“2923 айлд хог хийх уут үнэ төлбөргүй тараасан”

“Хог хаягдлын шинэ менежент” төслийн дагуу өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс эхлэн зориулалтын хогийн уутыг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ.

Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүрэгт зориулалтын хогийн уутыг тараалаа. Энэ талаар Улаанбаатар хотын Нисэх дэх захирагчийн албаны дарга А.Дамдингаас тодрууллаа.

-“Хог хаягдлын шинэ менежмент” төслийн хүрээнд ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өнгөрсөн тавдугаар сард гаргасан захирамжийн дагуу “Хог хаягдлын шинэ менежмент”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжинд өнгөрсөн зургадугаар сарын 15-наас зуслангийн 20 аманд амьдарч байгаа иргэдэд “Азийн цагаан дагина” гэсэн зориулалтын хогийн уутыг таарсан. Одоо анх удаагаа гэр хорооллын айлуудад хогийн уут тараагдаж байна.

-Тус дүүрэгт нийт хэчнээн өрх айлд хогийн уут тараагдав. Нэг айлд хэдэн ширхэг уут тарааж байна вэ?
-Туршилтаар эхний ээлжинд Хан-Уул дүүргийн VIII хорооны 2923 өрх айлд өглөө. 60х80 см хэмжээтэй тунгалаг ногоон өнгөтэй уг гялгар уутыг анх зуслангийн айлуудад сард 15 ширхэгийг өгсөн. Харин гэр хорооллын айлуудад сард 20 ширхэгийг өгч байна.

-Хог хаягдал хийх учраас уутны чанарт нэлээд сайн анхаарсан байх?
-Уг тараасан уутанд айл өрхүүд зөвхөн ахуйн хэрэглээний хог хаягдлыг хийх ёстой. Гэр хорооллын орчинд буюу үнс нурам элбэгтэй хатуу хог хаягдал ихтэй байдаг хэсэгт анх удаа уут тараагдаж байна.

Ер нь “Хог хаягдлын шинэ менежмент”-ийн талаар одоо ч яригдсаар байгаа. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд цаашид ямар ажил хийж хэрэгжүүлэх талаар бид судалсаар байгаа. Тараасан уутыг зөв зохистой хэрэглэх, зориулалтын уутанд хогоо хийчихээд хаа хамаагүй газар аваачиж хаях зэрэг үйлдлийг хянаж байх болно.

Хэрвээ дээрх үйлдлийг гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх буюу Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, аж ахуйн нэгж байгууллагуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно гэсэн заалт байгаа.

-Зориулалтын хогийн уутанд хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ. Туршилтын үр дүн хэзээ гарах вэ?

-Нийслэлийн хэмжээнд тус хогийн уутанд зориулж таван тэрбум орчим төгрөг зарцуулсан. Туршилтын үр дүн сарын дараа хог ачих үед мэдэгдэх байх гэж бодож байгаа. Ер нь энэ ажил их зөв зүйтэй алхам болсон гэж бодож байгаа.

Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын менежент талаасаа уг ажил анхны ажил хэрэг болж байна. “Азийн цагаан дагина” хогийн уут цаашдаа хүрээгээ тэлж зөвхөн ахуйн хэрэглээний хог гэхгүй бусад ангилалын уутнуудыг бий болговол зүгээр байх гэж бодож байгаа.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих