Таван мянган бийлээчид нэгэн зэрэг бийлж Гиннест бүртгүүлэхээр төлөвлөжээ

bii bieleg_500x500Монгол улсын хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд МУ-ын Засгийн газрын 2012-2013 оны төлөвлөгөөнд тусгагдсан ССАЖЯ, БШУЯ-аас хамтран хэрэгжүүлж буй, Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас удирдан, зохион байгуулсан Ардын өв соёл, ёс заншил, язгуур урлагын тухай ерөнхий ойлголт өгөх зорилготой “Бий биелгээний шавь сургалт“-ыг Монгол улсын 21 аймаг 315 сум, Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн 15347 хүн, хүүхдэд үнэ төлбөргүйгээр зааж сургажээ.

Энэхүү сургалт нь Монголынхоо өв соёл, үндэсний хувцас, үндэсний урлагаа залуу хойч үедээ таниулах, сурталчлах, сургах, өвлүүлэх, хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, өв соёлоо мэдэх, сэргээх, суралцах, өвлөж авах, хадгалан хамгаалах зэрэг олон ололттой арга хэмжээ болсон бөгөөд хэдхэн хүнд үр өгөөжөө өгөх биш нийт Монголын ард түмэнд зориулагдсан, Монголын хойч ирээдүй маань үр шимийг нь хүртэх давуу талтай арга хэмжээ болсон талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Сургалтын үр дүнд Төв, Увс, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Дундговь, Дархан Уул аймгууд 1000 бийлээчийн наадам зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд 40 гаруй сургууль хичээлийн эхэнд болон их завсарлага, хичээл тарах үеэрээ хүүхдүүдээ 15 минут бий бийлгээ хийлгэж эхэлсэн нь энэхүү сургалтын бас нэг онцлог байсан талаар хурлын үеэр ярилаа.

Сургалтанд хамрагдагсдаас болон ардын авъяастнуудаас шалгаруулан Улсын баяр наадмын нээлтийн арга хэмжээнд 999 бийчэд оролцсон бийлгээний цоморлиг бүхий урлагийн тоглолт зохион байгуулах бөгөөд Гиннесийн номонд 10 ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж бүртгүүлэхээр төлөвлөжээ.

Гиннесийн номонд Бий бийлгээг бүртгүүлсэнээр Монгол улсаа гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, бий бийлгээг залуу хойч үедээ зөвөөр ойлгуулж, таниулж, хичээллэх урам зориг өгөх ач холбогдолтой юм.

Бий бийлгээг үндэстэн, ястануудын өөрсдийнх нь ардын дуунууд дээр нь бийлүүлэх тул тухайн ястаны дууг дуулдаг тухайн ястаны дуучдыг Морин хуурын чуулгатай дуулуулж түүн дээр нь бийчид бийлэх аж. Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак гэсэн бүх ястангуудын төлөөлөл оролцох юм байна.

Зохион байгуулагчдын зүгээс Монгол түмний маань сэтгэл агуу болохоор, энэхүү арга хэмжээг дэмжихийг уриалж байлаа. Хандивын данс: Хаан банк: 5007656753,  5027382131.

Х.Алтанзагас


URL:

Сэтгэгдэл бичих