Улсын начин Т.Баасанхүүгийн цолны хүндэтгэлийн наадам болов

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав даван “Улсын начин” цол хүртсэн “Увс нуур” дэвжээний бөх Т.Баасанхүүд хүндэтгэл үзүүлэх наадмыг наймдугаар сарын 9-ний өдөр тэмдэглэлээ.
Баярын хүрээнд дөрвөн насны морьд уралдан, аймаг цэргийн цолтой 64 бөх зодоглож, наадамчин олныг баясгасан уран барилдаануудыг үзүүлсэн юм. Бөхийн барилдаанд Тэс сумын харъяат аймгийн арслан Н.Жаргалбаяр түрүүлж, Тэс сумын харъяат аймгийн арслан Х.Оргилболд үзүүрлэв.
  Баярын үеэр ЗД Д.Цэндсүрэн хэлэхдээ “Бөхийн удамтай Тэсийн ард олноос 12 дахь улсын цолтой бөх төрж байгаа Улсын начин Т.Баасанхүүдээ баяр хүргэе. Т.Баасанхүү маань бие багатай ч гэсэн улсын аварга А.Сүхбатыг санагдуулам үзэгч олныг суудлаас нь өндөлзүүлсэн, хурц дайчин, уран барилдаан харуулдаг билээ.
Улсын цолонд хэзээ мөдгүй хүрэн гэсэн олныхоо итгэлийг дааж улсын начин цол хүртэж ард түмнээ баярлууллаа. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж амжилтаа улам ахиулахыг хүсэе.
Мөн энэ завшаанд улсын заан Д.Бумбаяр, аймгийн арслан Ю.Баттогтох багш нартаа, нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг хангаж улсын цолтой аварга, арслангуудыг төрүүлхэд томоохон хувь нэмэр,сэтгэл зүрхээ зориулж байдагт талархаж байна.
Дөрвөн ойрадын тасархай баяд түмэндээ цог хиймортой, буян заяа дэлгэрч явахын ерөөлийг өргөв”. Улсын начин Т.Баасанхүүд, Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”, мөнгөн аяга, алд цэнхэр хадаг, мөнгөн шагнал гардуулсан юм.
  Шинэхэн начиндаа хүндэтгэл үзүүлэхээрУвс аймгийн Тэс сумын харъяат, “Алдартан” бөхийн дэвжээ, МУ-ын заан Д.Бумбаяр, аймгийн арслан Ю.Баттогтох нарын бөхчүүд уригдан ирсэн байлаа.

URL:

Сэтгэгдэл бичих