Алга дарам газар арван давхар барилга барихаар зэхэж байна

Барилгын бизнес эрхлэгчид хаана л барилга барьж болох дэл сул газар байна, тэнд мөнгө “хаяж” явдаг. Ялангуяа, хотын А зэрэглэлийн газрыг үнэ хайрлахгүй авч, эргээд хэдэн сая төгрөгийн ашиг олно. Хэрэв ашиг олдоггүй байсан бол өндөр үнээр авахгүй байсан биз.
Сүүлийн жилүүдэд хотын төвд хүүхдүүдийн тоглоомын талбай барилгын бизнесмэнүүдийн нүдийг унагах болсон. Иргэд хүүхэд, хөгшидийнхөө тоглодог, салхилдаг алга дарам газар барилга бариулахгүй гэж хичнээн тэмцэлдээд ч нэмэргүй. Тэр газрыг мөнгөөр “зодож”, хэдийнэ өөрийн болгож авсан бизесмэнүүдэд арга буюу дийлддэг “хуультай”.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тав, зургадугаар хорооны 15 дугаар байрны өмнөх хүүхдийн тоглоомын талбайг дайруулж, арван давхар барилга барина гэснээс үүдэн иргэд тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдэд гомдол гаргажээ. Хүүхдийн тоглоомын талбайг дайруулан барилга барих гэж буй уг газрын эрхийг нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “Тахилт өндөр уул” ХХК-д өгсөн аж. Тус компани уг газар дээр контор, үйлчилгээний зориулаттай 10 давхар барилга барихаар зураг, төслийнхөө ажилд хэнийнэ орсон байна. Мөн хотын дарга 15-р байрны урд нэлээдгүй га газрыг “Бамбар инж” ХХК-д өгчээ. Энэ газар 13 давхар хоёр орон сууц барих гэнэ. Гэтэл тус байрны 500 гаруй оршин суугчийн нар үзэх эрхийг хааж байна гээд эсэргүүцэж байгаа аж.
“Тахилт өндөр уул” ХХК-д хүүхдийн тоглоомын талбайгаас зүүн тийш авто машины замыг оруулаад маш бага хэмжээний газар өгсөн гэж байгаа ч тус компанийн ажилчид зураг авахдаа тоглоомын талбайг оруулсан байна. Мэдээж, ийм жижигхэн газар 10 давхар барилга барихгүй, тэгэхээр хүүхдийн талбайг оруулсан гэж иргэд үзэж байгаа аж.
Иргэдийн тавьсан гомдлын дагуу УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нөхцөл байдалтай нь танилцахаар өнгөрсөн бямба гарагт уг газар дээр иржээ. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Иргэд танд хэзээ хүсэлт тавьсан юм бэ?

-Гурван өдрийн өмнө. Зарим иргэн ч саяхан мэдсэн юм байна.

-Та оршин суугчдын тавьсан хүсэлтийг яаж шийдвэрлэх гэж байна?

-Хотын дарга Г.Мөнхбаяртай уулзаж, захирамжийг хүчингүй болгох талаар ярина. Асуудал яаж шийгдэгдэхийг иргэддээ эргээд мэдээлэх болно.

-Сүүлийн үед хүүхдийн тоглоомын болон сургуулиудын биеийн тамирын талбайд орон сууцны байр барих нь ихэслээ?

-Би үүнийг буруу гэж бодож байна. Тийм ч учраас тойргийнхоо тавдугаар сургуулийн биеийн тамирын талбайг тохижуулж өгсөн. Сайн тохижуулсан газарт барилга барьж чадахгүй шүү дээ.

-“Тахилт өндөр уул” ХХК-ийн захирал ирээд би энэ газрыг худалдаж авсан. Газрын татвараа ч төлөөд явж байгаа. Та нар яаж ч чадахгүй гэсэн гээд иргэд ярьж байна. Хэрвээ энэ захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд тус компанийн хохирлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Төр хохирлыг нь барагдуулах ёстой. Учир нь, төр нийтийн эзэмшлийн талбайг хувийн компанид олгож, тэдгээрээс татвар авсан бол түүнийгээ буцааж олгох ёстой.

Д.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих