“Богд-Ар” хорооллын эзэн залилангийн хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байна

Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан этгээд Монголд компани байгуулж, манай улсын иргэдийг хохироож хил даван оргон зайлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд-Ар” хорооллын захиалагч компани болох “XDP компанийн захирал БНХАУ-ын иргэн Зү Жин Зао нь эх орондоо их хэмжээний залилангийн хэрэгт холбогдсон тул интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ажээ.

Гэтэл олон улсад эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээд манай улсад суурьшиж, барилгын компани хүртэл байгуулаад барьсан орон сууцаа өндөр үнээр иргэдэд арилжиж байсан байна.

Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Богд-Ар хороололд дахин 16 давхар сууц барьж ашиглалтад оруулсан ч өнөөдрийг хүртэл тус байрны ажилчид орон сууц өмчлөх гэрчилгээгээ авч чадаагүй бухимдангүй байна. Уг барилгыг чанарын шаардлага хангахгүй байгаа тул улсын комисс уг орон сууцыг хүлээн аваагүй ажээ.

Гэтэл Зү Жин Зао нь энэ барилгаас гадна “Бэгдү” констракшинд захиалга өгч V хороололд орон сууц бариулж байгаа ажээ. Тэгсэн атлаа өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын талаас манай талд Зү Жин Заог интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэхэд тэрбээр манай улсаас оргон зайлсан байна.

Энэ мэдээллийг авсан “Богд-Ар”хорооллын сүүлд ашиглалтад орсон 16 давхар орон сууцанд байр худалдан авсан иргэд хууль хяналтын байгууллагынханд хандаад байна. Тэдний дунд уг орон сууцыг худалдаж авах үедээ банкнаас их хэмжээний зээл авч, байрны төлбөрөө барагдуулсан хүмүүс нэлээдгуй байгаа ажээ.

Тэд “DXP компаниас орон сууц эзэмших эрхээ авсныхаа дараа түүнийгээ барьцаалан зээлээ барагдуулна хэмээн тооцоолсон байна. Мөн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд байраа барьцаанд тавих, оршин суугаа газартаа бүртгүүлэх гэхээр улсын комисс хүлээж аваагүй болохоор шилжих боломжгүй гэх зэрэг олон хүндрэл гарч байгаа ажээ.

Үүнээс гадна тус барилга өвөлдөө их хүйтэн, тааз, хана, дулааны сүлжээ зэрэг нь чанар муутай ая тухгүй байдаг тул байраа зарах гэхэд байрны эзэн гэх өмчлөх бичиг баримтгүй тул олон иргэд их хэмжээний хөрөнгөөрөө ийн хохирон үлдэж байна.

“Яахуу мн”


URL:

Сэтгэгдэл бичих