Нийтийн тээвэр зай харгалзахгүй 400 төгрөгөөр үйлчлэх ёстой

p1050424Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим автобуснууд хол ойр явах чиглэлээсээ хамаараад үнийн хувьд өөр байх юм.

Тухайлбал, “Өлзийт хороолол” чиглэлийн автобусны зорчих үнэ сүүлийн зогсоолоос хэр хол байгаагаас шалтгаалан 400-800 төгрөг, “Шарга морьт” чиглэлийнх 400-500 төгрөгийн үнэтэй байдаг байна.

Харин иргэд үүнийг ингэж явах ёстой, угаасаа л ийм байдаг гэсэн ташаа ойлголттой байдаг аж.

Энэ талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгч н.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Автобусны тасалбарын үнэ яагаад зайнаасаа шалтгаалан харилцан адилгүй байдаг юм бэ. Уг нь бол нийтийн тээврийн үйлчилгээний үнэ зай харгалзахгүй 400 төгрөг байх ёстой биз дээ?
-Нийтийн тээвэр бүгдээрээ нэгдсэн журмаар 400 төгрөгөөр үйлчлэх ёстой. Гэхдээ үнэхээр хол явж байгаа тохиолдолд зарим автобус компаниуд үнээ нэмэхээс өөр аргагүй л дээ. Учир нь бензин тос, ажилчдынх нь ажлын цаг зэргээс үүдэн алдагдалтай байдаг юм.

-Энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа юу?
-Энэ тал дээр бид “Зөрүү мөнгийг нь улсаас өгөөд иргэддээ үйлчлэх ажлыг хий” гэдэг шаардлагыг тавиад байгаа. Нэг нь арай хол амьдардгаараа илүү мөнгө төлөөд нөгөөх нь ойр амьдарч байгаагаараа бага мөнгө төлөх нь шударга бус хэрэг юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР МАХ ТЭЭВЭРЛЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ЯВДАГ

Нийтийн тээврийн үйлчилгээ, тав тух болон кондукторын харилцааны соёл,
жолоочийн ур чадварын талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Иргэн Г.Одонтуяа “Нийтийн тээврийн жолооч нар амьд хүн биш мах тээвэрлэж байгаа аястай л явах юм. Зорчигчид нь бүрэн сууж, буугаагүй байхад хаалгаа хааж хөдөлнө. Бүр заримдаа буудал дээрээ дөнгөж зогсоод хүнээ ч авахгүй салхи татуулаад яваад өгнө. Тэгээд хэлэхээр кондуктор нь “Дуртай бол таксигаа бариад явахгүй юу. Энэ ямар хувийн унаа чинь юм уу” гэж хэл амаар доромжлоод ер нь их хүнд сурталтай” гэсэн юм.

Өндөр настан Х.Мэргэн “Нийтийн тээврийн үйлчилгээ иргэдийнхээ хэрэгцээг сайн хангаж чаддаггүй гэж бодож байна. Зарим автобус нэг бол их ойрхон зайтай явна эсвэл удаж удаж ирчихээд зогсоол дээр хорь гучин минут зогсоно. Тэгээд автобусанд суухаар хурдны галт тэргэнд суучихсан юм шиг давхиж өгнө шүү дээ. Харин манай өнөөгийн залуучууд их ухамсартай болчихсон байна. Настай хүмүүсээ хүндлээд суудал тавиад өгчихдөг болж” гэлээ.

БӨГЛӨРӨЛГҮЙ ҮЕД ӨМНӨХ АВТОБУСАА ЯВАХЫГ ХҮЛЭЭДЭГ

Сансрын туннелийн автобусны буудлын талаар иргэд болон жолооч нар ихээхэн гомдолтой байдаг билээ. Тодруулбал, буудал дээр автобуснууд хэд хэдээрээ эгнэн зогсчихоод явахгүй хэдэн цаг болдог. Заримдаа бүр давхар эгнээ болчихоод машин явах зайгүй болгочихдог байна.

Иймд газар дээрээс нь нөхцөл байдлыг нь тодруулахаар сансрын туннелийн буудал дээр очлоо. Биднийг очиход гурван автобус дараалан зогсчихсон байсны хоёр нь “Сансар III, IV хороолол” чиглэлийнх байсан юм.

Уг хоёр автобусны нэгнийх нь жолооч, кондукторын аль нь ч байхгүй байв. Тэднийг хэсэг хүлээсний эцэст зарим асуултад хариулт авах боломж олдсон юм.

-Яагаад автобусаа хоосон орхичихсон байгаа юм бэ. Асуудал гарвал яах вэ?

-Сая бид хоёр 00 ороод ирлээ. Ер нь нэг их асуудал гардаггүй.

-Байнга иймэрхүү байдалтай байдаг уу?

-Хөдөлгөөн ихтэй үед бол ар араасаа хуваарийнхаа дагуу явдаг. Харин иймэрхүү чөлөөтэй үед ингэж хүлээхээс өөр аргагүй.

-Яагаад хоёр адилхан автобус нэг буудал дээр зогсчихсон юм бэ. Дараагийн буудал дээр хүмүүс хүлээж байгаа шүү дээ?
-Бид хуваарьт цагийнхаа дагуу л явж байна. Бөглөрөл байхгүй учир цагаасаа өмнө ирчихээд өмнөх автобусаа явахыг хүлээж байна. Тэрний өмнөх нь түрүүхэн явсан учир энэ автобус долоо минутын дараа, манайх 14 минутын дараа хөдөлнө.

Г.Анударь, Г.Учрал /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих