Шинэ төмөр замын 65 км-ийн газар шорооны ажлыг дуусгажээ

5d8d9c74882bdd82f8ab05a970219386_LЗасгийн газар “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг өнөөдөр Шадар сайд Д.Тэрбишдагва ахалж, яамдын дэд сайд нар оролцон салбартаа хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээллээ.

Зам тээврийн яамнаас өгсөн мэдээллээр өнгөрөгч долоо хоногийн байдлаар энэ салбарт 691 хүн, 296 машин техник ажиллаж нийтдээ 65 км-тэй дүйцэхүйц замын ажлыг бүрэн хийж дуусгажээ. Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох замын ажил 15 хувь, Дорноговь, Өмнөговь аймгийн төвийг холбох ажил 23 хувь, Дорноговь аймгийн төв болон  Замын үүдийг нийслэлтэй холбох ажил 69 хувь, Баянхонгор аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил 97 хувьтай байгаа юм байна. Харин Налайх, Цонжинболдог чиглэлийн зам засварын ажлыг дуусгаснаар энэ чиглэлийн замын хүндрэл бүрэн арилжээ.
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд энэ жил Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 225 км төмөр замын 90 хувийнх нь газар шорооны ажлыг хийнэ. Энэ нь нийт бүтээн байгуулалтын 60 орчим хувь нь энэ жил гүйцэтгэгдэнэ гэсэн үг юм. Нийт 11,3 сая куб.метр газар шорооны ажил хийхээс одоогийн байдлаар дүйцүүлж тооцвол 65 км-ийнх нь ажлыг дуусгажээ.

Барилга, хот байгуулалтын яамнаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа гэдгийг хэлэв. Засгийн газрын 11-11 төвд 80 м.кв-аас дээш хэмжээтэй байрны хувьд уг зээлд хамрагдах боломжгүй байгаад иргэд гомдол ирүүлж байгаа боловч журмын дагуу зохицуулах боломжгүй гэсэн хариулт өгч байгаа аж.
Бүтээн байгуулалтын хөтөлбөрийн дагуу 2013 онд нийт 56 ажил гүйцэтгэхээс 12 ажлын тендэрийг шалгаруулж, гэрээ хийсэн, 16 ажлын гэрээ байгуулах шатанд, хоёр ажилд техникийн зураг төслийг боловсруулж буй, 26 ажилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төсөл батлагдахаас шалтгаалан хүлээгдэж байгаа юм байна.

Үйлдэр, хөдөө аж ахуйн яамнаас ургац хураалт, газар тариалангийн байдлын талаар мэдээлэл өгөв. Энэ онд 278 мянган га-д улаан буудай тариалжээ. Хур бороо элбэгтэй байгаагаас уринш хийсэн газарт хогийн ургамал ургаж байгаа аж. 300 мянган га-д уринш хийхээр төлөвлөсөн ба Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан уриншийн болон хогийн ургамал усгахад зориулсан зээл олгож байгаа гэнэ.
Мөн орон нутгийн дэмжлэгтэйгээр зоорь барих ажлыг дэмжих, 8500 тоннын орчин үеийн зоорь барих боломжоор хангахаар төлөвлөсөн аж.
Баян-Өлгий аймгийн Сагсайд шүлхий өвчин гарсан тул арга хэмжээ авч, аймгийн бүх малыг вакцинжуулж, голомтот малыг устгасан гэнэ. Ерөнхий дүнгээр 14,6 сая тоо толгой төл хүлээн авсан нь олон жилийн дунджаас өндөр үзүүлэлт аж.
Нийслэлийн хувьд энэ онд хийх бүтээн байгуулалтын “Гудамж” төсөл болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцыг танилцуулав. “Гудамж” төслийн зургаан уулзварын ажил дууссан, дахин 10 уулзварт ид ажиллаж байгаа бөгөөд үлдсэнийг нь есдүгээр сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
Шадар сайд Д.Тэрбишдагва уулзалтын төгсгөлд бүтээн байгуулалтын ажил, тэр дундаа “Чингис” бондын хөрөнгөөр хэрэгжиж байгаа ажлуудын явцыг нарийвчлан бэлтгэж, ирэх долоон хоногийн  “Бүтээн байгуулалтын цаг”-аар танилцуулахыг бүх яамдад үүрэг болголоо.

Н.Гантуяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих