Д.Сугар, Ч.Ганзориг нар хэзээ хариуцлага хүлээх вэ

527-1374724545middle-Ш.БАТХҮҮ ХУВИЙН БИЗНЕСЭЭ ХУДАЛДЖЭЭ-
Дөрвөн жилийн өмнө “Жаст” группийн захирал Ш.Батхүүд худалдагдсан “Хадгаламж” банк төрийн өмчийн “Төрийн банк”-тай нэгдсэнээр олон асуудлын эхлэл тавигдсан.
Тухайлбал, Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлэхдээ төрийн өмчийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаанд тавьсан.
Барьцааг Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн Хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нар баталгаажуулсан зэрэг хууль бус асуудлууд сөхөгдсөн юм.
Харин дээрх мэдээллийн дагуу Ш.Батхүү хэвлэлийнхэнд хандаж, дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Тэрбээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярихдаа, “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Олон овоот”-оо Г.Алтанд, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа “Төрийн банк”-нд нэгтгэж бизнес хийхээ больсон.
Зээлийн баталгааг Д.Сугар, Ч.Ганзориг нар баталгаажуулсан нь үнэн. Гэхдээ “Стандарт” банкинд төлөх учиртай 120 сая ам.доллараа өөрөө төлнө” хэмээв. Хэдийгээр хувийн бизнесээ худалдаж, шалдаа бууж байгаа мэт боловч, дээрх хэмжээний бизнес эрхэлж байсан мань хүн “модоо барих”-гүй нь ойлгомжтой биз ээ.
Мөн иргэдийн дунд хамгийн ихээр яригдсан “Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал зээлийн барьцаанд хураагдах нь” гэсэн яриаг үгүйсгэв. Тодруулбал, тэрбээр Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нэг удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө зээлээгүй аж.
Эхний ээлжид 20 сая ам.доллар зээлсэн бөгөөд энэхүү мөнгийг авахдаа, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаа болгосон байж. Тиймээс эхний ээлжид зээлсэн мөнгөө эргүүлэн төлсөн учраас “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаа хэлбэрээр ашиглахгүй гэв.
Гэсэн ч төрийн мэдлийн үйлдвэрийн зэсийн баяжмалыг хувийн компанийн батлан даалт болгон ашиглаж, өндөр эрсдэлд оруулсан Д.Сугар, Ч.Ганзориг нар өнөөдөр ямар хариуцлага үүрэх нь тодорхойгүй байна.
Ш.Батхүүгийн хувьд “Эрдэнэт” үйлдвэртэй 1997 оноос хойш харилцаатай байж ирсэн бөгөөд шатахуун нийлүүлж, цахилгааны төлбөрөөс чөлөөлж өгдөг байжээ. Тиймдээ ч “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаанд тавьж чадсан байна.
“Олон овоо” орд газрын асуудал хууль хяналтаар шалгагдана
Ш.Батхүүг өнөөдрийн шахаанд оруулсан бас нэг хүчин зүйл нь Ц.Мянганбаяртай хийсэн наймаа аж. Сийрүүлбэл, түүнээс “Олон овоо”-г худалдаж авахад орд газрын алтны нөөц нь 18.5 тонн гэсэн байж.
Гэтэл тэрбээр өндөр зэрэглэлийн нөөц тогтоох компани хөлсөлж нөөцийг тогтоолгоход алтны нөөц хамгийн ихдээ 4 тонн хэмээн батлагдсан байна. Тиймээс ойрын өдрүүдэд хуурамч нөөц тогтоосон хэрэг хууль, хяналтын байгууллагаар шалгагдах бололтой.
Цухас дурдвал, Ш.Батхүү гурван ч банкны барьцаанд байсан “Монгол газар” компанийн “Олон овоо” алтны ордыг 2009 онд худалдаж авсан юм.
Ц.Мянганбаяр “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкиудад тус бүр 40, 50, 20 сая ам.долларын барьцаанд “Олон овоо” ордоо барьцаалж, зээл авсан ч эргэн төлөлгүй, түүнд худалдсан байдаг.
Б.Ширнэн
Эх сурвалж: Нийгмийн толь

URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 23 February 2018

Ямбын эдэлсэн бол ялын ч үүр гэдэг байхаа Төрийн өмчийн дарга хийж цалин мөнгийг нь гудар ч түгээр барахгүй гадаадад байр орон сууцтай болтлоо л чамгүй баяжаа биз, бодвол ариун цагаан хөдөлмөрөөрөө баяжсан гэх байх насаараа авсан цалингаа бодоод үзээрэй авсан барааны чинь үнэнд хүрэхгүй, одоо би хамаагүй гэх байх тэгвэл төрийн өмчийг хариуцлага алдан хувь хүнд барьцаалуулж улсын өмчийг алдаж байсныхаа хувьд хариуцлагыг Монголын ард түмний өмнө төрийн өмнө та харуцлага хүлээх ёстой би хариуцахгүй гээд зөөлөн суудалд Цэцээр хамгаалуулаад суугаад байхгүй. Албан тушаалынхаа хариуцлагыг толгойгоороо хүлээх цаг иржээ.

Сэтгэгдэл бичих