Гурван жил сунжирсан хэрэг Дээд шүүхээр дэнслэгдэв

39Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутаг дэвсгэрт Фосфоритын орд эзэмшдэг “Талст Маргад’’ компанитай холбоотойгоор үүсээд байсан маргаан гурван жилийн турш үргэлжилж, Дээд шүүхээр эцэслэн шийдэгдлээ.

Тус ордын нөөцийг 1980 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийн тогтоож байсан бөгөөд 2007 оны хоёрдугаар сарын 6-нд 27 тоот тогтоолоор стратегийн ач холбогдолтой орд газарт багтаасан байдаг.

Мөн оноос “Талс маргад” компани нь Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн зүйл ангийг зөрчсөн хэмээн буруутгаж эхэлсэн юм.

Тухайлбал, Ашигг малтмалын тухай хуулийн 5.3-т “Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тог-тоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно”, 5.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавап төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэгдэж байв.

Түүнчлэн 2007 оны наймдугаар сарын 14-нд авсан хайгуулын тусгай зөвшөөрлөө зургаан сарын дараа буюу 2008 оны хоёрдугаар сард ашиглалтынх болгон өөрчлүүлсэн байдаг байна.

Тэд ашиглалтын хоёр, хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд тэдгээрийг цуцлах нөхцөл хэдийнэ бүрдсэн байсан ч цуцалдаггүй байсан аж.

Тэдний хууль бусаар олж авсан тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн иргэд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тэднийг төлөөлж, Хүний эрхийн хөгжлийн төв (ХЭХТ)-ийн хуульч, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Б.Батхишиг, тус төвийн гэрээт өмгөөлөгч, Байгаль хамгаалах хуульчдын холбооны тэргүүн Ш.Жаргалсайхан, Хөвсгөл далайн экосистемийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Баярмаа нар хамтран ажилласан байна.

Тэд “Талст маргад” компанид хууль зөрчин олгосон, 11428А, 3999А тоот ашиглалтын, 12633Х, 12634Х, 12635Х, 12636Х, 12637Х болон 12638Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигг малтмалын газарт даалгах нэхэмжлэлийг шүүхэд 2011 оны хоёрдугаар сард гаргасан ч анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хуралдсан байна.

Үүнээс өмнө анхан шатны шүүх хурал 16 удаа хойшилсон бөгөөд “Талст Маргад” компанийн ашиглалтын хоёр лицензийг түдгэлзүүлж, хайгуулын зургаан лицензийг цуцлахыг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчид хүлээж аваагүй бөгөөд давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд дахин гаргасан боловч дөрөвдүгээр сарын 29-нд хэлэлцээд дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Тиймээс нутгийн иргэд Дээд шүүхэд гомдол гаргаж, өнгөрсөн зургадугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд иргэдийн талд шийдвэр гаргажээ.

Тодруулбал, дээрх найман ширхэг тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган “Талст Маргад” компанид олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмалын газар даалгасан байна.

Ингэснээр гурван жил үргэлжилсэн хэрэг эцсийн байдлаар шийдэгдсэн бөгөөд иргэд шүүхийн шийдвэр гарснаар “Орон нутгийн уугуул малчин иргэдийн байгаль орчны эрхийг хамгаалсан, уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн амьжиргаагаа авч явах эрхийг баталгаажуулсан, Уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэх хохирлоос урьдчилан сэргийлэх боломж олгосон, Уул уурхайд шахагдан нутаг усаа орхих эрсдэлийг арилгасан, Хөвсгөл далай түүний экосистемийг хамгаалсан, Ашигт малтмалын газрын хууль бус үйлдлээс үүсэх, засаж болошгүй хор хөнөөлийг таслан зогсоосон” хэмээн үзэж байна.

Б.Ширнэн


URL:

Сэтгэгдэл бичих