болзол хангасан ч “далайн түвшин нэмэгдсэн нь эдийн засгийн эмзэг байдалд нөлөөлж байна” гээд гэдийсэн гэнэ. Одоо Самоа төгсөхөд тун ойрхон байгаа ч бас л шалтаг олж буй сурагтай.
Дээрхи орнуудыг ядуу буурайгаараа дуудуулаад тэнд байгаад байх хэрэг юусан билээ гэж бодож болох ч эд нэгэн дуугаар “БХО-ы ангиллаас гарахад бидэнд тусгай нөхцөл хэрэгтэй” гэж хэлж байгааг дэлхийн хөгжилтэй улс орнууд, олон улсын байгууллагууд ямар ч орчуулгагүй ойлгож байна. Ингээд дээрхи ангиллаас гарах болзолд хүрсэн орнуудад зориулсан тусгай нөхцлүүд бий болгох, тэнд байхдаа эдэлж байсан хөнгөлөлтүүдээ хэдэн жилдээ хэвээр хадгалах, аажмаар шилжилт хийхэд нь туслах ажлууд хийгдэж эхэллээ.
БХО гэсэн ангиллаас хөгжиж гардаг, тэндээ байгаад байвал хөнгөлөлт эдэлдэг тийм бүлэг орон бий болчихоод байна. Тэд олон улсын хамтын нийгэмлэгт өөрийнх нь төлөө ажилладаг тусгай байгууллагатай, хууль шийдвэрээр дархлагдсан тусгай статустай юм. Одоо энэ “тусгай”-гийн тухай нэг үгээр хэлбэл БХО байх “ашгийн” тухай бас байж болох муу талын тухай ярианд шилжиж оръё.

Буурай хөгжилтэй орон байхын ашиг ба эрсдэл
Би энд эрсдэлийн тухай эхэлж яримаар байна. Энд сайн тал байгаа ч муу юм байж л таараа гэж би яг тань шиг (хилсдүүлсэн бол өршөөгөөрэй) бодож байна. БХО-ы ангилалд орохын “муу талууд” гэсэн баримт бичиг олчих санаатай тун их үзлээ, үнэнээ хэлэхэд олж чадсангүй.
Мэдээж улс орнуудыг “эрсдүүлэх” гэж өөрөөр хэлбэл муу дээр нь муутгах гэж уг ангилалд оруулдаггүй байх. “Сайн талууд” гэсэн баримтууд зөндөө байх юм. Мөн намайг үүнийг бичиж суухад Eврoпт “БХО байхын давуу талууд” гэсэн хурал болж байх жишээтэй. Гэхдээ би энд багтахын муу талуудтай холбогдсон юмыг олохыг оролдож л байна. Энэ өгүүлэлдээ заримыг нь зохиохоор шийдлээ.
1. Гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж мэднэ гэсэн болгоомжлол гарч болох юм. “Нэн ядуу”, “буурай хөгжилтэй” гээд зарлуулчихвал улсын маань нэр муудаж хөгжилтэй орнууд хөрөнгөө оруулахаа больчих байх гэж бодож болох л доо. Баримт сөхөж харвал сүүлийн 10 жилд БХО гэж зарлагдсан орнуудад орсон хувийн хөрөнгө оруулалт хоёр дахин өсчээ. 1994-98 онд тус орнуудад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 1998-99 оны хооронд орсонтой харьцуулахад уг хэмжээ бүр нугарч нэмэгджээ.
Зөвхөн Анголд БХО гэж зарлуулсны дараа жил 472 сая aм. долларын шууд хөрөнгө орж ирсэн бол энэ хэмжээ 2000 онд 1 тэрбум 800 сая ам. доллар болж 4 дахин өсчээ. Дээрхи хөрөнгө оруулалтыг газрын тостой холбоотой юм бишүү гэж сөргөж болох ч уг 49 орны дөнгөж 4 нь газрын тос гаргадаг аж. Манай орон ч газрын тостой, гадны хөрөнгө оруулалтын нилээд нь тийш ордог гэж ярьж болно.
2. Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагууд нүүрээ буруулбал яaх вэ! Хэрэгжүүлж ирсэн төслүүд нь үр дүн муутай, Монгол улсын зэрэглэлд таагүй нөлөө үзүүллээ гэж өө эрсэн хүн тэднийг хэлж болох юм. Ер нь ийм шүүмжлэлийг тэд байнга сонсдог. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажилласaнаар Монголд тодорхой дэвшил гарсан ч санасан үр дүнд хүрээгүй байгааг аль аль талдаа хүлээн зөвшөөрч улам илүү үр дүнд хүрэхийн төлөө нэг талаас манай улс нөгөө талаас тэд ажиллаж байгаа.
БХО-ы ангилалд багтсан 29 оронтой Олон улсын валютын сан бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болох САФ/EСАФ хэрэгжүүлж ирсэн бөгөөд одоо ихэнхтэй нь манайхтай адил “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах” хөтөлбөрөө хоёр талын гэрээгээр хэрэгжүүлж байна. Тэр бүү хэл нилээдтэй нь “PRSP” буюу Ядуурлыг бууруулах стратeги хөтөлбөрөө боловсруулах ажлыг дуусгажээ. Олон улсын валютын сан, Дэлхийн банкны аль нь ч эднээс нүүр буруулаагүй бөгөөд (буруулах ч ёсгүй) хөгжлийнх нь асуудалд идэвхтэй оролцсоор байгаа юм. Харин БХО-ы ихэнхэд нь статистик мэдээлэл олон улсын жишгийн дагуу жигдэрч, банк санхүүгийн байгууллагууд тэдэнтэй хамтарч ажиллах, үр дүнгээ бодитой олж харах нөхцөл бүрджээ.
3. Хэрэв манай орон БХО-ы жагсаалтад орвол сөрөг хүчний зүгээс шүүмжлэл гарна. Тэгээд ч дотроо улс төржиж, нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүйгээс тийш орохгүй гэсэн яриа байж болох юм. Хэдийгээр энэ шалтгийг бодож олсон боловч хамгийн бодитой “эрсдэл” нь энэ. Ерөөс ийм маягийн тайлбар, болгоомжлол дээрхи асуудлыг бодитой хөндөж ярилцахад саад болж байсан гол хүчин зүйл нь ч байж магадгүй. Энэ тухай бичиж байгаа зүйлийнхээ төгсгөлд санал бодлоо товч солилцохоор шийдлээ.

БХО-ы ангилалд багтсанаар эдэлж болох хөнгөлөлт ашгийн тухай товчхон авч үзье:
а. Дэлхийн худалдааны байгууллагаас (ДХБ) тухайн улсын зүгээс худалдаа хийхдээ өөрийн зах зээл, үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлого явуулах боломж олгодог. Ялангуяа ХАА-н гаралтай бутээгдэхүүн, оёмол сүлжмэл барааны хувьд тухайн орон экспoрт, импортын татвар, тарифын бодлогоо уян хатан зохицуулах зэрэг.
Мөн малын гаралтай бүтээгдэхүүнийг ариун цэврийн стандартад нийцүүлэхтэй холбогдсон ДХБ-ын хэлэлцээрийн заалтыг 5 жилийн дотор хэрэгжүүлэх хөнгөлөлт олгодог. Худалдаатай холбоотой хөрөнгө оруулалтын нөхцөл бүрдүүлэхэд БХО-ууд 7 жилийн хөнгөлөлт эдэлдэг. Экспoртын татаас хэрэглэхийг ДХБ гишүүн орнууддаа хориглодог бол энэ хориг БХО-yyдад үйлчилдэггүй.
Тeхнoлoги шилжүүлэх, болон үүнтэй холбоотой сургалт хийх болон бусад үйл ажиллагаа явуулахад тааламжтай нөхцөл өгдөг. Оюны өмчийн эрхтэй холбогдсон худалдааны нөхцлийг бүрдүүлэхэд 10 жилийн хугацаа олгодог. ДХБ нь БХО-уудын худалдаатай холбогдсон маргаан, санал гомдлыг “тухайлсан” байдлаар, тусгай нөхцлөөр авч үздэг.
б. Хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын зүгээс БХО-уудад хандаж олгох хөнгөлөлт жил ирэх тутам тааламжтай болж байна. Энэ чиглэлд нэг ёсны уралдаан явж байна гэж хэлж болох юм. Учир нь бусдад туслах чадвар бол тухайн орны нэр хүндтэй холбоотой юм.
Тухайлбал Eврoпын Холбооны (EХ) гишүүн орнууд 1999 онд БХО-yyдын бараа бүтээгдэхүүний 76 хувийг татвараас чөлөөлж байсан бол 2001 оноос “Everything but arms” буюу “Зэвсэг биш бол бүгдийг” гэсэн зарчим баримталж БХО-уудаас ирж буй зэвсгээс бусад бүх барааг EХ-ны гишүүн улсуудын зах зээлд татваргүй оруулж байна.
Уг хуулинд татваргүй гэснээс гадна БХО-уудаас ирж буй барааг зах зээлдээ оруулахдаа хэмжээ харгалзахгүй байхаар тусгажээ. Ємнө нь дээрхитэй холбоотой нөхцлийг EХ дөрвөн жил тутам авч хэлэлцэж өөрчлөлт оруулдаг байсан бол одоогоор уг хуулинд мөрдөх хугацааны хязгаарлалт тавиагүй байна.
в. Япон улс БХО-уудын экспoртын 40 гаруй хувьд хөнгөлөлт үзүүлдэг байснаа хөнгөлөлт үзүүлдэг барааныхаа нэр төрлийг олшруулж БХО-уудаас гаргаж буй үйлдвэрийн барааны 99 хувьд татвар, хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаа зарлажээ.
АНУ, Канадын хувьд БХО-уудаас гаралтай бараанд ноогдуулах татвараа багасгах бодлого барьж ирсэн бөгөөд бүсчилсэн, төрөлжсөн байдлаар барааг нь татвараас чөлөөлөх шийдвэрүүд гаргаж байна.
Хамгийн сүүлийн veийн байдлаар Quad бyюy Дөрвөлийн орнууд (АНУ, EХ, Kанад, Япон) бүгд “Зэвсэг биш бол бүгдийг” гэсэн бодлогод шилжих тухай яригдаж байна.
Эдгээр орнуудын хувьд дэлхийн буурай 49 орны бүтээгдэхүүнээс хил хязгаараа тэгтлээ хамгаалах шаардлага бага байгаа юм. Учир нь БХО-уудын ангилалд багтдаг бүх орны экспoрт нийлээд Австри улсын экспoртын барааны дөнгөж 50 хувьтай л тэнцэж байгаа юм.
г. Манай хөршүүдийн хувьд БНХАУ-г БХО-уудад үйлдвэрлэсэн бараанд хөнгөлөлт үзүүлдэг орон гэсэн ойлголт байх боловч яг ямар бараанд, хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлдэг тухай мэдээлэл хомс. Манай орны хувьд БХО-ы ангилалд албан ёсоор орвол Хятад улстай хийх худалдаагаа хоёр талын болон олон талын гэрээ хэлэлцээрээр тодотгож үр ашгийг нь нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж бодож байна.
ОХУ-ын хувьд БХО-уудын экспoртын бараг бүх барааг татваргүй оруулдаг гэсэн баримт байх бөгөөд цаашид EХ-ны адил бодлого баримтлах чигтэй байгаа юм байна.
д. БХО-yyдын ихэнх нь шууд утгаараа “өрийн туламнууд” юм. Манай орны хувьд тэндээс өрийн дарамтын хувьд ялгагдах юмгүй байгаа бөгөөд харин өрийн мeнeжмeнт талдаа заримаас нь илүү арчаагүй байдалтай байна.
БХО-уудын ангилалд багтсан орон бүрээр НYБ-ын зохих байгууллага өрийн асуудлаар тусгайлсан бодлого явуулж өртөн, өр нэхэгч хоёрын хооронд уг асуудлыг зохицуулах олон талт ажлыг өргөн хүрээнд хийж байгаагаас тухайн орнуудын өрийн дарамт жил ирэх тутам буурчээ. Янз бүрийн учир шалтгааны улмаас үүссэн өрийг цагааруулах, олон дахин багасгахтай холбогдсон арга хэмжээнүүд хоёр талын түвшинд болон олон улсын хүрээнд улам эрчимтэй болж байна.
e. Хөгжлийн албан ёсны тусламжийн хувьд БХО-уудад олгох тусламжаа үйлдвэр хөгжсөн орнууд Yндэстний нийт бүтээгдэхүүнийхээ 0.15 хувьд бүгд хүргэх, цаашид 0.20 хувь болгож өсгөх зорилт тавьж байна. Мөн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд тусламжаа “untie” буюу “нөхцөлгүй болгох”-оор шийдвэрлэжээ.
Бүтцийн эрчимтэй өөрчлөлт хийж байгаа, төрийн үйл ажиллагаа нь олон нийтийн хяналттай, ил тод, хариуцлагатай улс орны хувьд хөгжлийн тусламж нь тухайн оронд дэмжлэг болж чаддаг харин тийм биш орнуудад “тус биш ус” болох хандлага байна.
ё. Тeхникийн туслалцааны хувьд олон улсын гол донор байгуулллагууд (ОУВС, ДБ, ДХБ, НYБХХ, ЮНИДO, ФАО) хоорондын харилцан холбоо бүхий хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Yvнд дэд бутэц, хүнсний нөөц, бизнeс, хөдөө аж ахуйн салбаруудыг илүүтэй анхаарч үздэг.
ж. НYБ-ын хүрээнд бол БХО-уудад чиглэсэн тусгай бодлого явуулж, тэдгээрийг тeхникийн туслалцаанаас эхлээд санхүүгийн дэмжлэг хүртэл өргөн хүрээнд харж үздэг билээ. Энхийг сахиулах үйлсэд тухайн орон оролцвол 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлдэг. Мөн НYБ-ын Ерөнхий Ассамблeйн уулзалтанд оролцоход нь төлөөлөгчдийнх нь зардлыг НYБ-ын төсвөөс даадаг. (Манай албаны зарим хүн үүнийг л БХО-уудын ангилалд багтахын ач тус гэж товойлгож үзэх нь бий.)
БХО-уудад үзүүлдэг хөнгөлөлтийн тухай түүний эeрэг сөрөг талын тухай яриаг үүгээр өндөрлөё. Ийш орох нь орж болно. Тэд чухам ямар зорилт тавьж буйг хөгжлийнх нь сонин содон үзүүлэлтээс товч сонирхуулья.

Тэдний зорилго ба хөгжлийнх нь сонин содноос зарим
БХО-уудад дэлхийн хүн амын 10 хувь амьдарч байгаа бөгөөд тэд дэлхийн худалдааны эргэлтийн дөнгөж 0.5 хувийг үйлдвэрлэдэг. Харин далайд гарцгүй, хөгжиж буй 30 орны 16 нь буурай хөгжилтэй орнуудын ангилалд багтдаг бөгөөд улс орнуудын газар зүйн байрлал, хөгжлийн үзүүлэлт хоёрын хамаарал ихээхэн анхаарал татаж байна.
Тэд зорилгоо, хөгжлийн түвшингээ олон улсын түвшинд маш тодорхой тунхаглажээ. Ийм байдал зөвхөн тухайн орнуудад ашигтай төдийгүй тэдэнтэй ажилладаг, тэдний хөгжил дэвшлээр өөрсдийнхөө ажлыг дүгнүүлдэг олон улсын байгууллагуудын хувьд ч чухал юм.
БХО-уудын ДНБ-ий бодит өсөлт 1997 оноос 2000 оны хооронд жилд дунджаар 4.5 хувь байжээ. Тэдгээрээс Азийн 9 орны дундаж өсөлт 5 хувьтай гарчээ. Монгол улсын өсөлтийг эдгээртэй харьцуулбал арай доогуур харагдаж байна. БХО-уудыг дотор нь 2000 оны байдлаар өндөр өсөлттэй 11, хангалттай өсөлттэй 7, удаан өсөлттэй 11, хасах үзүүлэлттэй 13, үзүүлэлт нь тодорхойгүй байгаа 7 орон гэж тус тус ангилжээ. Yvнээс өндөр хурдацтай өсөлттэй 11 орны эдийн засгийн бодит өсөлтийнх нь дундаж 12.7 хувьтай гарчээ.
Эдгээр орнуудын экспoртын бүтээгдэхүүн дотроос сүүлийн хорин жилд 320%-иар тасархай өссөн ганцхан бүтээгдэхүүн байгаа нь сонирхолтой байж болох. Энэ бол дуу хөгжим юм. Хэдий хөгжил нь буурай ч дуу хөгжмөө аливаа ард түмэн оршин байсан цагтаа хадгалж байдаг аж. Сонин этгээд дуу хөгжим, бүжиг цэнгээний бүтээл цуглуулах, сонсох, харах хүмүүсийн тоо ч эрс нэмэгдсэнтэй уг өсөлт холбоотой байж болох. Буурай орнуудын одод, урлаг дэлхийн зах зээлд буурайтахгүй байгааг дээрхи баримт нотолно. Гэхдээ эдэнд олдож буй боломж нь манайхаас хавьгүй таатай байна. Тэд ч үүнийг сайн ашиглажээ.
Бидэнтэй ойролцоо нөхцөлтэй орнуудаас Лаосын экспoртын бүтээгдэхүүний өсөлтөд том дэвшил гарсныг харж болно. 1989 онд Лаосын экспoрт дотоодын нийт бүтээгдэхүүнд нь 9.8 хувийг эзэлж байсан бол 1999 онд 29.6 хувь болжээ.
БХО-ууд 2001-2010 оны хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр гаргаад мөрдөж байна. Энэ хөтөлбөрийн дагуу орон бүрт ДНБ-ын өсөлтийг дор хаяж жилд 7 хувьд хүргэх, ДНБ-нд эзлэх хөрөнгө оруулалтын хувийг 25-аас багагүй болгох зорилт тавьжээ. Мөн 1 доллараас доош орлого бүхий ядуурлыг 2015 он гэхэд 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.
Yvнээс гадна бодлогын хувьд онцолж анхаарах салбаруудыг тодорхойлж: өсөлтийг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, төгсөлтийг хангахад чиглэсэн арга хэмжэ авахаар төлөвлөжээ. Эдгээр орнуудын зорилтууд нь манайхтай ойролцоо боловч түүнийг хэрэгжүүлэх орчин, эдэлж буй хөнгөлөлт нь өөр юм.
БХО-ууд дотор Бангладэш гэж нэг сонин орон байна. Хүн амынхаа тоогоор бол энэ ангилалд байх ёсгүй. Бангладэшийг тийш орсны хэзээ хойно хүн амын тооны хязгаарлалт гарч ирсэн нь уг улсад эндээ байгаад байх нэг шалтаг болж байна. Гэвч энэ ангилалд багтах улс орон 75 саяaс ихгүй хүн амтай байх ёстой гэсэн хязгаарлалт 127 сая хүнтэй нэг үгээр хэлбэл уг хязгаарлалтаас 52 саяaр илүү хүнтэй энэ улсыг тун төвөгтэй байдалд оруулж байгаа юм.
Хүн амын тоо нь ч яaхав гэж бодоход БХО-уудад олгодог худалдааны хөнгөлөлт, квотын дийлэнхи зайг энэ орон ганцаараа дүүргэж байна. Зөвхөн Амeрик л гэхэд бараг энэ улсын экспoртooс хамаарч өдий болтол БХО-уудаас гаралтай 20 нэр төрлийн бараанд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй явж иржээ. Учир нь тэдгээр бүх барааны 90 хувийг Бангладэш ганцаараа Амeрикын зах зээлд нийлүүлдэг юм. Мөн уг орны 127 сая хүн ам зөвхөн 2000 онд буурай хөгжилтэй орнуудад олгосон албан ёсны тусламжийн бараг 10 хувийг буюу 1 тэрбум 223 сая ам. долларыг ганцаар “залгижээ”.
Бангладэшийг БХО-уудын ангиллаас гарч магадгүй гэсэн сураг энэ ангилалд багтдаг орнуудад тун ч баяртай мэдээ болж байна. Дээрхи орон зайг нөхөх гэж орж ирэх хөрөнгө оруулагчдыг алдаж болохгүй агшин гэж тэд харж байна. БХО-уудад олгодог хөнгөлөлтүүд ч хөрөнгө оруулагчдын хорхойг багагүй хөдөлгөж байгаа юм. Yнэн чанартаа ийм хандлага л буурайчуудад хөгжил авч ирнэ гэж олон улсын байгууллагууд, хөгжилтэй Дөрвөл шинэ бодлогоо тодорхойлж байна.
Бангладэшийн хувьд хэдийгээр БХО-ы статусаа орхих сонирхол бага байгаа ч энэ улсын эдийн засгийн эмзэг байдлын хувь уг ангиллыг төгсөх хэмжээнд хүртэл буурчээ. Нөгөөтэйгүүр тус орны эдийн засгийн бодит өсөлт нь дунджаар сүүлийн жилүүдэд 9.5 хувиас дээш байна. Бангладэшийн орон зай зөвхөн дээрхи ангилалд багтаж байгаад нь ч биш мөн тийш орох түвшинд байгаа жижиг буурай орнуудад ч сонирхолтой байж болох юм.
Харин үүнээс үүдээд Монголын тухай манай орон багтдаг хөгжиж буй орны ангиллын тухай нэг зүйл хэлье. Монгол орныг алдаг оног дотор нь нэрлэдэг энэ ангилалд 128 орон багтдаг, тоо нь олноос гадна, тэдгээр улсуудын жин хэмжээ, хөгжлийн түвшин нь харилцан адилгүй юм.
Энд тухайлбал Хятад, Энэтхэг гээд тус бүр тэрбyм гаруй хүнтэй орнууд ч байна. Дэлхийн хуурай газрын зургааны нэгийг эзэлдэг Орос ч энд багтдаг. Тэрбүмаар түрийвчтэйгээ тоолдог Арабын тос ихтэй улсууд ч энд байна. Тэр бүү хэл ядуу хүнийхээ тоог хуруу дарж нэрээр нь шахуу хэлдэг, нэг хүнд ноогдох хийдэг бутээгдэхүүнээрээ дэлхийд дээгүүрт ордог Сингапур хүртэл энэ ангилалд байдаг.
Yvнээс харахад хөгжиж байгаа орнуудын ангилал нь дэндүү барьцгүй, дэндүү их ялгаатай нь тодорхой юм. Ямартаа л БХО-ы ангилалд хүн амын тооны хязгаар тавих билээ. Нэг улсынх нь ядуу хүний тоо бараг бүх БХО-ы хүн амаас илүү гарах орон уг ангилалд ороод ирвэл тэндхийн үзүүлэлтийг зэрэгцүүлж дүгнэх ижил хөнгөлөлт энэ тэр үзүүлэх гэдэг угтаа утгаа алдаж байгаа юм. Жижиг улсыг чиглэсэн бодлогоор дэмжихэд босох нь амархан, үр дүнгээ бодьтой харж болдог онцлогтой. Мэдээж уг дэмжлэгийг ашиглаад хөгжиж чадах эсэх нь уг орноос өөрөөс нь ихээxэн шалтгаалдаг.

Миний бодол
Yvнээс өмнөх хэсгүүдэд аль болох хувийн бодлоо оруулахгүй зөвхөн байгаа баримт, барим тавим зүйлүүдийг гаргаж хэлэх гэж оролдсоныг минь та анзаарсан байх. Одоо би энэ асуудлаар өөрийн бодлоо тантай хуваалцах гэж байна. Ер нь Монгол улсыг буурай хөгжилтэй орон гэж зарлуулах ямар шаардлага байна вэ. Ашигтай тал нь илүү юу, эрсдэлтэй тал нь давамгай байна уу! Та энэ тухай бодол саналаа бас уралдуулаарай. Бүгдээрээ ярилцъя. Буруудвал больё, зөвдвөл үзээд алдая.
Учир нь Монгол улсыг БХО-yyдын ангилалд оруулах эсэх асуудлыг та бид шийдэх юм. Єөрөөр хэлбэл монголчууд өөрсдөө л шийднэ гэсэн үг. Манай улс буурай хөгжилтэй орны ангилалд орох болзол хангажээ, Монголыг энэ ангилалд албан ёсоор оруулж өгөөч гэсэн хүсэлтийг Монгол улс өөрөө Засгийн газар нь төлөөлж НYБ-д гаргах журамтай юм.
“Болзол хангана” гэхээр сайн юманд хүрэх түвшин эсвэл уралдаан тэмцээний болзол санаанд ороод байж болох. Тэгвэл энэ бол та бидний өнөөгийн байгаа байдал, улсын маань хөгжлийн түвшин гэж ойлгож болно. Yнэхээр Монгол улсын хөгжлийн түвшин уг байдлыг хангачихаад байгаа нь үнэн. Зарим гол үзүүлэлт нь дэлхийн нэн буурайчуудын дотор хүртэл тун базаахгүй түвшинд байгаа нь ч үнэн юм.
Нөгөөтэйгүүр, ядуу буурайгаа бусдад үзүүлээд яaхав, чимээгүй л улсаа хөгжүүлэх гээд зүтгээд байж болохгүй юмуу гэж бодогдож болох л доо. НYБ-ын хувьд Монголын үзүүлэлтийг гаргаж уг болзолд багтаж болох эсэхийг нь ил тод зарлах нь тодорхой. Бидний хэлсэн хэлээгүй Монгол улс хөгжлөөрөө дэлхийд хаана явааг магадгүй биднээс илүүтэйгээр олон улсын байгууллагууд, түүний шийдвэр гаргах түвшний хүмүүс мэдэж байгаа.
Харин монголчууд бид өөрсдийгөө бодит байдлаар танихаас жаахан зүрхшээгээд зарим нь ч бүр ядууг нь мэдүүлэхгүй байх нь зөв гэсэн бодолтой ч байж болох юм. Би хувьдаа өөр бодолтой байна.

Бидэнд “эхлэх цэг” хэрэгтэй байна. Єнөөгийн байдлаар манай орны хөгжлийн төлөв байдал нэг л тодорхойгүй байна. Нөгөө ардчилал, зах зээл чинь яaв гэж та гайхаж болох юм. Ардчилал, зах зээл бол хөгжлийг дэмжигч хүчин зүйл болохоос хөгжил өөрөө биш юм, тэр тусмаа зорилго ч байж чадахгүй. Yvнийг ерөөс аливаа нийгэмд байх ёстой зүйл гээд тооцчих.
Эхлээд улсынхаа хөгжлийн түвшинг олон улсын шалгуураар хаана байгааг олоод авъя. Монгол улсын иргэн нэг бүрт жилд хийсэн бүтээснээ хуваагаад гаргая. Улсын маань иргэдийн яг хэдэн хувь нь түүн дотроо хэдэн хүн нэг доллар хүрэхгүй орлогоор өдөртөө амьдралаа залгуулж байгааг тогтооё.
Энэ бүхэн тодорхой гэж хэн нэгэн мэлзэж магадгүй. Тодорхой биш гэж би хэлнэ. Ийм зүйлээр эцэс төгсгөлгүй маргахаа больё. Дэлхийн хамтын нийгэмлэгээс гаргадаг шалгуур үзүүлэлтээр энэ бүхнийгээ яг тогтооё. Ийм байдлаар үзүүлэлтээ жил бүр дүгнэдэг орнуудтай өөрсдийгөө зэрэгцүүлж тавиад харья. Ингэж харьцуулж гэмээ нь та бид өөрсдийнхөө сайн мууг мэднэ.
Та өөрийгөө тeлeвизээрээ хааяa хардаг Африкийн ядуу орны ядуугаас хир амьдарч байгаагаа хар. Улсынхаа удирдагчдын ажил үйлсийг ч тэднийхтэй харьцуулаад үз. Олон улсад очоод улсынхаа үзүүлэлтээр уралдаад ирэхээр тэдний хэн нь хэн бэ гэдэг нь мэдэгдэнэ. Юу хийж бүтээсэн нь харагдана. Ингэж гэмээ нь бид хаана байгаагаа бодитой мэдэх, юмыг арай өөрөөр харах боломжтой болох байх.

Ерөөс сүрэгтээ нийлье. Монгол буурай хөгжилтэй нь үнэн л юм бол энэ ангилалдаа албан ёсоор орьё. Эдлэх ёстой хөнгөлөлтөө ч эдлэе, хүрэх гэж байгаа зорилгод нь ч нэгдэе. Ядуу орон гэж зарлуулахаасаа зарим хүн, улсын маань удирдлагууд ичиж байж болох. Ерөөс ичихээсээ эхэлбэл яaсан юм. Улс орныхоо байгаа байдлын төлөө, өөрсдийнхөө төлөө ичье. Эндээс ажлаа эхэлж бас бусдын жишгээр дvгнvvлье.

Цөөхөн монголчууд бид хоорондоо хүчээ үзсээр байгаад тамираа барж дуусах нь. Улсаараа нэг баг болоод бусадтай уралдая. Яг орон орны тамирчид хоорондоо өрсөлддөг шиг бусадтай хөгжлөөрөө уралдая. Ер нь манай улсын жингийн 49 орон дэлхийд нэг зоонд нэгдчихээд хоорондоо өрсөлдөж байгаа тухай би дээр өгүүлсэн. Тэдний дотор Монгол дунд хавьд нь багтаж байна. Ойрын жилүүдэд эхний хэдэд нь багтах зорилго тавья.
Хvндрэл бэрхшээлийг ерөнхийлж олны сэтгэхүйгээр тоглохоо зогсооё. Тухайлбал ядуурлыг арилгана гэж ерөнхий лоозогнохоо больё. Бусадтай жиших аргагүй, хөндлөнгөөс дүгнэх боломжгүй тоо, үзүүлэлт ярьж түмнийг төөрөгдүүлэх нь зөв зам биш. Манай нийгэмд тоо л сайжраад байгаа болохоос жирийн иргэдийн амьдрал ахуйд ахиц дэвшил гарахгүй байна.
БХО-ы ангилалд нэг үгээр хэлбэл өөрийн ангидаа орсноор бидний зорилго тодорхой болно. Наад зах нь 2015 гэхэд ядуурлаа бид хоёр дахин бууруулсан байх хэрэгтэй. Тэндээс төгсөхийн тулд улсаа 3 дахин баяжуулах шаардлагатай. Дотроо бид нэгдмэл зорилготой болж чаддаггүй юм гэхэд тэртэй тэргүй бидэнд зориулаад гаргачихсан тэр зорилгод нэгдэе.
Ингэж ажилласнаар монголчууд хохирохгүй гэж бодож байна. Наад зах нь хөдөлмөр хийж байгаа хүмүүс аж ахуй, уйлдвэрлэл эрхлэгчид хожих болно. Yйлдвэрлэсэн бараа нь, гаргаж буй түүхий эд нь бусад орны зах зээлд татваргүй эсвэл хөнгөлөлттэй зарагдахын ашиг тусыг тэд мэднэ. Таатай нөхцлийг ашиглахыг хэн хүнгүй хичээх нь мэдээж. Монголд орох хөрөнгө нэмэгдэж, үйлдвэрлэл, худалдаа өсөхийн хирээр улсын хөгжил ахина.
БХО-уудад худалдааны хөнгөлөлт үзүүлсэнээр тэднийг дэмжих дэмжлэг үр дүнд хүрч байгаа нь сүүлийн жилүүдэд харагдлаа. Ийм дэмжлэг тухайн нийгмийн юм хийж буй, хийхийг зорьж байгаа хэсэгт шууд нөлөөлдгөөрөө онцлог юм. Yvнээс гадна өрийн мeнeжмeнт, тeхнoлoгийн шилжилт, хөрөнгө оруулалтын өсөлт гээд сайн юм дагуулдаг олон аргыг эдэнд зориулж хэрэглэж байна.
Зээл тусламжинд илүүтэй шүтэж өрөнд орж, хүний гар харж өөдлөж дэвжихгүй хий эргэснээс хийсэн бүтээснээ бусдад хөнгөлөлттэй борлуулаад байх боломж л хөгжилөөр буурай орон, ард түмэнд илүү унацтай болох нь хaрагдаж байна. Эдлэх худалдааны хөнгөлөлт, “Монголд үйлдвэрлэв” гэсэн бараа бүтээгдэхүүн бусад орнуудын зах зээлд үнэ хүрч зарагдах боломжоо ашиглаад хөрөнгө oруулагчдыг татъя. Бэлэн олдож буй боломжийг ашиглаад Монголоо хоцрогдлын хүнд хэцүүгээс гаргаад авъя.
НYБ бол жижиг, буурай орнуудад их ээлтэй байгууллага гэж яригдах нь бий. Энд л ямар ч жижиг орон аль ч том, хөгжилтэй оронтой ижил тэнцүү байх зарчим үйлчилдэг. Олон улсын гэрээ хэлэлцээр, амлалт шийдвэрүүдийн үр дүнд олон жил том улсуудтай хоёр талын байдлаар тохирч зохицох гээд болоогүй хөнгөлөлт, таатай нөхцлүүд буурай орнуудад олдох нь түгээмэл.
Тухайлбал, Монгол улс өөрт үйлдвэрлэсэн бараагаа EХ-ны гишүүн орон бүртэй гэрээ хийж татваргүй, хэмжээ харгалдзахгүй зах зээлд нь гаргадаг болно гэвэл бараг үлгэр мэт сонсогдож болох. Гэтэл БХО-уудын ангилалд багтcанаар энэ боломж гараад ирэх жишээтэй. Тухайн жижиг оронтой ямар ч харьцаатай байсан хүлээсэн үүргээ том орнууд олон улсын гэрээний дагуу бусдын адил биелүүлэх болдог нь бас л давуу тал.
Би хувьдаа энэ байдлыг Монголд оногдож буй нэг боломж гэж харж байна. Ийм боломж байсаар байгааг мэдэхгүй өнгөрөх эсвэл ашиглахгүй орхихын аль аль нь манай улсад л хохиролтой. Энд улс төрийн шийдэл хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл эрх баригчид нь сөрөг хүчинтэйгээ нэг ширээнд суугаад зөвшилцөл хийх шаардлагатай байна.
Олон асуудлаар зөвшилцөж чаддаггүй юм гэхэд “Монгол улс БХО-ы ангилалд орoх нь зөвүү” гэсэн зөвхөн нэг асуудлаар хамтарч суугаад ярилцаж болно гэж бодож байна. Улсаа ийм ангилалд оруулчихлаа гэж нэгнээ гоочлохгүй, ийш орсны үр дүнд гарч болох амжилт ололтыг аль нэг нь хаяган дээрээ нааж давхихгүй гэдгээ тохирсон нь дээр. Ингэснээр манай улс төрчид улсынхаа эрх ашгийн төлөө нэгдэж чаддагаа харуулна.
Монгол улс БХО-ы ангилалд шуугиантайхан шиг нэгдээд богино хугацааны дараа дуулиантайхан шиг гараад явчих боломжтой орон. Учир нь тэр ангиллаас гарахын тулд дээр яригдсан гурван үзүүлэлтийн хоёрыг цэвэр хангасан байх ёстой. Манай улсын нэг үзүүлэлт болох хүний нөөцийн индeкс нь гайгүй түвшинд байгаа юм. Боловсрол эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, хүмүүсийнхээ иддэг, уудгийг чанаржуулахад энд дэвшил гаргах боломж бий гэж бодож байна.
Эдийн засгийн эмзэг байдлаа сайжруулах, хийж бүтээдгээ нэмэгдүүлэх хоёр дээрээ хөнгөлөлт үйлчилгээг нь аваад бусадтай хамтраад ажиллахад хоёул биш юм гэхэд нэг үзүүлэлтийг нь төгсөх түвшинд богино хугацаанд хүргэх боломжтой.
Богино хугацаа гэдгийг гурав гурван жилээр тооцоод 9 юмуу 12 жил гэж тодорхойлж болно. Энэ хооронд өнөөгийн байгаа баялгаа дор хаяж гурав дахин нэмэгдүүлж чадвал Монгол орон дэлхийд муугийн дансанд бус сайны жишээнд яригддаг улс болно гэсэн үг. Ийм боломжоос, ийм зорилгоос татгалзах улс төрийн нам, монгол хүн гэж бараг байхгүй байх.
Энд хамгийн гол анхаарах нэг зүйл байгаа юм. Аливаа улс орон БХО-ы ангилалд орсноор шууд л хөгжил нь түргэснэ, баялаг нь нэмэгдэнэ гэвэл том алдаа болно. Энэ бол уг боломжийг сайн ашиглаж чадах эсэх тухай асуудал юм. Тэр ангилалд багтаад хөгжил нь дээрдсэн юмгүй байгаа орнуудын тоо 20 гаруй байна. Тухайн улсын төр засгийн идэвхтэй бодлого, олон улсын хамтын нийгэмлэгтэй ажиллах чадвар, өөрчлөлтийг оновчтой, хурдтай, үр дүнтэй хийж чадах эсэхээс л бүх юм хамаарч байна.
БХО-ы ангилалд Монгол орвол улс төрийн хувьд зөвшилцөлд хүрсэн товч тодорхой хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх стратeги заавал хэрэгтэй. Ийм бичиг баримт олон хуудастай, том байх албагүй. Хамгийн гол нь зөвшсөн, бүгдэд ил тод, дүгнэх мeханизм нь тодорхой байхад л болно. Yvнд хамтарч ажиллаж ирсэн олон улсын байгууллагууд, гол харилцагч орнууд, мэргэжлийн хүмүүсийн оролцоо, санал бодол орсон байх нь чухал.
Хамгийн гол нь Монгол улсын эрмэлзэл нь төгс, байр суурь нь нэгдмэл байх л хэрэгтэй. Манай нөхцөлд энэ асуудлыг шийдэхэд улс төрийн намууд, засгийн газрын оролцоо чухлаас гадна улсын Ерөнхийлөгчийн санаачлага, зохицуулалт их үүрэгтэй болов уу гэж бодож байна.
Улс төрч гэж дуудуулж явдгийн хувьд улсаа БХО-ы ангилалд орох нь зөв гэж бичихэд тодорхой эрсдэлтэй мэт санагдаж байсныг төгсгөлд нь нуух юун. Гэхдээ Монгол хүн бүр л улсынхaa хөгжилд тустай байж болох боломж бүрийг судлах ашиглахыг эрмэлзэх ёстой. Манай орны хөгжил дэх нөлөөллүүд, онцлогийг харахад Монгол улсын хөгжилд ардчилал, зах зээлийн тогтолцооноос гадна олон нэмэлт хүчин зүйл хэрэгтэй байгаа нь ажиглагддаг. Монгол улс хөгжлийнхөө төлөө яaралтай шинэ алхмууд хийх хэрэгтэй байна. Гэхдээ энэ алхмаа эхлэх хэрэгтэй байна.

Нью-Йoрк хотоос
2002 оны 11 сарын 01


URL:

Сэтгэгдэл бичих