Б.Амартүвшин дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ

Б.Амартүвшин дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-д өчигдөр эхэллээ.

Энэ удаагийн дэлхийн аваргад 79 орны 532 жүдоч өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр Монголын дөрвөн жүдоч барилдснаас 50кг-д Б.Амартүвшин хүрэл медаль хүртлээ.

Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Болгарын бөх Иванов Дениславыг юүко үнэлгээгээр ялсан юм. Дараагийн тойрогтоо Колумбын бөхийг ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн жүдоч Бегларашвили Робинзонд юүко үнэлгээгээр ялагджээ.

Гүржийн бөх хагас шигшээд Японы бөхийг ялж финалд үлдсэн учир манай бөх дагах барилдаан хийх эрхтэй болсон.

Тэрээр АНУ-ын бөхийг барилдаан эхлээд хоёр минутад цэвэр ялснаар медалийн төлөө барилдлаа. Хүрэл медалийн төлөө Гүржийн бөх Наглиашвили Торникетэй барилдаж манай бөх 1:44 секундэд вазари, 3:13 секундэд юүко үнэлгээ авч 3:47 секундэд өрсөлдөгчөө цэвэр ялснаар өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

У.Бадам


URL:

Сэтгэгдэл бичих