Шоу зохиож, хууль санаачилъя

Сүүлийн үед бороо хур­тай өдрүүд үргэлжлэх болж. Улаанбаатарын гудамж тал­бай усанд автаж, автомашинууд замын голд түгжрэл үүсгэн зогсох нь элбэг. Тэгж байтал сэлүүхэн талбай ч их харагдана. Түүгээр нь жолооч нар автома-шиныхаа хурд хүчийг сорин, явган зорчигдод ид хаваа гайхуулан явах нь сайхан. Ингэж хэлэхийн учир нь автозам дээр тогтсон шал­баагтай холбоотой. Жил бүр зам засварын ажил хийдэг ч энд тэнд яаж ийж байгаад борооны ус тогтчих нүх гар­чихдаг нь гоё. Тэр хавиар нь явган зорчигч явж таарвал машиныхаа хурдыг нэмж, жиг­тэйхэн баатарлагаар шав­хай цацан явдаг нь бүр гайхамшигтай. Хаашаа харж байгааг нь мэдэхийн аргагүйгээр тас хар шил зүүж, “Лексус 470” унаж яваа залуу ус тогтсон нүх, явган зорчигч харахаараа жигтэйхэн баярлаж, хурдална. За тэгж байтал хээнцэр хув­цасласан залуухан бүсгүй замын хажуугаар алхаж явааг харсан жолооч нар мөнөөх шавхайн дээгүүр мөн л хурдтайгаар туучна. Бага байхад усны гутал өмсчихөөд хаана шавхай, шалбааг байна, түүнийг олж хараад гүйж очин дотор нь орж дэвхцдэг байсан. Тэгээд том­чууд яагаад ингэдэггүй юм бол гэж гайхдаг байв. Ха­рин арай учир мэддэг бол­сон хойноо “Багачууд яа­гаад шалбааг хайдаг юм бол” гэж гайхшрах болсон. Тэгвэл одоо явган зорчигчид “Жо­лооч нар яагаад шалбааг харахаараа баярладаг юм бол” гэж гайхаж явна. Харин жолооч нар “Алхаж байгаа хүмүүс яагаад уурладаг вэ” гэж толгойгоо маажих нь энүүхэнд. Ямартай ч энэ муу борооноос болж жолооч нар болон явган зорчигчдын хооронд зөрчил, маргаан их гарах болсон юм. Тэр ч байтугай машингүй хүмүүс нь “Шалбаагаар норгосон жолооч нарын машиных нь араас чулуу шидэхийг зөв­шөөрсөн хуулийн төсөл санаачилъя” хэмээн санал гом­дол гаргах төлөвтэй бай­на. Харин жолооч нар тэд­нээс шал өөр зүйл бодож байгаа. Тэд яваандаа үүнтэй хол­боотойгоор “Хэн явган хүмүүсийг сайн норгох вэ” уралдаан зарлаж, “Шалбааг 2” шоуг хэдэн жил дамнан зохион байгуулъя хэмээн хөөр­цөглөж байна. Тэгэхээр бороо хур ихэссэн зуны өд­рүүдэд энэ мэтийн асууд­лыг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалтаас гадна телевизийн реалити шоу мэтийн зүйл дутагдаж байх шиг. УИХ-ын гишүүд болон шоу менежерүүд хийх ажилтай л байгаа юм байна.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих