Том артай тодорсон хэнээтнүүд

zahirluudБШУЯ-аас төрийн өмчит их сургуулиудын захирлыг сонгон шалгаруулах ажлыг аль нэгдүгээр сарын эхээр зарлаж, сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг хүлээн авсан ч энэ ажил нь янз бүрийн шалтаг шалтгааны улмаас хойшилсоор бүхэл бүтэн долоон сарын нүүрийг үзэж байж нэг юм шийдэгдлээ.

МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС -ийн захирал хэмээх үнэтэй, хүндтэй, зөөлөн суудалд суухыг хүсэгчид 50 орчим байсан аж. Гэхдээ эндээс зөвхөн дөрөвт нь л захирал гэх “амтат бялуу”-г хүртээх учиртай.

Ингээд өнөөх “амтат бялуу”-г хүртэх гэж МУИС, ХААИС -иас тус бүр 10, ШУТИС-иас 14, ЭМШУИС -иас 16 гээд нийт 50 хүн нэрээ дэвшүүлж материалаа өгсөн байдаг. Харин эхний шатны сонгон шалгаруулалтаар ШУТИС-иас тав, ЭМШУИС, ХААИС-иас тус тус гурван хүн, МУИС-иас дөрвөн хүн хасагдаж, нэг хүн сонгон шалгаруулалтаас нэрээ татаж авснаар 34 хүн цааш зүтгэсэн.

Үнэн хэрэгтээ дээрх хасагдсан хүмүүсийг бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, ажилласан жил хүрээгүй, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар л хассан гэж байгаа ч цаана нь санал хуваах, жижигхээн артай нөхдүүд, бас ч гэж захирал болчихож мэдэх ч хүмүүс байсан гэлцэж буй.

Ерөнхийдөө захирлын зөөлөн суудалд тухалж, “бялуу” хүртэх хүсэлтэй хүмүүст боловсролын хувьд докторын зэрэгтэй, профессор цолтой, тухайн их сургуулийн эрхэлдэг сургалтын аль нэг чиглэлээр дээд боловсролтой, мөн тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн байх гэсэн ерөнхий шаардлагыг тавьжээ.

Мөн боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, менежмент, эрх зүйн зохих мэдлэг, туршлагатай, их, дээд сургуульд ажилласан, багшлах, эрдэм судлалын ажлын туршлагатай байх ёстой. Ур чадварын тухайд байгууллагын хамт олон, сургалт, судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, хоёроос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй, удирдах арга барил, манлайлах, харилцааны өндөр чадвартай байх зэрэг шалгуур тавьжээ.

Харин хууль дээдлэх, ёс зүйн дүрмийг чанд сахих гэсэн тусгай шаардлагыг ч мөн тавьсан байгаа юм. Үүнээс гадна сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцлага, нэр дэвшигчийн давуу тал, хөтөлбөрийг нь олон нийт үнэлсэн байдал зэрэгт нь удирдах зөвлөл, тус бүрт нь комисс оноо өгч үнэлсэн гэнэ.
Нэр дэвшигч нийт 100 оноо авах ёстой бөгөөд босго оноог 80 байхаар тогтоожээ. Ингээд 80-аас дээш оноо авсан нэр дэвшигчийг шаардлага хангасанд тооцон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд танилцуулах ёстой юм байна. Иймэрхүү хүн сонсоход нэлээд өндөр шалгуур тавьсан юм шиг боловч наад захын хүн гүйгээд орчихоор шалгуур гэж учир мэдэх хүн ярьж байхыг сонслоо.

Ингээд өнөөх авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон төрийн өмчийн дөрвөн их сургуулийн захирлыг ямар ч байсан тодруулжээ. Дээрх дөрвөн хүн их том артай, тэр дундаа АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн гарын хүн гэлцэх яриа тархаж, энэ хэрээрээ хардлага ч үргэлжилсээр.

Захирлыг сонгон шалгаруулах комисс зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь БШУЯ-ных, үлдсэн хоёр нь тухайн сургуулийн багш нарын төлөөлөл /дөрвөн сургуулийн төлөөлөл нь ердөө хоёр багш/ гэнэ. Комиссынхон дундаа яамны нөлөө бүхий эрхмүүд байгаагаас гадна БШУ-ны сайд болон АН-ынхны ашиг сонирхолд нийцүүлэн сонгоно гэсэн хардлага илүү байсан юм.

Түүгээр ч барахгүй захирлын албан тушаалд нэр дэвшигчид элдэв хэл ам таталж, сургуулийнхаа оюутнуудаар өөрийгөө дэмжсэн like даруулах гэх зэрэг асуудлыг ч дэгдээгээд амжсан. Тэгэхээр энэ их тэмцлээс харахад их, дээд сургуулийн захирлын суудал гэгч ямархан эрх ямбатайг илтгэж буй биз.

Өрсөлдөгчид ч хүчтэй арга хэмжээ авч байснаасаа болж хасагдсан гэх яриа газар авсан. Тухайлбал, эхний шалгаруулалтын дараа 36 нэр дэвшигч үлдсэн бөгөөд эцсийн шалгалтад 31 хүн орохоор болсон байгаа юм. Ингэхдээ мөн л дундаас нь “хүндэтгэх шалтгаан”-тай хэмээгээд цэвэрхэн аргаар “нэрээ татсан” байх юм.

Ингээд л үндсэндээ хүчтэй өрсөлдөгчид үгүй болж, дөрвөн хүн тасархай тодорсон нь А.Галтбаяр, Б.Очирбат, Г.Батбаатар, Т.Хэрүүга нар юм. Хамгийн эмгэнэлтэй нь засгийн эрх баригч намын доторх хүмүүсийн ойр дотны найз нөхөд, ах дүүс энэ удаагийн шалгаруулалтыг өнгөлсөнд дээрх сургуулиудын багш, хуучин удирдлагууд, тэр ч бүү хэл зарим сургуулийн оюутнууд хүртэл таагүй хандаж байгаа аж.

Ямартай ч төрийн өмчит их сургууль хэмээх өнгө мөнгөний үүр уурхайг хэн хэн удирдах гэж байгааг танилцуулъя.

Хүссэн “бялуугаа” хүртсэн эрхэм

 

МУИС дээр А.Галтбаяр гэгчтэй УИХ -ын дэд дарга Р.Гончигдоржийн төрсөн дүү, МУИС-ийн Сургалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Р.Ринчинбазар, Л.Гантөмөр сайдын хүн гэгдэх МУИС -ийн Математик, компьютерийн сургуулийн захирал Ч.Лодойравсал нар хүчтэй өрсөлдсөн ч далаараа “цэвэр” тавиулж, А.Галтбаяр 85.02 гэх оноогоор тэргүүлэн захирлын сэнтийд суув.
МУИС-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан А.Галтбаяр нь УИХ-ын гишүүн, нөлөө бүхий нэгний гарын хүн гэж нэрлэгдэж байгаа бөгөөд зарим хүн түүнийг БСШУ-ны дэд сайд, сайд, УИХ -ын гишүүн, даргын албыг хашч, хууль бус үйлдлээрээ нэрд гарсан С.Төмөр-Очирын хүн гэх нь ч бий.

Учир нь тэрбээр С.Төмөр-Очирын үед тус сургуулийн дэд захирал болсон болохоор тэгж хэлэхэд хүрсэн байна. Нөгөө талаар А.Галтбаяр ардчиллын улаан хамгаалагч учраас АН-ынхан түүнд “бялуу хүртээж” байгаа нь энэ аж.

А.Галтбаяр ч АН-ыг засгийн эрх авангуут МУИС-ийн захирал болно гэдгээ мэдэж байсан бололтой аль эртнээс л бэлтгэлээ хийж, үзэл бодлоо фэйж хуудсаараа илэрхийлж дуулиан тарьж байсан нэгэн.

Тэрбээр “МУИС -д ажиллах хугацаандаа амьдралд хүрэлцэх цалин авч байгаагүй. МУИС-аас байр, машин, хүүхдийн сургалтын төлбөр авч байгаагүй. Тэтгэвэрт гарахад 20 жил байна. МУИС-ийг удирдаж байгаа удирдлага ажлаа хийж чадахгүй байна” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлж, туйлын шударга хүн болж байв.

Ямартай ч энэ хүн хүссэн “бялуугаа” хүртэж, захирлын зөөлөн суудалд тухаллаа. Харин хэлж байсан үг, илэрхийлж байсан үзэл бодол нь эрх ашигт нь дарагдаж мартагдах вий дээ.

Чангаалтаар бус чадлаараа гарсан гэнэ үү

Харин ЭМШУИС-ийн захирлаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй М.Сүмбэрзул томилогдох хамгийн их магадлалтай, “Фортуна” хэмээх Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай ах, дүүгийн холбоотой нэгэн хэмээн шуугиж байсан ч талаар болов. Харин түүний оронд эмч, эрдэмтэн, судлаач хүн ЭМШУИС-ийг удирдан чиглүүлэх болжээ.

Энэ хүн бол ЭМШУИС-ийн салбар сургууль болох Биотехнологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар ажээ. ЭМШУИС -ийн ректорын албанд хамгийн олон буюу 10 хүн өрсөлдөж, нэг хүн хүндэтгэх гэх шалтгаанаар нэрээ татсан бол хамгийн их магадлалтай гэж яригдаж байсан Н.Сүмбэрзул 77.5 оноо авч, Г.Батбаатарт зайгаа тавьж өгсөн аж.

Г.Батбаатар ч нэр дэвшигчид дундаасаа хамгийн өндөр буюу 91.8 оноо авч тэргүүлсэн аж. Доктор, профессор Г.Батбаатар ЭМШУИС-ийн салбар Био анагаах ухааны сургуулийн захирлын албыг 2006 оноос хойш хашиж байгаа бөгөөд сургуульдаа багшилж байсан нэгэн гэнэ.

Харьцангуй бусдыгаа бодвол нэр цэвэр түүнийг мөн л гайгүй том артай гэлцэх болов. Бүр УИХ-ын даргын ахлах зөвлөх, ЭМШУИС -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Ламбаагийн хүн гэх яриа тархаж байна.

Ямартай ч Г.Батбаатарын авсан энэ өндөр оноо нь түүний чадлаараа авсан оноо байв уу, эсвэл хэн нэгний дэмжлэг байв уу гэдэг нь тун удахгүй мэдэгдэх буй заа.

Эмгэнэл дагуулсан ректор

Хамгийн их хэл ам таталсан газар бол ХААИС. Удирдах зөвлөлд нь УИХ-ын гишүүд их байдаг болохоор бүгд л хүнээ зүтгүүлж, нэлээд ширүүн өрсөлдөөнтэй байсан. Тэр дундаасаа тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Хэрүгаг хамгийн түрүүнд томилогдож магадгүй гэж байсан.

Мөн тус сургуулийн захирлын суудалд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нар хүртэл хүнээ шургуулах гээд элдэв янзын тохироо хийж байгаа гэсэн шуум ч тарж байсан.

Харин нэлээд хүчтэй яригдаж байсан нөхөд Т.Хэрүгатай болон цаад том гартай нь нэлээд томхон “бялуу”-ны тохироо хийсэн бололтой, 0.5 оноогоор “бууж” өгсөн дүр үзүүлжээ. Бодвол нэлээд хүчтэй өрсөлдсөн гэдгээ илэрхийлэх гэсэн нь энэ бололтой.

Т.Хэрүгагийн хувьд албан тушаалаа жинхлэх хор найруулж, МАН-ын харьяаллаа хүртэл тас нуусан гэнэ. Бүр салбарын сайдтайгаа нутгархаж, Увсын уугуул гэх хаяг зүүсэн ч гэлцэж байна. Араас нь том ар нь болох “боевик” У.Хүрэлсүх түлхэж, БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр чирж байж гаргаж ирсэн хэмээн учир мэдэх нэгэн хэлж байна.

Тэрбээр “ХААИС -ийн хувьд үнэхээр эмгэнэлтэй байна. Т.Хэрүга гэдэг чадваргүй хүнийг БШУЯ-ны Б.Насанбаяр л чирч гаргаж ирсэнд хэдэн үеэрээ харамсаад барахгүй байна. ХААИС -ийн ирээдүй бүрхэг байна” хэмээсэн юм.

Ямартай ч У.Хүрэлсүх гэдэг хүн гарынхаа үзүүрээр хөдөлгөдөг, алсаас удирддаг хэдэн залуучуудаа төрийн томоохон албанд шургуулахыг санаархаж байгаа нь энэ бололтой.

Хэнийх нь үл мэдэгдэх хэн гуай

ШУТИС -ийн захирлын суудалд есөн хүн тунаж, үүнээс хоёр нь мөн л хүндэтгэх шалтгаанаар нэрээ татсанаар тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн дэд дарга байсан ЭШТ-ийн проректор, доктор, профессор Б.Очирбат 81.98 гэсэн оноогоор тэргүүлж, ШУТИС -ийн захирал болох эрхээ авлаа.

Сургуулийн удирдах зөвлөлийнхөн болон бусад хүмүүс захирлын сонгон шалгаруулалтын талаар хэзээ хойно мэдсэн гэж буй. Ямартай ч мөрийн хөтөлбөр, хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх талаархи танилцуулга, ярилцлага зэрэгтээ нэлээд дээгүүрт бичигдэж байсан доктор, профессор Б.Очирбатыг захирал болсонд нэг их дургүйцээд байгаа хүн байхгүй гэнэ.

Ямартай ч одоохондоо түүний том ар тодроогүй байгаа ч хэсэг хугацаа өнгөрөхөд тодрох байх гэлцэж байна. Юутай ч хагас жил гаруй хугацаанд үргэлжилсэн их дээд сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт өндөрлөлөө. Гэхдээ дахиад хэдэн сургууль бий. МУБИС, СЭЗДС гэх мэтчилэн сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулах байх.

Гэтэл үлдсэн сургуулийн захирлаар бас л урлстөрчид тоглох шинжтэй. Бүх зүйл дээр улстөрждөг монголчууд их дээд боловсролоороо хүртэл улстөржиж, улстөрчдийн тоглоом болгож байгаа нь харамсалтай, бас эмгэнэлтэй.

Улсаар нь дүүрэн улаан дипломтой ажилгүйчүүд байхад их дээд боловсролын салбараа эрхтэн дархтанууд нь “бялуу” болгон албан тушаалын хэнээтнүүдэд өгнө гэдэг байж боломжгүй асуудал гэдгийг БШУ-ны сайд гуай нь эрхбиш гадарлах байлгүй дээ.

Э.Туул


URL:

Сэтгэгдэл бичих