Нөхрийнхөө нууц амрагийг онц хэрцгийгээр хөнөөсөн нь тогтоогджээ

Нөхрийнхөө нууц амрагийг онц хэрцгийгээр хөнөөсөн нь тогтоогджээ

-Талийгаач орцондоо аврал эрэн 10 гаруй минут орилсон байна-

Энэ сарын 1-2-нд шилжих шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарч, олныг цочирдуулсан.

Тодруулбал, Баянгол дүүргийн XV хороо 21 дүгээр байрны IV орцны наймдугаар давхарт 31 настай эмэгтэй Э-г онц хэрцгийгээр буюу хүйтэн мэсээр 70 гаруй удаа гэмтээж, амийг нь хөнөөсөн байна.

Хохирогчийн хувьд Чингэлтэй дүүргийн Татварын газарт хяналтын байцаагч хийдэг байжээ. Гэхдээ түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр загвар өмсөгч, татварын байцаагч байсан гэх мэтээр олон янзаар мэдээлсэн юм. Тэр ч бүү хэл ТЕГ-ын Хяналтын газрын дарга асан Ч.Гансүхийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байсан хэмээн шуугисан.

Талийгаач ТЕГ-ын Хяналтын газрын дарга асан Ч.Гансүхийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байжээ

Талийгаач Э нь 2006 оноос хойш Татварын газар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр ажил мэргэжилдээ сайн, хамт олондоо нэр хүндтэй нэгэн байжээ. Түүний ажиллаж байсан газарт очиход коридорын голд зассан улаан тавиур дээр талийгаачийн зургийг байрлуулж, гашуудлын цагаан сарнай тавьсан байлаа. Түүний суудаг өрөөний ширээн дээр нь мөн л цагаан сарнай тавьсан байсан юм.

Эндхийн ажилчдаас энэ талаар асуух гэсэн ч яриа өгөхийг хүссэнгүй. Харин өөр нэг албаны эх сурвалжаас түүний талаар тодруулахад “Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ороод удаагүй байгаа. Гэр бүлгүй, ганц бие эмэгтэй байсан. Ямар нэгэн гаж, буруу зуршил, ааш зан байхгүй. Даруухан, ажилдаа мэргэшсэн нэгэн байсан. Ер нь бидний ажил хэцүү шүү дээ. Байнгын дарамтад өртдөг ажил” гэхээс өөр зүйлийг ярьсангүй.

Түүнчлэн ТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн газрын дарга асан Ч.Гансүхийн хэрэгт гэрчээр байцаалт өгч байсан гэх асуудлаар дээрх эх сурвалжаас тодруулахад “Тэр хэрэгт холбоотой хэд хэдэн хүн гэрчийн мэдүүлэг өгсөн гэсэн. Талийгаач яг өгсөн эсэхийг мэдэхгүй байна” гэсэн юм.

Гэхдээ өөр нэг эх сурвалж түүнийг ТЕГ-ын дарга асан Ч.Гансүхийн хэрэгтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг өгч байсан нь үнэн болохыг хэллээ.

Талийгаач гэрчийн мэдүүлэг өгч эхэлснээс хойш “их хэцүү байна” хэмээн ойр дотныхоо хүмүүст хэлдэг байсан байна. Түүнчлэн талийгаач ажил мэргэжилдээ мундаг гэдгээ харуулж, Татварын ерөнхий газрын жуух бичгээр шагнагдаж байжээ.

Харин түүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг түргэн шуурхай ажиллаж, 20 цагийн дараа баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Гэмт этгээд нь түүнтэй хамт ажиллаж байгаад ажлаасаа гарсан 39 настай Т гэгч байсан ажээ. Т нь талийгаачийг эртнээс хөнөөхөөр бэлтгэж байсан бөгөөд түүнийг хэдэн цагийн үед гэртээ ирдэг, машинаа хаана тавьдаг гээд бүх зүйлийг судалсан байжээ. Тиймээс ч түүнийг найман давхрын лифтний хажууд оройн 22.30 цагийн үед хүлээж байгаад хөнөөжээ. Тэрбээр эхлээд талийгаачийг хана руу савж унаган 70 гаруй удаа хүйтэн мэсээр гэмтээжээ. Талийгаач Э нь хэрэг гарах үеэр орцондоо 10 гаруй минут аврал эрэн орилсон ч хэн ч түүнд туслаагүй аж.

Харин түүнийг ийн аврал эрэн орилж байхад тус давхарт амьдардаг иргэд сонсч байсан ч айгаад гарч чадаагүй гэнэ. Удалгүй хөрш айлын хүмүүс зуслангаас ирж, лифтний хажууд нас барсан хүн байгааг олж хараад цагдаа дуудсан талаараа мэдүүлжээ.

Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид 23.00 цагийн үед ирж тус байрыг битүүмжилжээ. Орцыг битүүмжилсэн цагаас хойш ирсэн иргэд гэртээ орж чадалгүй үүрийн 04.00 цаг хүргэжээ.

Түүнчлэн энэ орц нь жижүүргүй, давхарууд нь гэрэлгүй нэлээд хэдэн сар болж байгаа аж. Энэ нь ч гэмт хэрэг гарах, талийгаачийг онц хэрцгийгээр хөнөөх боломжийг олгосон байх хэмээн оршин суугчид хэлж байсан юм.

Талийгаач тус байранд амьдардаг байсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ гэмт этгээд түүнийг тэнд амьдардаг учраас орцонд нь отож байсан нь ойлгомжтой. Мөн үүдэнд сууж байсан хоёр өндөр настан талийгаач эмэгтэйн зургийг хараад “Манай орцонд амьдардаг эмэгтэй мөн байна. Цагаан машин унадаг. Жижиг биетэй, цагаан царайтай эмэгтэй” гэсэн юм.

Түүнчлэн энэ орцны лифтчин хийдэг эмэгтэй 22.00 цагийн үед бүх давхаруудаар шалгалт хийхэд ямар нэгэн сэжигтэй зүйл байгаагүй байна. Харин 23.00 цагийн үед гэртээ орох гэтэл цагдаа нар ирчихсэн хамгаалалт гаргасан байжээ.

Талийгаач гэмт этгээдийн нөхрийнх нь нууц амраг байжээ

Талийгаачийг онц хэрцгийгээр хөнөөсөн сэжигтэн Т нь Татварын газарт таван жил ажиллажээ. Түүний хувьд ээж нь хорт хавдраар нас барж, зовлон үзсэн нэгэн аж. Түүнчлэн нөхөргүй байсан бөгөөд ээжийгээ нас барсны дараа эхнэр хүүхдээсээ салсан Б гэгчтэй гэр бүл болжээ.

Түүний нөхөр нь бизнесмэн нэлээд бийлэгжүү нэгэн аж. Гэсэн ч түүний шинэ нөхөр нь талийгаачтай “явалдаж” эхэлсэн байна. Талийгаач Б-гийн нууц амраг болоод нэлээд удсан гэнэ. Түүгээр ч үл барам талийгаач Э-д “Volkswagen“ үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэж байжээ. Тэдний энэ байдлыг тэсч чадалгүй сэжигтэн Т нь дээрх аймшигт хэргийг үйлдсэн гэв.

Тэрбээр мэдүүлэг өгөхдөө ч хардалтын улмаас гэмт хэрэг үйлдсэн хэмээжээ.

Нэг талаар талийгаач хүний нөхөртэй “явалдсан” эмэгтэй мэт харагдаж байгаа ч нөгөө талаараа олон тэрбумын тухай яригдаж байгаа Татварын Ч.Гансүхийн гэх тодотголтой хэргийн гол гэрчийн нэг байсан байна. Тиймээс дээрх хэрэг өөр олон гэрчийг хамгаалалтад авах, аюулгүй байх эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөх ёстой гэдгийг санууллаа.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих