Зайсангийн газрын наймааг шалгах ажилд улс төрчдийн оролцоо оржээ

7245f7b3dc6910a237350229ea9b6630_x3Зайсангийн болоод Богд хан уулын дархан газарт цэцэглэсэн газрын хууль бус наймаа зөвшөөрөлгүй олон тооны барилгуудын учрыг олж, хужрыг тунгаах цаг аль хэдийнэ ирээд байсан нь иргэдийн тэмцэл хийгээд олон зүйлээр илэрч байсан гэлтэй. Хугацаа нь хожимдсон боловч шалгаж эхэлсэн нь сайн хэрэг. Гэвч энэ хэрэгт улс төрийн нөлөө орж эхэлсэн байна.

Учир нь, Зайсангийн газарт зайдалсан эрхмүүдээс УИХ-ын 76 гишүүний 40 гаран айлын байр орон сууц, газар, хаус байдаг гэх албан бус судалгаа байгаа юм. Мөн үүнээс гадна хэн хэдэн газрыг хэн хэнд өгсөн талаарх нарийвчилсан мэдээллийн сан гэх зүйл Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд байхгүй байгаа юм. Тус яамнаас өнгөрөгч хавар ийм судалгааг хийж, нарийвчилсан шалгалт явуулсан ч энэ дүнгээ одоо хэр нь олон нийтэд зарлаагүй, мөн хэнд ч хариуцлага тооцоогүй байдалтай байгаа. Харин Нийслэлийн прокурорын газраас өгч байгаа бүдэг бадаг мэдээллээр бол Зайсангийн газрын наймааны цаад учрыг илрүүлэхээр эрүүгийн хэрэг үүсгэж эхлэх үеэр дээрээс мэдэгдэл, үүрэг даалгавар ирж, сайд болон бусад өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийг зөвхөн гэрчээр мэдүүлэг авах, харин газрын дарга, Байгаль орчны яамны Дархан газрын дарга болон Улаанбаатар хотын ерөнхий архитекторчоор ажиллаж байсан хүмүүсийг эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцон шалгах үүрэг өгсөн гэх.

Угтаа уг хэргийг шалгаж эхлэх явцад дээрх эрх мэдэлтэй сайдууд бүгдээрээ эрүүгийн хэргийн сэжигтнээр шалгагдаж эхлэх байсан ч ийнхүү хэрэг дундаасаа “зутан” шинж чанарт шилжин, дээрээс өгсөн чиглэлийн дагуу тэд гэрч болж хувираад байгаа юм байх. Уг нь энэ хэргийг үнэн мөнөөр шалгасан бол сүүлийн 10 гаруй жилийн дотор үе үеийн Байгаль орчны сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хотын захиргаа болоод бусад газарт ажиллаж байсан олон арван албан тушаалтан татагдаж байсан ч ийнхүү улс төрийн нөлөө орж, хэргийн мөрдөн байцаалт ч үндсэндээ зогсонги байдалтай болоод байгаа юм байна. Ийнхүү бүх нийтийн хүсэн хүлээж байсан Зайсан, Богины ам, Богд хан уулын дархан газрууд хэний гараар орсон талаарх хэрэгт хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх нөхцөл байдал үүсээд байна. Ийм хэргүүдийг улс төр оруулахгүйгээр шударга шийдэж чадах эсэх нь л шударга хууль шүүх, шударга засгийн хийх ажил байлтай. Гэвч асуудал хүмүүсийн хүлээсэн шиг биш, нөгөө л нэг сайд дарга, цаанаа хаацайлах намтай улс төрчдийн хийж чаддаг башир аргаар шийдэгдэж, жинхэнэ газар олгосон хүмүүс биш дунд шатны ажилтнууд ороогдоод дуусах өнгө төрх тодорч эхэллээ.

noyon


URL:

Сэтгэгдэл бичих