Зэсийн үнэ 200 ам.доллараар уналаа

copper_homsdol1-middleЗэсийн үнэ сүүлчийн гурван сард 7300 ам.доллараас хэтэрсэнгүй. Энэ металлын ханш 9000 “ногоон”-оос хол давж байсан цаг саяхных. Гэвч энэ онд зэсийн үнэ цөөхөн удаа 8000 ам.долларт шүргэсэн талаар Лондоны металлын биржид тэмдэглэжээ.

Энэ сарын эхээр улбар металлын ханш 6995 ам.доллар байсан бол сарын дунд үед 40-60 ам.доллараар доошилсныг bbc.com цахим хуудсын металлын үнийн буланд дурдсан байна.

Харин одоо энэ тоо 6890-д хүрээд байна. Зэсийн үнийг сарын өмнөх ханштай харьцуулахад 200 ам.доллараар унажээ. Манай өмнийн говь дахь ашигт малтмалын үнэ хоёр жилийн өмнө дэлхийн зах зээлд чангарч байсан ч одоо нэг дахин унасныг олон улсын металлын ханшийн хандлага ажиглагчид онцолжээ.

Мөн дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт өмнөх жилүүдээс багассан ч эрэлт буурсан болохоор үнэ өөдлөхгүй байгааг Олон улсын Зэс судлалын группээс мэдээлжээ.

Тус группийн тооцоолсноор зэсийн зах зээл гурван жилийн өмнөхөөс 343 мянган тонноор буурсан байна. Дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт багасахад Хятад улсын хэрэглээ өсч тус улсын зэс хайлуулагч үйлдвэрүүд цөөрсөн нь голлон нөлөөлсөн бол Оюутолгойн экспорт ч үүнд нэмэр болсон аж.

Мөн дэлхийн цэвэр зэсийн гурав дахь томоохон үйлдвэрлэгч “ВНР Billiton” компани өнгөрсөн улиралд 333.2 мянган тонныг боловсруулсан бөгөөд шинжээчдийн тооцоолж байснаас 10 гаруй мянган тонноор өсчээ.

“Нийлүүлэлт өсөж, богино хугацаанд зах зээлд илүүдэл үүсэх нь тодорхой болсон учраас зах зээлийг доргиох эерэг үйл явдал гарахгүй л бол зэсийн ханш доошилно” хэмээн “Guolian Futures” компанийн шинжээчид онцолжээ.

Зэсийн ханш төсөвт тусгасан тоонд дөхөж очлоо

Монгол Улс энэ оны төсвийн ихэнх орлогыг зэс, нүүрснээс олно гэж төл өвлөсөн. Ингэхдээ нэг тонн зэсээс 6300 ам.долларын орлого олно гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ оны төсөвт 213 сая ам.доллараас дээш орлого зөвхөн эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс орно гэдгийг төсөв боловсруулагчид онцолж 945 мян.тонн зэсийн баяжмалаас 457.9 тэрбум төгрөгийн ашиг хуримтлуулна гэж тооцоолсон байгаа.

“Оюутолгой” энэ сарын 9-нээс эхлэн зэсийн баяжмал экспортлосон. Тус компанийн анхны экспортын хэмжээ 5.800 орчим тонн юм. Эхний ээлжинд 576 тонн зэсийн баяжмал ачсан.

“Оюутолгой” компани энэ онд 600 мянга гаруй тонн зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж тооцоолсон байна.

Харин “Эрдэнэт” үйлдвэр жилд дунджаар 500 мянган тонн зэсийн баяжмал экспортолдог. Жилд гаргаж байгаа нийт бүтээгдэхүүнийх нь зах зээлийн үнэлгээг дунджаар 300 орчим сая ам.доллар гэж эдийн засагчид үздэг юм.

Э.Өнөр

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих