Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтооно

Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтооно

УИХ-ын хаврын ээлжит чуулган 7 дугаар сарын 1-нд завсарлах хуультай. Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан, хэлэлцэж шийдвэрлэх нийгэм, эдийн засгийн болон цаг үеийн асуудал олон байгаатай холбогдуулан УИХ-ын дарга захирамж гаргаж хаврын ээлжит чуулганы хугацааг 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгаад байгаа. Чуулганы хугацааг сунгасан эхний долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын талаар Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан уг хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, бодлогын зарим асуудлыг судалж боловсруулах, дүгнэлт гаргах үүрэгтэй 6 ажлын хэсэг хуралдахаас гадна УИХ-ын Тамгын газар, Төсвийн байнгын хороо, Төсвийн мэргэжилтний холбоо ТББ хамтран “Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага“ сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр 14.00 цагаас “Г” танхимд зохион байгуулна. Харин Мягмар гарагт 4, Лхагва гарагт 1 ажлын хэсэг хуралдах юм.

Байнгын хороодын тухайд Мягмар гарагт Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Дараа нь Төсвийн байнгын хорооны хуралдаж, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх зэрэг асуудал хэлэлцэнэ.

Эдийн засгийн байнгын хороо Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/; “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэгдсэн тээврийн логистикийн сүлжээг бий болгох, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын талаар нэгдсэн бодлого боловсруулах үүрэгтэй “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн Улсын Их Хурлын 2013 оны 35 дугаар тогтоолын 1-ийн 3 дахь заалтын хэрэгжилтийн талаарх Зам, тээврийн сайдын; Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаарх Эрчим хүчний сайдын; Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн талаарх Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээллүүдийг сонсоно.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн 7 дугаар сарын 03-ны Лхагва гарагт Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Дараа нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг; Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх; “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 2012 оны илтгэлийг хэлэлцсэн тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцхээр төлөвлөжээ.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх юм байна.

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн Хилийн боомтын тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд, тэдгээрийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд; Ойн тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Түүнчлэн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхийн зэрэгцээ “Түр хороо байгуулах тухай”, “Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ-ын хэсэг гишүүн “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам” батлах тухай УИХ-ын 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад зарим нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн сарын 28-нд УИХ-ын даргад өргөн барьсан талаар танилцууллаа.

Төсөл санаачлагчид Монголын төр ёсны уламжлалыг хүндэтгэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шинэчилж ард нийтийн хүртээл болгох үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр нь 7 дугаар сарын 10-ны өдөр байхаар хуульчлах, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг урьд нь Төрийн ордны Их танхимд зохион байгуулдаг байсныг өөрчилж Эзэн Чингис хааны хөшөөний өмнө тусгайлан зассан талбайд үйлдэхээр төсөлдөө тусгажээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явуулах асуудлыг журамд нэмж оруулахаар тусгасныг тэрээр дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих