Клиник үхлийг үзсэн бүсгүйн яриа

1374504026_ghoКлиник үхэл гэж юу вэ? Үүнийг Голландын хэсэг эрдэмтэд туршилтаар баталсан байна. Хүний бие махбодь үхсэний дараа оюун ухаан нь бодитой байсаар байдаг болохыг эдгээр эрдэмтэд олон жилийн судалгаа явуулсны үндсэн дээр баталжээ. Хүн төрөлхтөн үхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан хугацааны турш судалж ирсэн. Клиник үхэлд өртсөн хүмүүсийн зүрх зогсож, амьсгал хураасны дараа хурц гэрэлтэй хонгил үзэгдэж, түүний амьдралд тохиосон юмс үзэгдэл агшин зуур үзэгдээд сэтгэл тайвширч жингүйдэлд ордог гэж ярьдаг.

Эрдэмтэн Реймон Муди үхэл амьдралын хооронд буй энэ заагийг “үхлийн ирмэг дээрх туршилт” гэж нэрлэжээ. Орчин үеийн сэхээн амьдруулах арга ажиллагааг өргөн хэрэглэснээр өвчтөнийг аварч болдог. “Үхлийн ирмэг дээрх туршилт”-ыг давж гарсан хүмүүсийн 50 хувь нь өөрийн үхлийг мэдэрч байснаа баталжээ. Буцаж амьдарсан өвчтөнүүдийн 31 хувь нь төгсгөлдөө хурц гэрэлтэй хонгилоор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод түгсэн тэнгэр харсан тухайгаа ярьсан нь бий. Тэдгээр өвчтөнүүдийн алинд нь ч түгшүүр, сандрал, эвгүй байдал бараг мэдрэгдээгүй харин ч хөнгөрөөд явчих шиг мэдрэмж төрснөө өгүүлсэн байдаг. Голландын эрдэмтэд туршилтын явцад доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт өвчин нь хүндэрч байсан нэгэн өвчтөн хүргэгдэж ирсэн байна. Түүнд зүрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгүй. Эмч нар түүний улаан хоолойд нь гуурс суулгаж түүгээрээ хиймэл амьсгал хийхээр шийдэж, амны хөндийгөөс хиймэл шүдийг нь авчээ.

Цаг хагасын дараагаар өвчтөний зүрх цохилж, амьсгал нь хэвийн болжээ. Үүнээс хойш долоо хоногийн дараа өвчтөн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шүдээ эргүүлж өгөхийг хүсчээ. Түүнийг сэхээн амьдруулах гэж тэвдэж байсан эмч нар хиймэл шүдийг нь хаана тавьснаа огт санахгүй байж. Тэгтэл өвчтөн өөрийнхөө шүдийг хэн авч, хаана хэрхэн тавьсныг нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн гэдэг. Тэр өвчтөн клиник үхлийн үед хүн өөрийгөө дээрээс нь харж байдаг болохыг батлаад, эмч нарын үйл ажиллагааг нэгд нэгэнгүй харж, өөрийгөө амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан юм. Эрдэмтэд үүнээс үндэслэн хүний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас тусдаа оршин байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Сан-Диегогийн их сургуулийн эрдэмтэд ердийн үхлээр нас барсан гурван сая орчим хүнд сүнсний судалгаа явуулж, түүний зүй тогтлыг илрүүлжээ.

Эмэгтэйчүүд нь төрсөн өдрийнхөө дараагийн долоо хоногт нас бардаг бол эрэгтэйчүүд нь эсрэгээрээ төрсөн өдрийнхөө өмнөхөн нас бардаг байна. Амьд бие өөрөөсөө тодорхой цацраг үүсгэж байгаа бол үхсэнийх нь дараа амьтай матери нөгөө төлөвт шилжихэд энэ цацраг нь хэрхэн унтардаг болохыг олж тогтоосон ажээ.

Харин одоо уншигчиддаа клиник үхэлд орсон монгол бүсгүйд юу тохиолдсон талаар өгүүлье.
Дүүгийнхээ хувийн компанид менежерээр ажилладаг Цэнгэл гэдэг бүсгүй нэг өдөр ажлаасаа нэлээд оройтон тарж сүүлийн автобуст амжиж суух гэж зам хөндлөн гарахаар яаран алхаж явтал хажуухнаас нь машин давхин ирж түсхийтэл мөргөхийг бүүр түүрхэн санажээ. Машинд мөргүүлж арваад метр хол шидэгдсэн Цэнгэл тархи толгойдоо хүнд гэмтэл авч дөрвөн хавирга, баруун хөл нь хоёр газраараа хугаран ямар ч ухаангүй Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт хэвтэв.
Цэнгэлийн амь нас хагас cap гаруй дээсэн дөрөөн дээр байж байгаад сая нэг юм ухаан орж амь аврагдсан байна. Эмч нарын уйгагүй эмчилгээ, компаний захирал дүүгийн халамж тэтгэлэг үүнд гол үүрэгтэй байсан нь ойлгомжтой. Цэнгэлийн ийнхүү ухаангүй байхад сүнс нь нөгөө ертөнцөөр аялаад ирсэн тухайгаа тэр өнөөдөр ярьдаг. Олон хоног, сараар ухаангүй хэвтэх хүмүүс түр зуурын буюу клиник үхэлд ордог гэж дээр хэлсэн. Ийм хүмүүсийн зүрх тасалдан зогсч тархины цусан хангамж суларч ухаан ордоггүй.

Цэнгэл энэ тухайгаа хүүрнэхдээ:
-Би машинд мөргүүлж замын голд унаад ухаан алдсанаа бүүр түүрхэн санадаг. Бие маань асар ихээр хөнгөрсөн байсан. Нэг мэдсэн би урт харанхуй хүйтэн хонгилоор ороод ёлтойх төдий гэрлийг даган хар хурдаараа гүйж байсан. Хамаг бие минь хөнгөрч бараг нисч байсан гэхэд болно. Ингэж нисч явахдаа талийгаач болсон олон танил хүмүүстэйгээ уулзлаа. Эмээ өвөө надтай уулзаад “Ач зээ нар минь та нар чинь яачихсан улсууд вэ? Бидний шарил дээр очдоггүй юмаа гэхэд 49 хоногийнх нь өдөр ядахдаа зул өргөж болно доо” хэмээн гомдож байсан санагдана.
Яг энэ үед хамаг бие жингүйдлийн байдалд орж ахин би гэртээ ирсэн боловч нөхөр хүүхэд маань намайг ер тоосон шинжгүй зурагт шагайгаад сууж байлаа. Би тэдэнтэй мэнд усаа мэндэлбэл намайг ер сонсоогүй. Ахиад би хүйтэн хонгилоор хар хурдаараа гүйж гэрэл цацарсан орчинд орж ирсэн. Гэтэл хориод жилийн өмнө намайг 3 дугаар ангид байхад зүрхний өвчнөөр бурхан болсон найз охин Туяа маань уйлаад сууж байлаа. Түүний хувцас цав цагаан над руу инээмсэглэн харж зогсов. Бодвол тэр диваажин байсан байх. Түүний царай хачин хөшингө байдалтай.

Тэгсэн хэрнээ нүд нь гөлийж хоцорсон, бор царай хувхай цагаан бас час улаан уруул нь үнсэн саарал болчихсон байлаа. Аравхан насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн хөөрхий түүнд юуны нүгэл хилэнц байв гэж. Би хэсэг амьсгаа аваад ахиад миний бие жингүйдлийн байдалд орж хүйтэн хонгилоор гүйлээ. Бие минь хачин хөнгөн шингэн болчихсон байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Хонгилын үзүүрт бүдэг гэрэл гэрэлтэж байснаа алга болчихов . Ахиад л би хамаг хүчээ шавхан гүйтэл аажим аажмаар өнөөх гэрэл тодорч эхэллээ. Хонгилын амсар улам томорч би цааш гүйсээр нэг мэдэхэд нийлсэн цагаан тэнгэр надад үзэгдсэн. Би нүдээ сохолчихгүйн тулд гараараа нүдээ дарах гэвэл гар маань даагдахгүй хүнд.

Нүд маань бараг сохрох шахаж би нүдээ аних гэж хичээгээд чадаагүй. Хамаг хүчээ дайчлан шүдээ тас зууж байгаад баруун гараараа нүдээ дарах гэвэл хамаг бие хачин их өвдөж гэнэт миний чихэнд ээж минь “Ашгүй ухаан орлоо. Охин минь битгий нүдээ аниарай. Заавал харах ёстой шүү. Миний охин гараа битгий хөдөлгөөрэй” гэх сонсогдлоо.
Миний харсан тэр цав цагаан тэнгэр нь сэхээн амьдруулах тасгийн тааз байсан юм билээ. Эргээд бодоход хэрэв би хамаг биеэ дайчилж гараа хөдөлгөх гэж оролдоогүй бол тэр чигээрээ Шамбалын оронг зорих байсан биз ээ хэмээн Цэнгэл ярьсан юм.

Энэ тухай бас баруун аймагт тээвэр хийж яваад осолд орсон жолооч Бадарч ярихдаа:
-Би осолд орсноо бүүр түүрхэн мэддэг. Эхнэр маань намайг гурав хоног сахисан. Би хонгилооор гүйж яваад яг гэртээ орж иртэл эхнэр маань цай уугаад сууж байдаг байгаа. Би түүнээс “Сайн сууж байв уу?” гэвэл тэр дуугардаггүй. Буруу хараад уйлаад суучихав. Тэгэхээр нь би “Чи намайг сонсож байна уу? Эсвэл ярих дургүй чинь хүрээд байна уу?” гэвэл эхнэр маань таг дуугүй. Элдэв хоёроор харааж зүхэж үзлээ бас дуугардаггүй. Тэгэхээр нь дургүй хүрээд алгадах гэсэн чинь хамаг бие суларчихаад гap хөдөлдөггүй. Аргаа бараад нүүр лүү нь нулимах гээд урагш хүзүүгээ хүчлэн байж сунгасан чинь гэнэт толгой тархи даагдахгүй ихээр өвдөж би ухаан орсон гэж ярьж билээ.

Үүнийг л клиник үхэл гэж анагаах ухаанд нэрлэж заншжээ. Мөн Будда багшийн сургааль “Сонсгоод” номонд мөнөөх клиник үхлийн талаар хөх, ногоон шар гурван гэрэл хүний нас барсны дараа үзэгддэг хэмээн бичсэн байдаг нь ортой зүйл юм.

Тэмдэглэсэн
У.Бөхболд


URL:

Сэтгэгдэл бичих