Төрийн далбаа баярт барьдаг Бөмбөлөг биш

plagМаргааш төрийн тэргүүн маань тангаргаа ёслол хүндэтгэл, сүр хүч, омог бардамнал дүүрэн нүсэр арга хэмжээгээр чимэн өргөнө. Тусгаар тогтносон Монгол улсын ерөнхийлөгч хүн энэ зэргийн арга хэмжээ зохион байгуулахад буруудах зүйл үгүй ээ.

Маргааш бас нэг томоохон баяр тохионо. Энэ нь Монгол улсын Төрийн далбааны өдөр. Энэхүү өдрийг тэмдэглэж эхлээд нилээд хэдэн жил болсон байна. Сайхан баяр. Үнэхээр чухал ч баяр.

Тэгэхдээ энэ баяртай холбоотой хэлэх хэдэн зүйл байнаа.

Өнөөдөр та бүхэн харж байгаа. Замын хажуугаар далбаа барьсан худалдаачид зогсоод, түүнийг нь авч намируулсан машинууд төв гудамжаар давхилдаж байна. Яг одоохондоо бол үнэхээр сайхан харагдаж байна.

Гэвч өмнөх өмнөх жилүүдийн туршлагаар бол наадмын дараа гудамжны булан, машин зам, хогын цэгүүдээр дүүрэн төрийн далбаа минь хэвтээд зүрхэнд СҮХ зоох шиг болдог алдаа байна.

Бид алтан соёмбот далбааныхаа агуулгыг нь ойлгож, тэр хэмжээнд нь дээдлэн унаа тэрэг болон бусад газраа мандуулж баймаар байна. Түүнээс олны жишгийг дагаж хэлбэрдээд төрийн далбаагаа баярт барьдаг бөмбөлөгний оронд ашиглах нь бидний төрөөн дээдлэх ёс, уламжлалтай маань таарахгүй байгааг анзаарна уу?

Бид чинь төрийн сүлдэндээ залбирч, алтан соёмбондоо амь насаа даатгаж явдаг ард түмэн шүү дээ.

Жишээлбэл манай гэрт нэг л төрийн далбаа байдаг. Би тэрийгээ ихэд нандигнан хадгалдаг. Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр гэх мэт чухам дээдлэх ёстой баяруудаар түүнийгээ хоймортоо хүндэтгэн залж хүүхдүүддээ учир жанцанг нь тайлбарлан үүрдийн үүрд дээдлэж байхыг, өвдөгнөөс доош буулгахгүй байхыг захидаг юм. Мөн гадаад дотоодын арга хэмжээнд оролцохдоо бас далбаагаа авч явж түүгээрээ эх орноо сурталчлан омогшдог.

Гэтэл өнөөдөр зарим хүмүүс билэгдлийн дээд болсон далбаагаар маань баярын чимэглэл хийгээд байгаад жаахан дурамжхан байна. Далбаа намируулан давхихыг эсэргүүцэж байгаа юм биш шүү. Зүгээр дараа нь таарсан газраа юу ч биш мэт хаячихдагт нь харамсаад байна.

За нийт ард түмэн та бүхэндээ сайхан наадахыг хүсэн ерөөхийн ялдамд миний бичсэн энэхүү учирлалыг санаж бодон, таньдаг мэддэг нэгэндээ сануулж байхыг хүсье.

Монгол төрийн минь хийморь өөдөө байж, төр улс, түмэн олон минь амгалан сайхан наадах болтугай.

Нийтлэлч: Анжигай.Г


URL:

Сэтгэгдэл бичих