Голомт банк шинэ байрныхаа нээлтийг хийлээ

Монгол улсын хамгийн хурдацтай өсөн тэлж байгаа Голомт банк наран ургах Дорнод аймаг дахь салбарынхаа шинэ байрны нээлтийг өчигдөр буюу 7-р сарын 4-ний өдөр хийж, харилцагч үйлчлүүлэгчиддээ банк санхүүгийн жишиг үйлчилгээг илүү ая тухтай орчинд үзүүлэх боломжтой боллоо.
Дорнод аймаг бол Монгол орны тусгаар тогтнолын үнэлж баршгүй түүхтэй нутаг бөгөөд зүүн бүсийн аймгуудын ОХУ болон БНХАУ-тай хийх худалдаа наймааны үндсэн гарц юм.
Голомт банкны хувьд тус аймагт одоогоос 8 жилийн өмнө анх үүд хаалгаа нээж байсан бөгөөд тус аймгийн нийт жижиг дунд үйлдвэрлэл болон ОУ-ын байгууллагуудаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн 90 орчим хувийг дангаараа хангаж иргэд харилцагчдын санхүүгийн гол түлхэц, түнш байгууллага болжээ.
Голомт банк Дорнод аймагт өөрийн салбар, тооцооны төв, АТМ болон чадварлаг баг хамт олноороо дамжуулан банк санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байна.
Банк санхүүгийн  ая тухтай, түргэн шуурхай үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд Голомт банк энэ онд ийнхүү өөрийн оффис барилгуудыг шинээр ашиглалтад оруулж, салбар сүлжээнийхээ тоог ч мөн эрчимтэй нэмэгдүүлж байгаа билээ.

URL:

Сэтгэгдэл бичих