Э.Номин: Дууны урлаг дуулж чадсан хүнд нарийн мэдрэмжүүдийг бэлэглэдэг
“Хайрын охин”, “Бодол”, “Хайр минь юм уу” дуугаараа олны танил болж, уран бүтээлийнхээ нэрээр “Хайрын охин” хэмээн нэрлэгдэж байсан залуу дуучин Э.Номинг энэ удаагийн дугаарын зочноор урилаа.
-Дандаа л дуу аялж явдаг хүүхэд байсан гэж багын найзуудаас чинь сонссон юм байна. Өөрийгөө олны өмнө дуулж чадна гэдгийг мэдэрч, урамшсан тэр мөч хэзээ тохиов. Түүнээс яриагаа эхэлье?
-Дуулж эхэлсэн нас гэвэл бүр багаасаа л даа. Байнга дуу аялж байдаг хүүхэд байсан. Яг олон нийтэд дуугаа хүргэсэн үе гэвэл 2007 оны сүүлч, 2008 оны эхэн үе. Дууны сургалтанд суралцаж байхдаа тайлан тоглолтонд ирсэн ая зохиогчдын бэлэг болгон өгсөн дуунуудыг дүрсжүүлж үзэгч сонсогчиддоо хүргэсэн юм.
Анхны уран бүтээл “Хайрын охин”, дуучин Хаянаа ахтай хамтран дуулсан “Бодол”, Ц.Байдраг ахтай хамтран дуулсан “Нар ойрхон жаргадаг” киноны дуу болон залуусын сайн мэдэх “Je t’aime” зэрэг дуу бий. Тэр үед арван жилийн сурагч байсан болохоор төгсөлтийн шалгалт эхэлчихсэн ид завгүй байсан учир дуундаа бүх анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан. Гэхдээ дуунууд маань хүмүүст таалагдаж эхэлсэнд урам орсон бас үзэгчдийн алга ташилтаас шинэ содон гайхалтай мэдрэмжийг авч дуунд улам ихээр дурлах болсон.
Одоо дуулах урлаг, дуугүйгээр өөрийгөө төсөөлж ч чадахгүй. Энэ гэхдээ заавал би дэлхийн хэмжээний од болон гялалзаж, хүмүүсийн өмнө гарч дуулж, тасралтгүй уран бүтээл хийнэ гэсэн үг биш юм. Дуулах миний аз жаргалын нэг хэсэг болдог. Олон нийтийн өмнө, тайзан дээр гараад сэтгэлээсээ амьдаар дуулна гэдэг гайхалтай.
-Дуулахад хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
-Миний сэтгэл зүрх. Тэр л маш ихээр нөлөөлсөн. Түүнээс хэн нэгний шахалт шаардлага, заавар зөвлөгөө байгаагүй. Би өөрийн хүслийн дагуу дуугаа дуулдаг. Хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол миний дуунд хайртай сэтгэл зүрх минь л гэж хэлмээр байна.
-Тэгвэл дуулж байхад юу мэдрэгддэг юм бэ?
-Дуулж байхдаа би аз жаргал, эрх чөлөөг мэдэрдэг. Гэхдээ янз бүр. Таалагдаагүй ч юм уу, сайн дуулахгүй байгаа үедээ өөр юм бодчихсон дуулж байх ч үе байдаг. Дуулах нь хүнд илүү нарийн мэдрэмжүүдийг бий болгож өгдөг юм шиг санагддаг.
-Сонирхолтой хариулт байна шүү. Одоо харин таны хамгийн хайртай, дуулах дуртай дууг сонирхъё?
-Хамгийн хайртай дуу гэвэл миний өөрийн анх дуулж байсан дуунууд. Мөн өөрийн шүтэн биширч байдаг Nicole, Beyonce, Bruno Mars-н дуунуудыг аялж байдаг юм /инээв/.
-Тийм бол сүүлийн үед урлагаас яагаад хөндийрсөн юм бэ?
-Би өөрийгөө урлагийн хүн гэж боддоггүй. Ганц хоёр дуу гаргачихаад дуучин нэр зүүгээд байвал Монголын урлагийн ертөнц утгаа алдах юм шиг санагддаг. Жинхэнэ урлагийн хүн гэдэг сэтгэл зүрх болоод өөрийгөө урлагт, зориулж түүний төлөө амьдардаг хүмүүсийг хэлэх байх шүү. Харин миний хувьд дуулах нь хобби. Сүүлийн үед янз бүрийн танигдахгүй хүмүүс шинэ дуу гаргаад дуучин гэсэн алдрыг нэрнийхээ өмнө бичүүлээд байгаа нь таалагддаггүй. Энэ нь урлагт олон жил хөлс хүчээ зарцуулсан хүмүүсийн үнэ цэнийг буулгаад байх шиг санагддаг юм. Бид эмчийн хэрэглэдэг багажийг барьчихаад эмч болдоггүй биз дээ. Түүнтэй л адил юм. Тиймээс би урлагаас хөндийрөөгүй. Харин энэ урлагийн ертөнцөд хөлөө олохын төлөө ажлынхаа хажуугаар хүслээ биелүүлэх гээд хичээж яваа энгийн нэгэн төрийн ажилтан.
-Төрийн ажилтан болсон байх нь ээ…?
-Тийм ээ. Би одоогоор Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт бүртгэлийн газар мэргэжилтнээр ажиллаж байгаа. Төрийн ажил хэнийг ч завгүй болгодог юм байна. Гэхдээ яг одоо бол ээлжийн амралтаа авчихсан сайхан амарч байна даа.
-Нэг хэсэг тэмцээн, уралдаанд сайн оролцож байсныг санаж байна?
-Хүүхэд байхад тэмцээн уралдаанд оролцдог байсан. “Ирээдүйн дуу хоолой” тэмцээний II байр. “Оддын эрэлд 2” шоу тэмцээнд оролцож шилдэг 20-д үлдэж байлаа. Францын соёлын төвөөс зохион байгуулдаг “Францаар хэн сайн дуулах вэ” уралдаанд гурван жил дараалан амжилттай оролцож гурван удаа II байрт орж байлаа. “Франц дууны уралдаан” ялагчаа Франц орноор аялуулдаг байсан. Би хоёр жил дараалан I байранд орж байсан ч 18 нас хүрээгүй тул явах боломжгүй гээд хоцорч байлаа.
-Ингэхэд багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Намайг бага байхад ямар хүүхэд байсныг надаас илүү аав, ээж, эмээ өвөө нар маань сайн мэдэх байх. Гэхдээ миний санаж байгаагаар бол би их эршүүд сөөнгө хоолойтой, бор царайтай охин байсан. Бичлэг хийж, гэрэл зургаа архивлаж үлдээх л хүний амьдралд гайхалтай дурсамжийг хадгалан үлдээдэг юм байна. Хүн хэдийгээр бага насаа сайн санаж байдаг ч, саяхан би өөрийнхөө найман настай байсан үеийн бичлэгийг үзээд цочсон шүү. Их сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. “Ээжээ би танд дуу дуулаад өгөх үү” гээд л гүйж байгаа өөрийгөө харах сонин санагдсан.
-Таны хүүхэд нас хаагуур өнгөрөв?
-Би нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгт хүмүүжсэн. Дараа нь орос 14 дүгээр сургуульд гуравдугаар анги хүртэл сурсан. Тэгээд Швейцарь улс руу явж тэндээ зургадугаар анги хүртэл Женев хотын “Ecole de Bellevue”, “Colleges Des Colombieres” сургуульд сурсан. Долдугаар ангидаа эх орондоо эргэн ирж арван жилээ “Эрэл” дунд сургуульд суралцаж төгссөн. Их сургуулиа Энэтхэгийн Дэли хот дахь “Jawaharlal Nehru University”-ийг бакалавраар төгссөн.
-Дуулахаас гадна өөр юу хийх дуртай вэ?
-Усанд сэлэх, тайван орчинд ном унших, дугуйгаар цэвэр агаарт аялах дуртай. Мөн иогоор хичээллэдэг. Хөгжим сонсч байгаад гэр орноо зад цэвэрлэх дуртай. Найзуудтайгаа олон хүмүүстэй газар бус, тухтай гэр орондоо уулзаж хөгжилдөж суух, мөн гадуур зугаалж дэлгүүр хэсч таалагдсан юмаа худалдаж авах дуртай.
-Амралт чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Найз нөхөдтэйгөө уулзаж сонин сайхан зүйлүүдийн талаар хуучилна, мөн кино үзнэ, найз залуутайгаа ихэнх цагаа өнгөрүүлэх дуртай, хамт байхыг эрхэмлэдэг.
-Таны бодлоор монгол залуус чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа санагддаг вэ?
-Энэ асуултын хариу нь шүүмжлэл тал руу чиглэх гээд байна шүү. Хүн болгон чөлөөт цагаа янз бүрээр өнгөрүүлж байгаа байх. Хамгийн аймшигтай асуудал бол архидалт, тамхидалт. Ямар ч ирээдүйн зорилго байхгүй, бохир маягаар зугаацан цэнгэж байгаа залуусыг хараад өмнөөс нь харамсдаг. Тэр хүмүүс Монгол Улсын иргэд. Улс орны нүүр царай, ирээдүй, аав, ээжийн хайртай хүүхдүүд гэдгээ ухамсарлах ямар ч чадал байхгүй, амин хувиа хичээсэн шиг санагддаг. Өөрсдийн эрүүл мэндийг хайрлахгүй юм гэхэд бусдын амьдрах орчин, тайван байдлыг алдагдуулж болохгүй. Архидалтаас үүдэн гарч буй аваар осол, гэмт хэрэг гээд олон үйл явдал өрнөж байна. Зөв амарч, баар цэнгээний газраар үйлчлүүлж болно шүү дээ. Харин тэр газруудтай архины асуудал холбоотой байдаг. Хэдийгээр бүгдээрээ хэтэртэл хэрэглэхгүй байгаа ч, нийгмийн томоохон асуудлуудын нэг болчихоод байна шүү дээ. Тиймээс дор бүрнээ ухамсартай хандаж, архи, тамхинаас татгалзаж, өөрийгөө тэр хорноос холдуулж, нийгэм, эх орондоо том гавъяа байгуулах хэрэгтэй. Чөлөөт цаг, амралт гэхээр найзуудтайгаа нийлж архидах гэсэн бодол огт байхгүй болсон тэр цагт олон эцэг эхийн сэтгэл тэнийж, нийгмийн идэвхи хүч чангарах болно. Тиймээс үеийнхэндээ хандаж үүнийг л уриалмаар байна. Намайг ярилцлагад урьж, үеийн залуус болоод танай сонины уншигчидтай үзэл бодлоо хуваалцах боломж олгосон та бүхэнд баярлалаа.
Э.Цэлмэг
URL: