Гавьяат багш Ж.Дүгэр өнчин хүүхдүүдийн зовлонгоор бизнес хийж байна уу

“Цөвүүн цаг иржээ” хэмээн бурханч лам Г.Пүрэвбат нэгэнтээ хэлсэн байдаг. Түүний хэлсэнчлэн бусдын зовлонгоор жаргал хийж, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн хүмүүс өнөөгийн нийгэмд олон байх юм даа. Тэдний нэг нь Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал, Монгол Улсын гавьяат багш Ж.Дүгэр гэнэ. Би Монголын хамгийн олон хүүхэдтэй аав гэж өөрийнхөө PR-ыг хийдэг гавьяат багш олон жил баг өмсөж явсан нэгэн. Хэдийгээр эцэг эхийн хайр, энхрийллээр дутаж яваа хүүхдүүдэд эцгийнх нь оронд эцэг болж яваа ч тэдний зовлонгоор бизнес хийдэг тухай нэг биш удаа чих дэлсэж байсныг санаж байна. Гадаадынханд үрчлүүлж буй нэрээр хил давуулсан гэдэг мэдээлэл олон хүнийг цочирдуулсан байх.

Харж хандах хүнгүй, өнчин өрөөсөн хүүхдүүдийг Ж.Дүгэр багш үрчилж аваад тэжээгээд байдаг юм биш. Төр тэр хүүхдүүдэд зориулж төсөв баталдаг, дээр нь гадна дотны хүмүүнлэгийн байгууллагаас овоо хэдэн төгрөг “цохьчихдог” болохоор Ж.Дүгэр багш хүүхдүүдэд хайртайдаа биш мөнгөнд “хайртай” болохоороо энэ ажлаасаа тийм ч амархан татгалзаж чаддаггүй биз. Хэрэв, үнэхээр хүүхдүүдэд хайртай байсан бол тоглоомынх нь талбай дээр орон сууцны барилга барихаар улайрахгүй байсан. Тодруулбал, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн харьяа 58 дугаар цэцэрлэгийн хашаанд хүүхдүүд салхилж, инээж, тоглож чадахгүй болсон. Эцэг, эхийн хайр халамжаар дутаж яваа бяцхан хүүхдүүд тоглоомын талбай дээр эрх дураараа тоглож, орилж чарлаж, инээж байх үедээ түр ч гэсэн гуниг, зовлонгоо мартан элгээ тэвтээдэг байсан тэдний “жаргалтай” үе богинохон байж, мөнгө хүчтэй болохоор…

58 дугаар цэцэрлэгийн барилга 1968 онд баригдаж, өдгөө сууриндаа жаахан суулт өгсөн ч дахин арван жил ашиглах боломжтой гэх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан аж. Харин Ж.Дүгэр багш үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн өргөтгөл барихаар шийдэж, “Тэлмүүнлхам” констракшнтай гэрээ байгуулжээ. Харамсалтай нь уг гэрээнд цэцэрлэгийн өргөтгөл барих бус 12 давхар 270 айлын орон сууц барих асуудал тусгагдсан байна. Цэцэрлэгийн өргөтгөл барих асуудал эцэстээ орон сууцны барилга болон хувирсанд гайхсан иргэд болон Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга Б.Ариунаа энэ талаар Ж.Дүгэр багшаас тодруулахад, “Ажилчдаа орон сууцжуулж байгаа юм” хэмээн амыг нь таглажээ.
Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн харьяа 58 дугаар цэцэрлэгт одоогоор 80 гаруй хүүхэд хүмүүждэг, 40 гаруй багш, ажилтантай. Харин нийт багш ажилчдынх нь 65 хувь нь гэр хороололд амьдардаг юм байна. Ж.Дүгэр багш дээрх ажилчдаа төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцанд хамруулж болох л байсан. Гэхдээ түүнд 12 давхар 270 айлын орон сууц барьж, ажилчдаа оруулсан болоод бусдыг нь зараад хэдэн “халтар” төгрөг унагах нь өөрт нь ашигтай санагдсан бололтой.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар мв-ыг нь 1200 ам.доллараар зарахаар төлөвлөсөн гэх. Мөн тэрбээр тэр олон айлын орон сууц барих хөрөнгийг хаанаас олов, олон улсын байгууллагын хандив тусламжаас уу, улсын төсвийн хөрөнгөөс хумслав уу гэдэг эргэлзээтэй асуулт урган гарч байна. Таван давхар биш бүр 12 давхар орон сууцны шүү.

Дээрх цэцэрлэгийн хашаанд барилга барих зөвшөөрөлд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 877 тоот захирамжийг үндэслэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч гарын үсэг зуржээ. За яах вэ гээд эл үйлдийг нүдээ анин өнгөрөөж барилга бариуллаа гэж бодоход ойр хавийнхаа орон сууцны цонхыг таглахаас гадна гэнэтийн аюул гал түймэр гарлаа гэхэд галын болон түргэн тусламжийн машин орох боломжгүй болно. Энэ мэт сөрөг дагавар гарах тул тус хорооны иргэд өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдтэй уулзах үеэрээ энэ талаар “хов” хүргэсэн байна.

Харин энэ сарын 7-нд Нийслэлийн газрын албанаас “Тэлмүүнлхам” констракшнд шаардлага хүргүүлсэн аж. Уг шаардлагад, барилга байгууламж эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, батлагдсан эскиз зураг болон бусад холбогдох бичиг баримтыг ирэх сарын 8-ны дотор шалгуулж, зөрчлийг арилгах хүртэл ажлаа зогсоохыг сануулсан байна. Хэрэв заасан хугацаанд дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахыг мэдэгджээ.

Ц.Пүрэвжав

sharmedeecom


URL:

Сэтгэгдэл бичих