Ж.Амарсанаа сайд, төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэж явна

Дэд сайд Ж.Амарсанаагийн өндөр боловсролтой гэх хувийн тодорхойлолт эрүүл мэндийн салбарт “хог” болж, өөрийнх нь бие бөглөөс болов. Түүний жишгээс харвал, төрийн ажлыг нугалахад диплом биш сэтгэл дутагддаг бололтой.
1996 онд “Оточ Маарамбын дээд сургууль”-г төгсөж эмч гэхээсээ илүүтэй “лам” болсон тэрбээр 1998-2006 оны хооронд наран улсад аж төрж, зүү төөнүүрийн мэргэжлээ ахиулж, алтан гартаа чагнуур барих болжээ.
Удалгүй АНУ-ын Харвардын Их сургуулийн докторын дараах программд ажиллаж, багшилсан аж. Дээрх хугацаанд дэд сайд Аргогоос дуталгүй олон хэлтэй болсон нь Төвд, Орос, Англи, Япон гэх.
Үүнээс үзэхэд түүний боловсролыг голж, шилээд байх шалтгаан алга. Гэсэн ч ийм хүн эрүүл мэндийн салбарт үр ашгаа өгсөн үү гэвэл үгүй. Тангараг өргөсөн эмч нар, алтан гараараа амь таслах ажиллагааг өдөр бүр шахуу үйлдэж байхад Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны сайд, дэд хоёр нь уулзалт, семинар хөөсөн шигээ сууж байна.
Тодруулбал, сайд Н.Удвалын урилгаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан манай улсад энэ сарын 11-14-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийх гэнэ.
Харин өчигдөр дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” төслийн хүрээнд “Эх хүүхэд, Нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгож хүүхдийн өсөлтийн хоцролтыг бууруулах нь” сэдэвт Олон Улсын семинар эхлэв.
Хачин урт нэртэй дээрх семинараар хэлэлцэх асуудал нь хүртэл тодорхой. Тэрбээр ч өөрөө товч бөгөөд тодорхойгоор “Монгол Улс буурай хөгжилтэй орнуудтай харьцуулахад хүн амын хоол тэжээлийн үзүүлэлт хэвийн түвшинд байдаг.
Гэвч хүүхдийн өсөлт хоцролтын түвшин тууштай буураагүй буюу 16 хувь байна. Ялангуяа баруун болон хангайн бүсэд өсөлт хоцролт нь хамгийн өндөр тархацтай ба 18-25 хувь байна. Хүүхдийг хоёр нас хүртэл нь зөв хооллож шимт бодис, эрдсээр дутаахгүй бол хоол тэжээлийн архаг дутагдалд ордоггүй.
Иймээс энэ семинараар нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн стратегийн төсөл болон хүүхдийн өсөлтийн хоцрогдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээний ололт амжилт, аль болох түргэн үр дүнд хүргэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, сайжруулах асуудлыг хэлэлцэж их зүйлийг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Гэтэл дээрх асуудал ЭМЯ-наас анхаарал тавьж, санаа алдах сэдэв биш юм. Муйхарлан бодвол, эцэг эхийн хэтэвчнээс хараат асуудал юм шиг ээ. Хэчнээн заавар зөвлөмж гаргасан ч тус яамныхан хүүхдийг хоёр нас хүртэл нь хооллоод байхгүйгээс хойш “Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” гэдэг шиг ЭМЯ санаа тавьж, сайрхах асуудал огт биш.
Нөгөөтэйгүүр, хүн гэдэг амьтан ЭМЯ-наас хүүхдийнх нь идэж, уухад анхаарал тавьсан, тавиагүй үрээ хооллох үүрэгтэй төрдөг. Тиймээс өнөөдөр аль нэг гадаадыг даган намирч, хэтэвч нь дэлхийтэй жишээгүй монголыг дэлхийн жишигт нийцсэн хоол хүнс, витамин хэрэглэ, хэмээн ярих нь ямар ч үр дүн дагуулахгүй л болов уу.
Үүнийхээ оронд эх үр хоёрыг эсэн мэнд амаржуулчихаад идэж, уухыг нь зохицуулбал, болох уу. Нэгэнт л семинар нэртэй сэм найранд сууж, номын дуу сонссоноор айлын хүүхэд асар хурдан өсөхгүйгээс хойш, “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” бэлдэх нь зохимжгүй.
Эсвэл элдэв янзын төслөөс мөнгө цохидог шилэрсэн аргын нэг нь энэ ч байж болох. Том, том төсөл ярьчхаад эцэст нь гарын авлага гэсэн жижигхэн ном бүтээгээд 50, 60 саяар бүтсэн хэмээн тайлагнаж суудаг түүх бий шүү дээ, бидэнд.
Тиймээс цаг үеэ олоогүй дээрх семинар алдар нэр, албан тушаалаа авч үлдэхийн тулд ажил хийж харагдах гэсэн ач холбогдолгүй зүйл болов. Түүнчлэн эхчүүд төрөх оргүй байхад эмч нар шилтгээнд хуралдаж байгаа нь өөрөө эмзэглэмээр асуудал юм.
Ааруул, ээзгийнхээ ачаар өсгөлүүн торнидог эгэл боргил бид “Гай болохоор зай бол”, “Хошуу нэмснээс хуруу нэм” гэж ч сургасаар ирснийг сануулж байна.
Б.Ширнэн
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих