“Далан давхар”-ын шарилуудыг чандарлан суварганд зална

f3b7d00e27b0a5dc4c01d70ac1e42c7f_LНийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Самбалхүндэв”-ийн буюу “Далан давхар”-ын оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох санаачилга гарган төсөл боловсруулжээ. Уг төслийн анхны нээлттэй хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэний танхимд хийлээ.

“Далан давхар”-ын оршуулгын газар 1950 оноос бий болж, 1987 онд албан ёсоор хаагдсан ч иргэд өнөөг хүртэл бурхан болоочдыг нутаглуулсаар байгаа юм. Нийслэлд жил бүр дунджаар 5600 хүн нас бардаг гэсэн мэдээлэл бий. 137 га талбайг хамран оршиж байгаа тус оршуулгын газар энэ хэвээрээ байвал 10 жилийн дараа 1100 га болно хэмээн санаачлагчид танилцууллаа. Одоогийн байдлаар тус оршуулгын газарт 250 мянган шарил байгаагийн 150 мянга орчмынх нь нэр, хаяг тодорхой бус байгаа аж. Тиймээс эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр дээрх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийн үндсэн зорилго нь оршуулгын газрыг цэвэрлэж, тэлэлтийг хязгаарлах, олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, шинэчлэх юм байна. Ингэхдээ, хуучин шарилыг чандарлан суварганд залах, дурсгалын цогцолбор, суварга барих, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах юм.

Хэлэлцүүлгийн дараа Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Концесс төр, хувийн хэвшил, инновацийн хэлтсийн дарга Д.Ганбатаас дараах зүйлийг тодруулсан юм.

 -Төслийг хэдий хэр хугацаанд явуулахаар төлөвлөсөн бэ. Олон шатны хэлэлцүүлэг явагдана гэж байсан. Энэ тухайд?

- Уг төсөл олон үе шат бүхий нүсэр ажил учраас тодорхой хугацаа товлох нь хэцүү юм. Өнгөрсөн сарын 23-30 хүртэл “Та Далан давхрын оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжиж байна уу?” гэсэн асуулгыг “Мобиком”-ын 50 мянган хэрэглэгчдэд тавьсан ч иргэдийн идэвхи их сул байсан. Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран судалгаагаа өргөжүүлж, илүү олон хүнийг хамруулахаар ажиллаж байна.

-Төслийн гүйцэтгэгчээр ямар байгууллага ажиллахаар тодорсон бол. Мөн санхүүжилтыг хаанаас шийдвэрлэхээр болов?

-Төслийг гүйцэтгэхээр шалгарсан хувийн байгууллага эхний ээлжинд өөрсдийн зардлаар хийсний дараа Нийслэлийн төсвөөс зардлыг нөхөн олгох юм. Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байна.

-Далан давхарт далд оршуулсан хүмүүсийн шарилыг дахин чандарлуулбал гэр бүлийнхнээс нь 680-780 мянган төгрөг гарна гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Тухайн нутаг дэвсгэрт оршуулсан хүмүүсийн ар гэрийнхнээс төлбөр мөнгө авахгүй. Иргэдийн зүгээс зөвхөн мэдээллийн сан бүрдүүлэхэд л оролцох юм. Нийслэлийн төсвөөс хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэнэ.

-“Далан давхар”-ын оршуулгын газарт дийлэнх нэр хаяг нь тодорхойгүй шарилууд байгаа гэж байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?

-Эл төслийн гол ажлын нэг нь “Иргэний санал хүлээн авах” төв байгуулах юм. Энэ төвд бүх бүртгэл, нэр хаяг олж тогтоох ажлыг хийнэ. Өөрөөр хэлбэл, бурхан болоочдын ар гэрийнхэнтэй ярилцаж, тодруулсны үндсэн дээр нас барагсдын мэдээллийн санг бүрдүүлж, чандарлах үйл ажиллагаа явуулах юм. Түүнчлэн тус оршуулгын газарт зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна.

 Х.Цолмон

 

/Монцамэ агентлаг/

 


URL:

Сэтгэгдэл бичих