Хятадаас хамааралтай нүүрсний салбарын өрсөлдөх чадвар хэзээ сайжрах вэ

nuurs-middleЭнэ жил нүүрсний экспорт 36 хувиас 17 хувь болтлоо буурч, нүүрс экспортлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хүртэл ажилчдаа амрааж, “Чалко”-гийн өрийг дарж чадахгүйд хүрч байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани төлөвлөгөөний дагуу энэ онд Цанхийн зүүн уурхайгаас зургаан сая тонн нүүрс олборлохоос 834.3 мян.тонн нүүрс олборлож, 372.3 тонн нүүрс экспортлоод байгаа. Харин Цанхийн баруун уурхайгаас 2.5 сая тонн нүүрс олборлохоос 128.6 мян.тн нүүрс олборлоод байгаа гэдгийг мэдээлж байсан.

Тиймээс Цанхийн зүүн хэсгээс олборлож байгаа нүүрсээ гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Хятадын Чалко компанид нийлүүлж, урьдчилгаа төлбөрийн зээлийн өрөнд буюу 350 сая ам.доллараас шууд суутгуулсан. Одоо 170 гаруй сая ам.долларын өр үлдээд байгааг энэ онд барагдуулах боломжтой гэж үзэж байв. Гэвч экспорт нь зогссон ч бай, удааширсан ч бай энэ онд багтааж төлж бас л чадахгүй бололтой.

“Чинхуа-Мак”, “Нарийн сухайт” зэрэг компанийн хувьд уулын ажил зогсонги байдалд орж, хоногт бага хэмжээгээр буюу 1000 орчим тонн нүүрс борлуулж, нэг тонныг нь 300 юанаар худалдаалж байгаа гэх мэдээлэл байсан бол манай томоохон компани болох “МАК”-ийн үйл ажиллагаа ч муудсан байна.

Гэтэл эсрэгээрээ манай шинэ өрсөлдөгч болоод байгаа ОХУ-ын нүүрсний экспорт 5.2 хувиар өсч 53.6 сая тоннд хүрчээ. Оросын Эрчим хүчний яамны тооцоолж буйгаар энэ жил Хятад руу чиглэсэн нүүрсний экспорт 20 сая тоннд хүрч нэмэгдэнэ гэжээ. Гэхдээ ийнхүү нэмэгдүүлэхэд боомтын хүчин чадал, төмөр замын дэд бүтцийн даац саад болж байгаа тул Алс Дорнодын боомтын хүчин чадлыг жилд 140 сая тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

Гэтэл бид зам тээвэр, дэд бүтцийн асуудлаа олон ч жил ярьж, эцэстээ иймэрхүү хүнд байдалд тулж байна. Биднийг нэг машинаар 100 тонныг тээвэрлэж байх зуур австраличууд 100 мянган тонныг нэг дор усан тээврээр тээвэрлэж, Оросууд боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлж байдаг. Тиймээс манайд л ганцхан байдаг том оврын машинаар тээвэрлэдэг дэндүү хоцрогдсон байдлыг халж, төмөр замаа л яаралтай барих ёстой гэдгийг ч олон жил ярьсан.

Дээрээс нь манайх нэгдсэн бодлогогүй “Хятад нүүрс авна, бид нийлүүлнэ” гэж олон жил алсын хараагүй явсны эцэст дан ганц Хятадаас хамааралтай болсон манай нүүрсний салбар одоо горыг нь амсч байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг худалдан авдаг Хятадын “Чалко” компани импортын нүүрсээ цаашид борлуулж чадахгүй болсноор хил дээр их хэмжээний нүүрс овоолсон гэдгийг тус компанийн зүгээс хэлж байгаа.

Ингэж Хятадаас хамааралтай байсны горыг амсч эхэлсэн болохоор одоо аргагүйн эрхэнд Япон, Солонгос зэрэг оронд өндөр чанарын нүүрс, бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй гэж ухамсарласан байна билээ. Манай нүүрсний нөөц оны эхний хагас жилийн байдлаар 2.6 тэрбум тонноор нэмэгдэж, нүүрсний нөөцөөрөө дэлхийн эхний арван орны тоонд багтаж байхад ингэж ухамсарлахгүй гээд ч яах билээ.

Төсвийн орлого, эдийн засгийн өсөлт нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаарч, нийт экспортын орлогын 90 гаруй хувь нь уул уурхайн салбараас хамаарч байхад ингэж нэг орны хамааралд суугаад байж болохгүй гэдгийг ухамсарлахгүй байхын аргагүй. Гэвч гадаадын хөрөнгө оруулалтын орчинг муутгаж, түүнийгээ эргүүлж засч байх хооронд энэ жилийн уул уурхайн салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр буурсан.

Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан ч үр дүн нь одоогоор гарч эхлээгүй л байна. Өнгөрсөн онуудад тэрбумаар тоологдох ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг авч байсан бол одоо энэ нь 30 гаруй хувиар буурсан гэдгийг салбарын яамнаас хэлж байгаа. Гэвч гурав дахь зээлд хэзээ гарч, дэд бүтцээ шийдэх талаар дорвитой зүйл ярихгүй л байна.

М.Ариунсувд


URL:

Сэтгэгдэл бичих