Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

new photo

АН-ынхан бүх шатандаа ялалт байгуулж  баярын ширээнээс салж амжаагүй байгаа энэ цагт Ерөнхий сайдын асуудал яригдаад эхэлжээ. Учир нь МАН-ын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг гарган чуулганаар хэлэлцсэн ч намын нөхөд нь авч үлдэн намар болтол харахаар шийдсэн. Гэхдээ Ерөнхий сайдыг унагаах олон шалтгаан бий. Тухайлбал, төрийн албаны хуулийн дагуу тангараг өргөсөн төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг олноор нь хоморголон халж хууль бус томилгоонуудыг хийж, хүний эрхийг ноцтой зөрчин ажилгүйдлийн тоог нэмсэн. Хамаатан ах дүүгээрээ нийлсэн 17 тэрбумын тендерийн хэрэг, иргэн бүрийн үндсэн хуулиар хамгаалагдсан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, олон телевиз, вэб сайтын үйл ажиллагааг хаасан, хоёр хөршийн асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийсний зэрэгцээ Бурхан халдунд зугаалж, улмаар төөрсөн, 1.5 тэрбумын бонд авах цаг хугацааг буруу тооцоолж хэдэн тэрбумаар нь сул хүү төлөх болсон гээд мань хүнийг огцруулах шалтгаан мундахгүй их.

Тэгэхээр намрын чуулганаар хэлэлцэгдэх эхний асуудлуудын дотор Ерөнхий сайдын асуудал орно гэдэгт мөрийцсөн ч нэг их алдахгүй болов уу. Тиймээс одооноос АН дотор дараагийн хүн байх талаар яригдаад эхэлжээ. Мэдээж дараагийн Ерөнхий сайдад АН дотроо хамгийн олон кноптой фракцаас тодрох нь ойлгомжтой. Энэ шалгуурт нам дотроо “Алтангадас”-аас дутахгүй олон кноптой МоАХ фракцийн Х.Баттулга, намдаа санхүүгийн эрх мэдэл, нөлөө ихтэй гэдгээрээ танигдсан Батлан хамгаалахын сайд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нар яригдаж байгаа гэнэ. Гэхдээ хүрд Женко Х.Баттулга тал руугаа илүү эргэж байгаа гэх яриа ч байна. Учир нь тэрбээр нэлээд бизнес сэтгэлгээ сайтай нэгэн. Биеэ засаад гэрээ засчихсан. Одоо түүнд төрөө засах л үлдсэн. Женкогоор овоглосон олон компани бизнесийн салбартаа нэр хүндтэй явааг олон хүн мэднэ. Н.Алтанхуягийг бодвол хавьгүй илүү хэмээн намынхан нь ярьдаг. Ядаж л улсаа барьцаалан байж авсан бондын мөнгөө яаж ашигтай эргүүлэхээ мэднэ. Тэгээд ч Х.Баттулга Н.Алтанхуягийг Шадар сайд байх үед л сөргөлддөг ганц хүн нь байсан. Тэгэхээр Ерөнхий сайдын марафонд түрүүлэх магадлал тун өндөр гэнэ. Харин “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ “Женко” Х.Баттулгын хүчтэй өрсөлдөгч. Тэрбээр намынхаа санхүүгийн спонсорын нэг. Орон нутгийн Тавантолгой Д.Бат-Эрдэнийн хувийн бизнес төдийгүй АН-ын нэгэн саалийн үнээ гэхэд болно. АН-ын зарим УИХ дахь гишүүд ч байсхийгээд л өмнийн говийг зорьдог хийгээд жижиг Тавантолгойд саатаж өнждөг гэх. Тэгэхээр “Ажнай”-н Д.Бат-Эрдэний тойрон хүрээлэгчид АН дотор их бий. Тиймээс тэрбээр хүчтэй өрсөлдөгчийн нэг.

Хэрвээ Засгийн газрын тэргүүн огцорвол танхимаараа суудлаасаа буудаг заалттай. Гэвч энэ бүхнийг эвтэйхнээр шийдэх талаар нам дотроо ярьж байгаа гэнэ.

mongolcomments.mn


URL:

Сэтгэгдэл бичих