Тоглолтын эхлэл, томдсон мэдэгдэл

8-12-3МАН-ынхны байнга хэлдэг, хэлэх дуртай үг нь “Энэ нам үеийн үед, цагийн цагт Монгол Улсын хамгийн хэцүү үед, хамгийн хүнд ачааг  үүрдэг” гэж байна. Монголын ард түмэн тэдэнд үүр гэж үүрэгдээд, тэд үүрээд даагаад байдаг байсан юм гэсэн. Гэтэл нэг жилийн өмнөөс Ардчилсан намынхан, тэр дундаа Социад демократаас гаралтай “Алтан гадас” фракцынхан голдуу нөхдүүд өнөөх даагддаггүй ачааг даагаад үүрээд, өргөөд, мань хэдийг хийх ажилгүй болголоо. Хийх ажилгүй хүмүүс данх хоосолж, аяга тагш эргүүлж, “завьж зулгаадаг” нь бичигдээгүй хууль бололтой. Өөрсдийнх нь хэлдгээр үүрэх ачаагүй болсон МАН-ынхан завтай цагтаа хэн хэнийгээ хэмлэж, зүлгэж суух ажилгүй болсныхоо буруутанг хайж, олж, тэгээд түүнийг дарах ажлаа эхлүүлсэн. “Шинэчилье” нэртэй дөрвөн толгойтой нэг сүүлтэй могой амь орсон. Дөрвөн толгойн ашиг сонирхол нэг, амбиц тус тусдаа. Тэдэнд чирэгдэх нэгэн сүүл нь намынх нь нэр хүнд, гишүүдийнх нь итгэл найдвар буй за.

Нэгэнт үүрний хавьцаа хөдөлгөөн өрнөж, хөл толгой сарвалзах болсон учир намынхаа Бага хурлыг хийж, Их хурлаа зарласан. Олноор чуулах тэр өдөр намын дарга хэн байх, түүнийг дагасан хэдэн амбицтан эрх мэдлийн учиг үзүүр атгах нь тодорхой болох учиртай. Энэ өдрийг хүртэл дөрвөн толгойт хөдөлгөөн хийгээд хуучин, шинэ хэн хүнгүй, дээр дооргүй горьдилго тээж эхэллээ. Аравдугаар сарын 27-ны буюу МАН-ын Их хурал хуралдах өдөр хүртэл 40 хоногийн хугацаанд МАН-ын дарга болох горьдлого тээгчдийн багийнхан иймэрхүү сүржин мэдэгдэл, зохиогчтой, үзэгчтэй тоглолтыг удаа дараа хийх байх.

Үүний эхлэл болсон мэдэгдлийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдөр хийлээ. Тэрээр “Эдийн засаг хүндэрсэн энэ цагт УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, төсвийн тодотгол хийх ёстой гэж үзсэн” гэлээ. Тэд Бага хурлаараа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг судалсан дүнг хэлэлцэж, нэн яаралтай улсын гадаад хуралдааг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, экспортын төмөр замын дэд бүтцийг яаралтай байгуулах, транзит тээврийн нөхцөл, баталгаат борлуулалтын таатай нөхцлийг бий болгох ажлыг хугацаа алдалгүй хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн эрх баригчдыг хаах, хязгаарлах, хорих, цагдах гэсэн бодлогоо өөрчилж, хувийн хэвшлийн дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчинг бий болгох, бизнесийн таатай орчинг бүрэлдүүлэх бодитой арга хэмжээ авах үүрэгтэй гэлээ. Төрийн зохицуулалт оновчгүй байгааг дурьдаад, улс төржсөн, гадуурхсан, ялгаварласан төрийн дарамтыг устгах, улс орны хөгжлийн төлөө эдийн засгийн өсөлтийн бодлогыг боловсруулж ажиллах, инфляцийг бууруулж үнийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээг авах, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг хамгаалах, санхүү эдийн засгийн хямралыг нэн даруй зогсоох төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг Засгийн газраас шаардаж байгаа гэлээ.

Энэхүү мэдэгдлээс харахад МАН-ын намын даргын төлөөх ширүүн тулааны нэмэх оноо, тулах цэг нь Шинэчлэлийн Засгийн газар болох бололтой.

Гэхдээ тоглолтын эхлэл болсон энэ мэдэгдэл намынх нь тэр дундаа өдгөө намын эрхийг барьж байгаа нөхдүүдийн нэр хүндтэй харьцуулахад томдчихсон мэдэгдэл болчих шиг болсон. Гэрээ нурааж, барьж, гадаа гэртгүй бужигналдаж байгаа намынхан гэрээ засаад төрөө засахын үлгэрийг санах хэрэгтэй байх.

Э.МӨРӨН

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих