Хятад ногоог шинэ ургацын ногоо хэмээн зарсаар байна

Шинэ ургацын ногоо эхнээсээ хэрэглэгчдийн гар дээр очиж үүнийг дагаад иргэдийн худалдан авалт ч ихэсч байгаа гэнэ.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр Хятад төмс, хүнсний ногоог шороонд өнхрүүлж, монгол шинэ ургац хэмээн зарах явдал элбэг байгаа аж. Ингээд хүнсний ногоо худалдаалдаг томоохон захуудад очиж энэ талаар сурвалжилсан юм.

Манайд шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний барааны ханш өсдөг бичигдээгүй хууль үйлчилсээр багагүй хугацаа өнгөрсөн. Энэ жилийн хувьд төмс хүнсний ногооны ханш өссөн хандлагатай байна. Засгийн газраас 2008 онд “Атрын гуравдугаар аян” зарласан.

Энэхүү аянаар хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангах, үнийн өсөлтийг барих зэрэг зорилтуудыг шийдэх байсан ч энэ ажлын үр дүн тааруу байна. Ингээд “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Хүнсний ногоо худалдаалагчид энд тэндээс “Ямар ногоо авах вэ. Шинэ ургацын монгол ногоо байна” гэж дуудна. Үнэ ханшийг сонирхоход шинэ ургацын нэг кг төмс 1200 төгрөг, лууван 2000 төгрөг, сонгино 2500 төгрөг, байцаа 800-1000 төгрөгийн үнэтэй байв.

Мөн нарийн ногоо болох өргөст хэмх 1500 төгрөг, улаан лоолийг 3000 төгрөгөөр худалдаалж байсан юм. Худалдагчдаас үнэхээр Монголын хөрсөнд ургасан эсэхийг лавлахад зарим нь уурлаж, хэсэг нь батлах гэж ногоогоо хэрчиж үзүүлнэ. Зарим хүмүүс үүнд нь итгэж байгаа бол зарим нь төмс чинь цагаан байна гэх мэтээр эсэргүүцэж харагдана. Харин Нарантуул худалдааны төвд “Шинэ ургацын” гэх тодотголтой төмс 1000-1300 төгрөг лууван, байцаа, манжин тус бүр 1500 төгрөг, сонгино 1600 төгрөг, өргөст хэмх 2500 төгрөгний үнэтэй байсан юм.

Хятад үрийн гэх төмс 600-800 төгрөг, лууван 1000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Худалдан авагчид шинэ ургацынх мөн эсэхийг лавлахад зарим худалдаалагчид уурлаж “Хятадаас ногоо оруулж ирэх ямарч боломжгүй” гэж хариулж байсан бол зарим нь “Долоо, наймдугаар сард монгол ногооны олдоц сайн байдаг болохоор хятадаас бөөрөнхий сонгино, байцаанаас өөр ногоо авдаггүй” хэмээж байв. Мөн өвлийн саруудад “Барс” захаас хятад ногоог бөөндөж авч зардаг гэж ярьж байлаа. Харахад л Хятад гэдэг нь илт харагдаж байгаа чинжүү, тарвас зэргийг “Монгол шинэ ургац” хэмээн хэлээд зогсч байгаа зарим нэг худалдаачид иргэдийг хуурсаар байгаа нь илт.

Монгол орон маань нэг хүнд ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр Азид долдугаарт жагсдаг. Гэсэн хэдий ч харь нутагт тарьсан химийн бордоо элдэв хор, лазерийн туяагаар хүртэл шарж борлуулсан ногоог хүнсэндээ хэрэглэж байна. Энэ төрлийн бизнес эрхлэгчид ч гэсэн хятад ногоог монгол хэмээн иргэдийг хуурсаар байх юм.

Хүнсний хууль хяналт гэж байдаг бол энэ тал дээр анхаарах цаг хэдийнэ болсон мэт. Хүнсний ногоо худалдан авч байгаа иргэдийн байдлыг ажиглахад худалдан авагчид монгол ногоог төдийлөн сайн ялгаж авч чаддаггүй байна.

Худалдагчдаас монгол эсэхийг асуухад “Тийм” гэсэн хариулт өгдөг гэнэ. Үүнээс илүүг лавлахад уурладаг ажээ. Нийслэлд өдөрт долоогоос найман вагон Хятад хүнсний ногоо бууж зарагддаг гэнэ.

Хятад ногоо гэлтгүй хүнсний бүтээгдэхүүнүүдээс нь бид сэжиглэдэг хэдий ч Монголын ард түмэн эрүүл бус хөрсөнд ургасан хортой ногоог хэрэглэсээр байна. Хятадууд манайд зардаг ногоогоо өөрсдөө иддэггүй гэлцдэг. Монгол Улсад газар тариалангийн бүтээгдэхүүнүүд гарал үүслийн бичиг гэрчилгээгүй байдгийн улмаас Хятад хүнсний ногоо хаа сайгүй ил задгай дотоодын нэрээр худалдаалах болсоор нилээн удаж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.

Эдгээр ногоог худалдан авахгүй байж болох ч манай шинэ ургацын ногоо дэндүү өндөр үнэтэй бас дээрээс нь ногоог таньж мэдэхгүйн улмаас иргэд хууртсаар байна.

М.Янжинлхам


URL:

Сэтгэгдэл бичих