Монгол улс валютын нөөцгүй болох вий

Монгол улс валютын нөөцгүй болох вий

-Хөндөх сэдэв-

“Эрдэнэт”-ийн удирдлагууд Хонгконгод нууцаар данс нээж улсын мөнгөөр наадсан хэрэг ойрын өдрүүдэд шуугиан тарих төлөвтэй байна. Төгрөг суларч, үнийн өсөлт монголчуудын нуруун дээр ачаа нэмсээр байгаа бодит үнэнийг халхлах хэмжээнд хүрсэн шуугиан энэ биш л дээ.

Тэгэхдээ эдгээр нь томчуулын бизнес төгрөгийг туйлдуулах хэмжээнд тулж, эцэстээ санхүүгийн системээ донсолгох цэгт хүрч очсоныг харуулж байна.

БОНДЫН МӨНГӨ ХААЧИВ?

Чингис нэртэй бонд гаргаж, анх удаа дэлхий дахинд арилжаалсан Монголын Засгийн газрын сүржин мэдэгдлүүд гадаадын болоод дотоодын хэвлэлүүдийн хуудаснаа одоо ч хуучраагүй байна.

Дэд бүтцийн томоохон төслүүдийг амь оруулж, зам, тээвэр байхгүйтэй адил болсон эдийн засагтаа “хөл” нэмнэ хэмээн Засгийн газар тухайн үед мэдэгдэж байв. Харин өнөөдөр их хааны нэрээр овоглосон өрийн бичгийн төлөөс нэмэгдсэн үү гэхээс биш нүдэнд харагдахаар сүндэрлэсэн бүтээн байгуулалтын сураг алга. 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө энэ бондоор дамжуулан манай улсад орж ирсэн юм, уг нь. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө орж ирсэн нь үнэн л юм бол ам.доллар ховордоод, төгрөг цаас болох шалтгаан үгүй.

Тэгвэл бодит байдал дээр энэ ногоон дэвсгэртүүд хаачсан бэ гэдэг асуулт гарна.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр шинэчлэлийн Засгийн газар бусдаасаа ялгарч, тэмээнээс тэмдэгтэй үлдэхийн тулд үнэ тогтворжуулах, орон сууцжуулах зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд тэрлэж түүнээ амилуулахын тулд өнөөх бондын хөрөнгийг тийш нь цутгачихаж.

Бүр тодруулбал, Засгийн газар Монголбанкийг эдгээр хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд шахаж, татан оруулжээ. Ингэснээр Төвбанк энэ хөрөнгийг арилжааны банкуудад байршуулж, нөгөөдүүл нь барилгын компаниуд болоод иргэдэд хөнгөлөлттэй зээл олгосон байна. Ингэж л Чингис бондын хөрөнгө Монголоор нэг тарсан хэрэг л дээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд Чингис бондыг арилжаалж, энэ үнэт цаасны орлого үүнээс ганц сарын дараа л Монголбанкин дахь Засгийн газрын дансанд орж иржээ. Юун бүтээн байгуулалт, харин ч өнөөх мөнгөний хүү бодогддогоороо бодогдож, харин бид баахан баярлаж, тууз хайчилсан хүмүүс л байлаа.

Хугацаа алдахын хэрээр зөвхөн хүүгийнх нь төлбөрт 50 тэрбум төгрөг үрэгдсэнийг сөрөг хүчнээс мэдэгдэж байсан билээ. Гэтэл өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Ерөнхий сайд бондын талаар мэдээлэл хийх үеэр “Монгол Улсын Засгийн газар “Засгийн газрын үнэт цаас гаргах тухай” УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын заалтыг зөрчиж, Монголбанктай гэрээ байгуулан, гадаадад бага хүүтэй байршуулах, дотоодын арилжааны банкуудад тодорхой шалгуургүйгээр дамжуулан зээлдүүлсэн нь бондын үндсэн зорилгыг илт зөрчиж байна” хэмээн УИХ-ын зарим гишүүн мэдэгдэж байлаа.

Гэвч үүнээс хойш найр, наадмын бэлтгэл гэсээр монголчууд гадаадаас олж ирсэн “ногоон” нь хэрхэн “ууршиж” буйг мэдэх сөхөөгүй өнөөдөртэй золгосон байна. Гэнэт сэхээд эргэж хартал “агнасан” ам.доллар нь бараа сураггүй алга болсон байв. Эцэст нь Монголбанк ханшаа тавиад нуучихгүйн тулд нийлүүлэлт хийсээр нөөц рүүгээ хар дүрж буйг эх сурвалж хэлж байна.

БАНКУУД АМ.ДОЛЛАРАА ШАВХСАН УУ?

“Банкууд ам.доллар гаргахгүй байна. Төгрөгөө валют болгох гээд дийлсэнгүй” хэмээн нэгэн бизнесмэн ярьж байна. Үнэхээр банкуудад байдал ямар байна вэ. Энэ тухай сөхөхийн өмнө Засгийн газрын бонд гаргасан анхны зорилгыг саная. Засгийн газар Чингис бондыг гаргаснаар томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байсан.

Олон нийт ч түүнийг өдөр алгасалгүй нэхэж, амлалтаа хэрэгжүүлэхийг нь шаардаж байгаа. Гэтэл санасандаа хүрэх чадал Засгийн газарт үлдсэнгүй. Өнгөрсөн зургадугаар 14-нд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол Монголбанкинд болсон юм.

Энэ гэрээнд арилжааны банкууд болоод ипотекийн корпорациудын удирдлагууд оролцсон байдаг. Төвбанк арилжааны банкуудад ийнхүү бондын хөрөнгийг дамжуулан зээлдүүлж байх үед нэг ам.доллар 1392 төгрөгтэй тэнцэж байлаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт энэ ханш 1600 төгрөг давж, өчигдөр Монголбанкны цахим хуудаст мэдээлснээр 1563 төгрөг байв. Хөтөлбөр хэрэгжиж, арилжааны банкууд энэ мөнгийг Төвбанкнаас авснаас ханш өссөн бараг 15 хувиар өссөн байна. Тэгэхээр ийм их хэмжээний алдагдалтайгаар арилжааны банкууд төлбөрөө Монголбанкинд буцааж өгнө гэдэг ёстой л их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгч болох нь мэдээж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр арилжааны банкууд өнөөх зээлсэн ам.доллараа барилгын компаниуд болоод иргэдэд хэдийнэ зээлчихсэн.

Нэг ёсондоо байснаа талаар нэг тараачихсан, өнөөх нь зах зээлд шингэчихсэн. Энгийн харилцагчид нь хүртэл хадгаламжаа ам.доллараар солих гээд өрсөлдөж байгаа нь энэ бүхнийг гэрчлээд байна. Чингис бондын хөрөнгийг эргүүлэн төлөхийн тулд арилжааны банкуудад иргэд 15 хувийн алдагдал хүлээж төлбөрөө төлж байна. Бүр цаашлаад бидний хэрэглэдэг импортын ариун цэврийн цаас хүртэл бидэнд энэ алдагдлаар “хачирласан” үнээр хүрч буй хэрэг юм. Бондын мөнгийг эргүүлэн төлж, Засгийн газрын хуудуутай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэж монголчууд бүгдээрээ халаасаа тэмтэрч байна.

ВАЛЮТЫН НӨӨЦ ДӨРВӨН ТЭРБУМААС 2.7 ТЭРБУМ БОЛТЛОО БАГАСЛАА

Төвбанкны http://www.mongolbank.mn/dbgrossreserves.aspx цахим хуудаст дурдсанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай улсын гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрчээ. Энэ дүн өнгөрсөн нэгдүгээр сар хүртэл хадгалагдсан ч түүнээс ганц сарын дараагаас эхлэн эрчимтэй буурсаар өнөөдрийн байдлаар 2.7 тэрбумд хүрээд байна.

“Валютын нөөц арвижсан ч тэр хэрээр улсын өрийг нэмсэн, хаана юунд зарцуулагдаж байгааг ганц хүнээс өөр хэн ч мэдэхгүй Чингис нэртэй өрийн бичиг. Товчхондоо, гунигт дүр төрх. Энэ бонд анх 4.125 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай байсан бол өнөөдөр 92.837 центээр арилжаалагдаж 6 хувь болсон байна. 10 жилийн өрийн бичиг нь бүүр аймаар. 87.245 центээр арилжаалагдаж хүү нь 5.125 ээс долоон хувьд хүрч өссөн.

Ингэснээр Монголын Засгийн газарт итгэж бондыг нь худалдан авсан хөрөнгө оруулагчдыг их хэмжээний алдагдалд түлхэж орхилоо” хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Бид нүүрснээс биш өөрсдөөсөө болж хямарлаа” хэмээх нийтлэлдээ бичсэн юм. Тэрээр мөн “Сандраад нөөцөө гөвөх аюул. Гэтэл хэдэн сарын дараа байдал хүндэрвэл нөөцгүй сууж байх уу, байдал муудахгүй гэдгийг УИХ, Засгийн газар баталж чадахгүй шүү дээ” гэж бас онцгойлон тэмдэглэжээ.

ӨӨРСДӨӨСӨӨ ХАРАМЛАСАН БАЯЛАГ НЬ БАЛАГ БОЛОВ

Одоо бидэнд бонд ч байхгүй, ам.доллар ч байхгүй. Харин зах зээлээр нэг тарж, хахаж цацсан төгрөг, өр төлбөр л байна. Оюутолгойгоо өөрсдөө хөдөлгөж чадахгүй байж гадаадынхнаас баахан харамлаж, үнэн худал нь мэдэгдэхгүй эх оронч “дүрстнүүд”-ээр Монгол Улс хахаж байна. Тэгээд болоогүй, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” нь хувийн хэвшлийнхний босгоод сүндэрлүүлсэн жижиг Тавантолгойн дэргэд алдагдал, гацаа, будлиан, луйврын гайхамшигт жишээ болон “мандаж” байна.

Захиргааны зардал нь л гэхэд нийт орлогынх нь 8-10 хувьтай тэнцэж буйг албаны эх сурвалж онцоллоо. Гэтэл жижиг Тавантолгойн хувьд энэ хэмжээ ердөө л хоёрхон хувьд багтдаг гээд бод доо. Дарга нарын хүүхдүүдийн эрх ямбаа эдэлдэг газар, үрж цацдаг баялаг нь болчихсон. Харин Оюутолгойг өөрсдөө шийднэ гэж баахан том толгойлоод эцэст нь заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй юм байна гэсэн ухааны юм ярьж, хүүхдийн тоглоомноос өөрцгүй зүйл хэлээд сууж байна.

Эцэст нь харамласан юм хар нохойн аманд гэгчээр валют ч үгүй, баялаг ч үгүй монголчууд үлдлээ.

Ж.Цогзолмаа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих