Тендерт заавал ялуулах үүргээ Х.Золжаргал сайн биелүүлжээ

Монголын хүн амын цэвэр усны нөөцийг багасгах санаа гаргасан гэж хэлж болохоор нэг тендерийн булхай байдаг аж. Энэ нь сүүлийн хэдэн жилийн турш яригдаж, зарим иргэний хөдөлгөөнүүдийн шахалтаар түр саатаад байсан “Хэрлэн говь” төсөлтэй шууд холбоотой тендер юм билээ.

Гадагшаа, хилийн чанад руу хамаг усаа урсгадаг Хэрлэн голын усыг говь руугаа тусгай хоолойгоор татаж, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”, цаашлаад “Оюутолгой”, “Таван толгой” зэрэг том уурхайнуудаа тэтгэх, хүн малаа ундаалах зорилготой төсөл. “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хүрээнд “Бүс нутаг хооронд ус тээвэрлэх боломжийн талаар судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан юмсанж. Гэтэл ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “САҮЦ. 2013.05” дугаартай төслийн тендерт “Мон Хидро” компанийг “заавал” шалгаруулах үүргийг хаа нэгтэйгээс авч, үүргээ амжилттай биелүүллээ хэмээн нэгэн эх сурвалж хэлж байна. Тендерт хүчээр шалгаруулсан “Мон Хидро” компанийн удирдлагууд урьд нь төсвийн мөнгө завшсан гэх хардлагад өртөж, Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд шалгагдаж байжээ. Мөрдөн шалгах явцад нэлээд зөрчил илэрсэн байв. Энэ бүхний зах зухаас дурдая. “Мон Хидро” компани өнгөрсөн намар Сэлбэ голын эхэнд зургаан худаг ухаж, “мөсөн уул” байгуулаад, зун нь голын голдрилоор урсган Сэлбийг усаар “дүүргэх” сүрхий том ажлыг тендерээр авч гүйцэтгэхдээ хоёр тэрбум орчим төгрөг “гол” гаргажээ. Цагдаа нар үүнийг үгүйсгэсэнгүй. Тэр бүү хэл эрүүгийн шинжтэй үйлдэл гэжээ. Гэхдээ бас авлигын асуудал яригдсан тул Авлигатай тэмцэх газраар дахин шалгуулахыг хүссэн юм байна. Харамсалтай нь Авлигатай тэмцэх газар одоогоор тоймтой шалгаагүй л байгаа аж.
“Мөсөн уул” босгосон арга технологи, мөнгөн дүн зэрэгт нь эргэлзээтэй олон зүйл байгаа аж. Сэлбэ гол ширгэх аюул нүүрлэсэн нь үнэн. Гэхдээ голын эхэнд гүний худаг ухаж ийм уул босгосон нь мэргэжлийн хүмүүс бүү хэл жирийн иргэний ч гайхлыг төрүүлжээ. Монголчууд гүний усаар тийм баян улс биш. Тиймээс гүний усаар гадаргуугийн усыг тэтгэх нь мэргэжлийн хувьд байж боломгүй үйлдэл гэж тухайн үед нэлээд шуугисан. Зургаан худаг ухаж, дээр нь сэндвичэн хавтангаар амбаар зэргийг барихад 2.3 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн нь тоо мэддэг хүнд дэндүү үнэмшилгүй юм. Мэргэжилтнүүд тэдний 2.3 тэрбум төгрөгөөр хийсэн гээд байгаа ажлыг 600 сая гаруй төгрөгт л багтах ажил гэж дүгнэсэн байдаг. Үлдсэн мөнгө хаачив. Хэний хэтэвчинд оров. “Мон Хидро”, “Монгол ус” компаниуд энэ бүхнийг тендерт ялуулсан дарга нартайгаа хуваагаад идчихсэн нь гарцаагүй гэж таамаглахад юуны буруу байхав. Тэгээд ч энэ үйлдэлд нь цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм чинь хоосон хардлага болохгүй биз ээ.

Эрүүгийн хэргээр шалгагдаж буй “Мон Хидро” компанийн захирал Ц.Батдорж нь Баянхонгор аймгийн уугуул. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ч мөн Баянхонгорынх. Магадгүй тэд нутгархаж ах дүү, анд найз нар болцгоосон байхад ядах зүйлгүй. Нутгийн сүлжээ нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалд нөлөөлж тендер зэргийг асуудалгүй зохицуулсан байх магадлалтай. Тендерийг гардан гүйцэтгэдэг Төрийн нарийн бичгийн даргад ямар “чихэр” өгсөн бол.

Б.Эрдэнэ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих